Хэрэйд аймгийн Ван хааны дүү Жахахамбугийн 2-р охин. 1203 онд Чингис хаан Хэрэйд аймгийн мөхөөх үед түүнийг олзлон аваад отгон хөвгүүн Тулуйдаа хатан болгож өгчээ. 1232 онд Өгөөдэй хаан Алтан улсыг дайлаад буцаж ирэх замдаа хүнд өвчлөөд үг хэлж чадахгүй болов. Бөө төлөгч нараар мэргэлүүлсэнд Алтан улсын газар усны эзэд хүн хөрөнгөө сүйтгүүлж, хот балгасаа эвдүүлсний учир хилэгнэж хаанд хор хүргэж буй гэв.
Хүн хөрөнгө, алт, мөнгө, адгуус идээгээр золио өгье гэсэнд өвчин нь илаарь болсонгүй мөртөө улам хүнд болов. Ойр төрлийн хүнээс золио болгож өгье гэсэнд хаан гэнэт нүдээ нээж ус уугаад “юу болов?” хэмээн асуув.
Бөө нар Алтан улсын газар усны эзэд, хүн хөрөнгөө талуулаад ийм өвчин хүргэв. Элдэв бусад юмаар золио өгье гэхэд зөвшөөрөхгүй улам хилэгнэв. Гагцхүү ойр төрлийн хүнээр золио болгоё гэхэд зөвшөөрөөд өвчнийг хөнгөрүүлж байна. одоо яахыг “Зарлиг мэдтүгэй” гэв.
Өгөөдэй хаан “хаан хөвгүүдийн дотроос миний дэргэд хэн байна вэ?” гэсэнд Тулуй “Суут Чингис хаан эцэг минь, дээр чинь ах нар, доор чинь дүү нар байтал хаан ах таныг агт морь шиг сорьж, ирэг хонь шиг барилж үзээд их сууринд суулгаж, олон улсыг захирах дээд үүргийг даалгав. Намайг хаан ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж яв гэсэн билээ, одоо хаан ах таныг алдвал би хэний мартсаныг сануулж хэний унтсаныг сэрүүлэх билээ. үнэхээр хаан ах муужирваас олон Монгол улс өнчирч, ондоо улс баясах болно.
Хаан ахын оронд би золио болъё бөө нар бөөлж залбирахтун” гэв. бөө нар адисласан ус өгч уулгасанд Тулуй Би согтов. “Бэлэвсэн бэрээд, өнчин хүүхдүүдийг минь хөмүүжүүлэн асрахыг хаан ах та мэдтүгэй” гээд муужран унаж нас баржээ. Тулуйг нас барсны дараа Сорхогтани бэх нэгэн удаа Өгөөдэй хааны нэгэн худалдаачныг нь гуйж авах гэв. Өгөөдэй хаан татгалзсанд Сорхогтани бэх: “Миний хайртай хүмүүн хэний төлөө нас нөгчив?” хэмээн шогшин уйлав. Үүнийг Өгөөдэй хаан сонсоод “Сорхогтани бэхийэ үг зөв байна” гээд тэр худалдаачнаа өгөв.
Түүний хойно Сорхогтани бэхийг Өгөөдэй хаан өөрийн хөвгүүн Гүегтээ хатан болгон өгөх гэсэнд Сорхогтани бэх “Хаадын зарлигийг хэрхэн зөрчиж болох аж. Гэвч би эдгээр өчүүхэн бага өнчин хүүхдийг өсгөн хүмүүжүүлээд гарыг нь ганзганд хүргэн, хөлийг нь дөрөөнд гишгүүлсний дараа больё ” гэж шалтаглаад цаараглан түлхэв.
