![527-14454810962400e1b66ae3f573big](http://miss.mn/wp-content/uploads/2015/10/527-14454810962400e1b66ae3f573big.jpg)
Жижигхэн цагаан гарыг минь атган “Миний охин хөөрхөн шүү” гэж өхөөрддөг ижий минь нэгэн шөнөөр үр нь болсон биднээ орхин одсоныг, чуны өглөө нүдээ нухлан сэрж ядан боссон би хожимоо ойлгосон билээ. Ижий минь хүндээр өвдөж, удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэхэд арван хэдхэн настай эгч минь сахиж, аав минь бөртийсэн хэдэн үрсдээ хоол ундыг нь залгуулах гэж ажилласаар хэсэг хугацаа өнгөрсөн билээ.
Дөнгөж чуны хайлган цаг айсуй. Бяцхан дүү минь бэлтгэл ангиа онц дүнтэй төгсч, би хоёрдугаар ангиа дүүргэсэн зуны эхэн сар байлаа. Болжмор жиргэж, нарны туяа ээсэн зуны өглөө аав минь, эгч, дүү бидэн гурвыг дагуулан ээжтэй минь уулзууулна хэмээн гэрээс гарч билээ. Эмнэлгийн үүдэнд очоод хүлээлгийн өрөөний жижигхэн цонхоор эмчтэй уулзаад, аав минь эгч рүү эргэж, “Ээжтэйгээ уулзчихаад дүү нараа дагуулаад хариарай, аав нь ажилдаа явлаа” хэмээгээд биднийг үлдээв.
Удалгүй ээжийг минь тэргэнцэр дээр суулган түрсэн сувилагч цонхон дээр ирлээ. Ижийн минь нүд сүүмгэр, гар нь нарийхан бүр маш нарийхан хөхөмдөг, уруул нь хатсан байв. Хачин их турж, жижигхэн болсон ээж минь бид гурвыг хараад уйлаад л, уйлаад л байв. Эгч минь бас уйлав. Дүү бид хоёр юу болоод байгааг ч ойлгохгүй л байв.
Нүд нь ч цавчихгүй том, том нулимс унагаад, уруул нь өмөлзөөд, ямар нэгэн юм хэлэх гээд байгаа бололтой. Гэтэл сувилагч цаасан дээр бичсэн зүйл харуулав. Түүн дээр “Ээж нь ярьж чадахгүй байгаа, та нартаа хайртай шүү” гэсэн байлаа. Тэр л үед эгчийгээ даган дүү бидэн хоёр нэгэн зэрэг нулимс дуслуулан уйлж билээ. Ээжийн минь мөр, цээж хөддөн шаналан мэгшиж байгаа нь бидэнд мэдрэгдэж байсан юм.
“Одоо яв даа” гээд сувилагч бүсгүй ээжийг минь цааш аваад явчихав. Бодвол ийм агшинг харах түүнд бас л хэцүү байсан буй за. Бид зам зуураа уйлалдсаар явж, гэртээ ирлээ. Оройхон болж аав ч ажлаасаа тараад ирлээ. Ээж мэс засалд орох болсон тул аав эмнэлэг рүү явав. Хорвоогийн бүлээн наран шингэж, бид унтах болж эгч нар минь өөр өөрсдийн амин заяатай дүүгээ өвөртөлсөөр хэвтэцгээв. Шөнө нойрон дунд аав ирэх шиг болоод дуу шуу гарав. Нойрон дундаа хам хум зарим үгийг нь сонслоо.
“Дийлсэнгүй” гэх харуусал гуниг шингэсэн үгийг сонсоод эгч нар хамар нь шуухитнан уйлаад байх шиг, дэндүү бага бид нойрондоо дийлдэн унтчихжээ. Өглөө сэртэл гэрээр дүүрэн хүн, гадаа хашаанд майхан, хашааны үүдэнд аавын ажлын газрын машин, ажлын газрын хүмүүс нь бүгд ирээ юу гэлтэй. Баяр болоод байна л гэж ойлгох шахам гайхаж орхив.
Харсан хүн бүр л “эвий, эвий яана даа” гээд л чихэр жимс өгөөд л, дандаа ирээд байдаггүй хамаатнууд хүртэл ирчихсэн, нэг л хачин. Жаахан дүү миньхэзээний босчихсон, байшингийн урд уйлж байх юм. Юунд уйлаа юм бол гэж бүр гайхав. Эргээд гэртээ ортол ээжийн зурагны өмнө зул байхыг
хараад л сая юу болоод байгааг дөнгөж гадарлав. Гэвч эргэж ирэхгүйгээр явсан гэж төлөвшиж гүйцээгүй ухаандаа ойлгоогүй л юм даа. Ай гэнэн бага насаа гэж. Хүүхдийн баяр дөхчихсөн аав, ээжийн ажлаас ямар бэлэг өгөх бол гэж бодож, өнөөдөр хэдэн билээ гэж хүнээс шалгааж зарим нэгийг нь уйлуулж томоогүйрхэж байсан цагаа санав. Хүмүүс улаан, хар даавуу цуулаад л, урт том тодон хайрцаг авчираад улаан даавуугаар бүрээд байх юм.
Ийм үл ойлгогдох 2, 3 өдөр өнгөрч, хүлээж байсан зургадугаар сарын 1 болов. Гэтэл энэ өдөр бидний хувьд ээжийгээ үдэх сүүлчийн өдөр байв. Тийм ээ, баярын энэ өдөр ээжээсээ бүрмөсөн хагацаж байгаагаа, ахын минь хоолой чичрэн байж унших хагандын сүүлчийн захиа, аав минь толгой бөхийн зогсох, эгч нар минь ихэр татан уйлах энэ л мөчид би бүрнээ ухаарч, гуниггүй балчир нүднээс минь урссан анхны зовлон, гуниг хагацдын нулимс аандаа мэлмэрэн асгарч билээ.
“Зохиомж” дээд сургууль. ТВ-2
Д.Ягаанцэцэг
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин