Таны хүүхэд хоол харахаараа цааш нь түлхээд эсвэл зугатаж гүйгээд байна уу. Наснаасаа эсвэл эргэн тойрны хүчин зүйлсээс хамаарч хүүхдийн хоолны дуршил буурах нь элбэг байдаг. Энэ үед хүүхдийн хоолны дуршлыг хэрхэн нэмэх талаар “Баянзүрх” эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Ё.Алтанцэцэгийн зөвлөгөөг хүргэж байна.
ЧИХЭРЛЭГ ЗҮЙЛИЙГ НЬ ААЖМААР БАГАСГААРАЙ
Эхийн сүүгээр хооллож байгаа нэг нас хүртэлх хүүхэд хоолны дуршил сайн байдаг. Харин хөхнөөс гарч, нэмэлт хоол тэжээлд орох үед хүүхдийн хоолны дуршил буурдаг. Учир нь ногооны зутан зэрэг нэмэлт хоолны амтанд хүүхэд дасдаггүй. Чихэрлэг нялуун амттай сүүнд дассан байдаг учир давсаар амталсан ногооны зутан, нухаш амттай санагддаггүй байна. Энэ үед нь жаахан заль хэрэглэж чихэрлэг зүйлийг нь аажмаар багасгаж өгөөрэй.
ХОДООДНЫ ШҮҮС ЯЛГАРАХ ЯВЦ ЗОГСОНГИ БОЛНО
Хүүхдээ хоол идэх үед нь тоглоом, зурагаар бүү саатуул. Хоолондоо биш тоглоомонд анхаарал сарнисан хүүхдийн ходоодны шүүс ялгарах явц зогсонги болж, саатсанаар хоол шингэх удааширдаг.
ХҮЧЭЭР ХООЛ ӨГЧ БОЛОХГҮЙ
Хүүхдэдээ хүч хэрэглэн хоол идүүлж болохгүй. Энэ нь муу үр дагавартай. Айлгаж албадан идсэн хоол хүүхдийг маш удаан хугацаагаар хооллох сөрөг явцтай болгодог. Хүүхдээ идэхгүй гэж зөрүүдэлбэл түр хойшлуулж хэсэг хуга-цааны дараа дахин өгөх хэрэгтэй.
ХООЛНЫ ДУРШИЛ БУУРАХ НЬ ӨВЧНӨӨС ХАМААРАЛТАЙ
Хүүхдийн хоолны дуршил гэнэт буурах нь өвчнөөс хамааралтай байж болно. Өвдсөн хүүхдэд хоол идүүлэх гэж шахах хэрэггүй. Харин шингэн юм сайн уулгах хэрэгтэй. Өвдөж, хоолны дуршил нь буурсан хүүхэд турах нь элбэг. Гэвч эдгэрэх үед хоолны дуршил эргэн хэвийн болох тул санаа зовох хэрэггүй.