Загварынхан дунд Ариунаа Сүри гэх шинэ дизайнер гарч ирэх боллоо. Түүнийг шинэ гэдгийн учир нь Монголд ирээд жил гаруй болж байгаа юм. Тэрбээр Германд мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн сургуулийг дүүргэж, Бремэн хотын урлагийн их сургуулийг хувцас, загвар зохион бүтээгчийн ангийг магистр зэрэгтэй төгсөөд, алдарт “Evelein Brandit” фирмийн анхны монгол дизайнераар ажиллажээ.
“Evelin Brandit” фирмийн захирал Эвилин Брант гэх бүсгүй бол Германы загварын залгалмайлсан эх хэмээн хүндлэгддэг хүн юм. Түүний “Evelin Brandit” фирм нь дэлхийн 14 улсад 200 гаруй дэлгүүртэй бөгөөд энэ брэндийн хувцас дахин давтагддаггүйгээр онцлог юм. Ийм алдартай фирмд Монгол бүсгүй Ариунаа Сүри хоёр жил ажиллаж, хавар зуны, намар өвлийн дөрвөн удаагийн коллекцио гаргасан байна. Мөн алдарт загвар өмсөгч Хайди Клумтай хамтран шоунд оролцож байсан юм билээ. “Evelin Brandit” фирмд ур чадвараараа гайхагдаж байсан Монгол бүсгүй өдгөө “Говь” компанид уригдан ажиллаж байгаа юм.
М.Урин /news.mn/