Өгөөдэй хаан нас нөгчихөөсөө өмнө Туруйн захирч байсан их цэргийн дотроос Сүлдүсэн аймаг хийгээд Сөнөд аймгийн 2 мянган цэргийг өөрийн хөвгүүн Хүдэндээ шилжүүлэн өгөв. Үүнд тулуйд үахирагдаж байсан түмний ноёд хийгээд мянганы ноёд сорхогтани бэхийн ордонд ирээд: Чингис хааны зарлигийг үндэслэвэл, Сүлдэсэн аймаг хийгээд Сөнөд аймгийн 2000 цэрэг заавал биднийх болох ёстой. Гэтэл тэднийгр Өгөөдэй хаан хөвгүүн Хүдэндээ өгчихлөө. “Үүнийг бид хэрхэн хүлцэж чадах аж” гэв.
Сорхогтани бэх: “Та нарын үг зөв байна гэвч бидний залгамжилсан болон олсон эд ашгийн дотор дутагдах юмгүй байна. цэрэг ангийн байтугай бид өөрсдөө ч цөм их хааны боллох юм. Юу хийж байхаа тэр өөрөө мэднэ. Бид зарлигийг нь дагавал болчтхно” гэсэнд олноороо бүгд дуугүй болов. Энэ 2000 цэргээс гадна Тулуйн захирч байсан 10 түмэн их цэрэг ба эрт үед Чингис хааны хуваан өгсөн Монгол олон жич Хебей мужийн нэгэн хэсэг хийгээд, Өгөөдэй хааны үед хуваан өгсөн Хенан Шахши мужийн дөрвөн түмэн өрх, Бухар хотын гурван мянган өрх Хебей мужийн найман түмэн өрх, нийт 12 түм 3000 өрх Хятад, Сартуул иргэнийг цөм Сорхогтани бэх захирч байсан юм.
Tүүнчлэн Сорхогтани бэх бас арга ухаан авьяас билэг төгөлдөр хүн байсан болохоор Өгөөдэй хаан их сууринд сууж байгаа үедээ бас үргэлж төрийн хэргийг түүнтэй зөвлөлдөж байсан билээ. Өгөөдэй хаан нас нөгчсөний дараа түүний хөвгүүн Гүег их сууринг залгамжлах үед эрхэм ноёд хийгээд эгэл ардын хүндэтгэл хайрыг хүртсэн Сорхогтани бэхээр хуран цугларсан олон хүмүүст тоо томошгүй алт, мөнгө, сувд, тана, эд эрдэнэс, хувцас хунарыг түгээлэн өгөв. Сорхогтани бэх өршөөл энэрэл ихтэй мөртлөө Бат хантай бас нягт харьцаатай байсан тул хүмүүс цөм хүндэтгэн үздэг байжээ.
1248 онд Гүег хаан өмчилсөн нутаг эмсдээ очиж өвчнөөн сувилах нэрээр баруунш мордож Батын улсыг чиглэсэн байна. энэ үед Бат хантай нөхөрсөг харьцаатай байсаэ Сорхогтани бэх сэмээр Батын дэргэд хүн илгээж “сэрэмжтэй байгаарай” гэж хэлүүлэв. Энэ мэдээг сонссон Бат хан их цэрэг дайчилж Гүегийг тосхоор зүүнш мордсон байна. гэвч хоёулаа учрахаас өмнө Гүег гэнэт зам зуураа нас баржээ.
Гүег хааныг гашуудан бэлэвсрэлийн ёсыг гүйцэтгэж дуусмагц, Чингис хааны алтан ургийн доторхи ахмад хөвгүүнйи хувиар Бат хаан 4 зүг 8 зовхист элч довтолгон, бусад хан хөвгүүд хийгээд ихэс ноёдлыг дэргэдээ урьж, их хурал хуралдуулан хаан өргөмжлөх учрыг зөвлөе гэв. Өгөөдэй, Цагаадайн угсааынхан түүнд дургүйцэж Чингис хааны нийслэл хот, үндсэн нутаг, өргөө гэр нь Онон Хэрлэн мөрний хөвөөнд байтал бид Хибчагийн тал нутагт юугаа хийхээр очих очих буй? Гээд өөрсдийнхөө оронд хархорин хотын дарга Төмөр ноён нарыг төлөөлөгч болгон томилж явуулав.
Гэтэл Сорхогтани бэх: Хан хөвгүүд ахынхаа үгийг үл ойшоон очсонгүй учир чи олон дүү нараа дагуулж очоод өвчтэй ахдаа бараалах гэж Мөнхөд хэлээд “Бат бол олон хан хөвгүүдийн ах нь болохоор түүний хэлсэн үг ба буулгасан зарлиг нь мөн хууль цааз болох ёстой, иймээс бид нар түүний тогтоосон тогтоол буюу зөв гэж үзсэн зүйлийг цөм зөвшөөрч дуртайяа хүлээн авах болно” гэсэн агуулга бүхий бичиг өгч явуулав.
Энэ удаагын их хуралдаан дээр Мөнхийг Монгол хаант улсын 4-р үеийн их хаан өргөмжлөх гэсэн чимээ дөрвөн зүг найман зовхист тармагц түүний эх Сорхогтани бэх Чингис хааны алтан ургынхныг биедээ татахын тулд бэлэг сэлт хүргэж эхэлсэн бөгөөд ард иргэдийн сэтгэлийг олохын төлөө их хэмжээний өглөг өгч эхэлсэн байна.
1251 онд Мөнх, Монгол хаант улсын 4-р үеийн их хаан өргөмжлөгдмөгц юуны өмнө түүний хаан суухыг илээр эсэргүүцэж байсан Хаймши хатан тэргүүтэй Өгөөдэй, Цагаадайн угсааныхныг дарангуйлахыг зорьж байв. Энэ үед Сорхагтани бэх: Чи хаан суугаад удаагүй тул өршөөлт засаг явуулвал зохино.
Түүнчлэн Хаймши хатан хийгээд түүний хөвгүүдийн асуудал бл төрөл садны хоорондох явдал болохоор нэн ч алгуур аажмаар шийдвэрлэх хэрэгтэй гэж сургасан байна. Гэвч Мөнх хаан эхийнхээ үгэнд үл орон, сургаалд хааш яаш хандан Цагаадай, Өгөөдэйнхнийг дарангуйлж эхэлсэн болохоор Сорхогтани бэх дургүйцэж отгон хөвгүүн Аригбөхөө дагаж Хархориноос баруун хойгуур мал маллан амьдрах болжээ. Тэгээд маш хурдан хөгширч дараа жил 1252 онд нас нөгчжээ.
Сорхогтани бэхээс Монгол хаант улсын 4-р үеийн их хаан Мөнх, Юан улсыг үүсгэн байгуулсан Хубилай сэцэн хаан, ил хаант улсыг байгуулсан Үлэхү, Монгол орноо эзлэн суусан Аригбөх зэрэг үлгэр түүхнээ алдар цуутай дөрвөн хөвгүүн төрсөн юм. Сорхогтани бэх Чингис хааны сургаалаар үр хүүхдээ чанга шаарддаг боловч эгэл ард хийгээд энгийн шашин суртахууны мөргөлтөнд тун их энэрэл хайртай байжээ.
Тиймээс тэр 4 зүг 8 зовхисоос Хархорумд хүрэлцэн ирсэн үгээгүй ядуу хүмүүст өдөр бүр их хэмжээний өглөг өгч түгээл түгээж байсан юм. Сорхогтани бэх өөрөө хэдийгээр Христосын шашныг шүтдэг боловч исламын шашны мөргөлтнийг мөн адилаар энэрч, нэг удаа 1000 өлгий шижир алт өгөөд Бухар хотноо сургууль байгуулж тус суртахууны мөргөлчдийн 1000 хүүхдийг элсүүлэн авч суралцуулсан байна.
Исламын шашны мөргөлчид Сорхогтани бэхийг дурсахын тулд тус сургуулиа “Хатны сургууль” гэж нэрийдсэн байжээ. Өрнө дахины бичиг материалыг үндэслэвэл энэхүү сургууль нь түүхийн урт удаан хугацаанд бүрэн бүтэн хадгалагдаж, одоо болтол Исламын шашны мөргөлчдийн үр хүүхдийг хүмүүжүүлсээр байгаа ажээ.