Өндөр өсгийт

gutal

Товч агуулга:

  • Мода эргэсэн ч Монголд өндөр өсгийт хуучирдаггүй
  • Өсгийн дээр ганган ч өвдөхийн зовлон ихтэй

Та анзаарсан уу? Монголоос өөр оронд өндөр өсгийтэй гутлын хэрэглээ тун бага байдаг гэдгийг. Аль ч улс оронд өндөр өсгийт өмссөн бүсгүйчүүдийг баасан гарагийн үдшийг эс тооцвол бараг олж харахгүй. Албан ажилтай бүсгүйчүүд нь аль хөлд эвтэйхэн шаахайг илүүд үзнэ. Өсгийтэй байлаа гэхэд гурван хуруугаас хэтрэхгүй.

Тэгээд бодлоо л доо, Монгол охид бүсгүйчүүд яагаад төө өндөр гуталтай  явах тийм дуртай юм болоо гэж… Хэн тэдэнд өндөр өсгийт өдөр бүрийн хэрэглээ гээд хэлчихсэн юм бол. Албан ажилтай бүсгүйчүүдийг байг гэхэд өдөржин зогсож ажилладаг дэлгүүрийн худалдагч, угтагч, автобусны тасалбар түгээгч хүртэл өндөр өсгийтийн өндөр хэрэглээтэй улс бид.

Өвдсөн ч, ядарсан ч өсгийт дээр өдөржин явна гэдэг өөрөө “урлаг. Хөлөө бохируулахгүй, нуруугаа бөгтийхгүй, хажуулдаж гишгэхгүй, шагайгаа мултлахгүй явна гэдэг “хосгүй” чадвар шүү бас. Өвөл мөстэйд, хаварт шороотойд, зун  бороотойд, намар салхитайд яарвал гүйнэ, хөөгдвөл зугтана. Монгол бүсгүйн тэсвэр хатуужил, чадал орчин үед өндөр өсгий дээр гардаг гэхэд буруудахгүй. Шороотой замаар тоос татуулан шовх өсгийн мөр гаргаж яваа тэд бол тэсвэр тэвчээрийн туйл юм.

Харин бусад улс оронд өндөр өсгий өдөр тутмын хэрэглээ биш. Үүнээс үндэслээд одоо наад дээрээсээ буу гэж бүсгүйчүүддээ зөвлөмөөр байна. Цаг уур тааламжтай, явган хүний зам харгуйгаа зуун хувь шийдсэн газрын бүсгүйчүүд хүртэл хааяа л нэг өсгийт өмсч гангардаг. Тэгэхэд манай явган хүний зам тасардаг, зай руу нь өсгий ороод хугардаг, шороогоор туучдаг тул зовлон их. Өндөр өсгийт өвөлд ганцхан давуу талтай нь дагтаршсан цасанд өсгийгөө зоож унахгүй явах.

Өндөр өсгийтийн эхний дүрэм нь:

Хааяа өмсөх

Дараагийн дүрэм нь:

160 см хүртэл өндөр нуруутай бол -Өсгийний хэмжээ 3 см

160-165 см өндөр нуруутай бол-Өсгийний хэмжээ 3-5 см

165-170 см өндөр нуруутай бол- Өсгийний хэмжээ 5-7 см байна.

Өсгийтөөс үүдэх өвчин

Өсгий хэт өндөр байгаа тохиолдолд шилбэний болон тавхайн булчингууд ихээхэн сунадаг. Эвгүй гишгэх үед энэ нь эдгээр булчингуудыг гэмтэхэд хүргэж болзошгүй юм. Ингэхдээ зөөлөн эдүүдэд бичил урагдалт үүсгэх эрсдэлтэй. Энэ нь удаан хугацаагаар, мөн байнга давтагдаад байвал үе мөчний уян хатан байдал алдагдахад хүргэнэ.

Өсгийт өмссөн үед тэнцвэрээ олохын тулд  мөрөө хойш нь гэдийлгэх үед өөрийн эрхгүй бүсэлхийний хэсгийн нурууны үеүдэд нэмэлт ачаалал ирдэг. Нурууны булчингийн хөгжил муутай хүний хувьд энэ нь сөрөг үр дагавар авчирна. Хэрэв хүндэрвэл зөвхөн бүсэлхий хавиар нэмэлт ачаалал өгөөд зогсохгүй түүнээсээ гүнзгийрэн нөхөн үржихүйн эрхтнүүдэд нөлөөлдөг байна. Хөлийн уланд тууш болон хөндлөн гэсэн хоёр төрлийн тэнцвэрийн шугам байдаг. Эдгээр шугамууд нь явж, гүйж, үсэрч байхад пүрш адилаар доргилтыг зөөлрүүлдэг. Харин өндөр өсгийтэй гутал өмссөнөөр бид тууш шугамыг “ажлаас нь халж” байдаг юм. Ингэснээр хөндлөн шугамд хоёр магадгүй гурав дахин  их ачаалал ирдэг байна. Энэ байдал удаан үргэлжилбэл хөлийн улны хэлбэр алдагдах сөрөг үр дагавартай.

Хүйтнээрээ дэлхийд  хоёрт жагсдаг хотын эмэгтэйчүүд өвөлдөө өндөр өсгийт дээр явдаг гэвэл чамгүй хачирхалтай мэдээ болно, гадныханд. Харин өөрсдийнхөндөө өндөр өсгийт өдөр тутмын хэрэглээ биш, зөвхөн манайд л байдаг хөгширсөн мода юм байна шүү гэж яаж ойлгуулъя даа байз…

www.profile.mn


Өндөр өсгийт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Anonymous Огноо: 5 November 2015 Reply

таалагдлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.