Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Аравт” түүхэн сэдэвт киноны эргэн тойронд сонирхолтой үйл явдал өрнөсөн хэвээр. Тус киноны ганц эмэгтэй дүрд тоглосон УДЭТ-ын залуу жүжигчин Д.Ганцэцэг зураг авалтын явцад олон зүйлийг олж, мэдэж авсан гэх. Тэрбээр энэ тухайгаа “Увс нутаг маань байгалийн үзэсгэлэнгээрээ хэн хүний анхаарлыг татсан газар. Жилийн дөрвөн улирлыг ганцхан сард үзэх боломжтой гээд бод доо. Ямар сайндаа зураглаачид хүртэл биширч, яг л гадаадад зураг авсан юм шиг харагдаж байна гээд баярласан. Миний тоглосон гол дүрийн бүсгүйд олон баатар дурласан. Би ч бас эгэл баатарт /Б.Амарсайхан/ сэтгэл алдарсан байх шүү. Гэхдээ хажуугаар нь Баасан ахыг үнэхээр их биширсэн.
Үс залгуулах, нүүр будалт хийлгэх гээд өглөө эрт босоход Баасан ах хамгийн түрүүнд гарчихсан, уулын орой ширтээд бодлогоширч зогсдог. Тэр харц, намба төрх, бас үг яриа, үйл хөдөлгөөн нь ямар сайхан харагддаг гээч. Би бүр харсаар байгаад дасал болчихсон, сэтгэл дотроо ямар сайхан хүн бэ гэж бодож байлаа” гэж ярьжээ. ӨМӨЗО-ны кино үйлдвэр болон, БНХАУ-ын I зэргийн жүжигчин Б.Баасанжав урьд нь “Чингис” киноны гол дүрд тоглосон болоод ч тэр үү. Залуу бүсгүйд Чингис хаан шиг цаанаа л нэг ихэмсэг, бас сүрдмээр харагдаад байсан аж. Харин цаадах нь түүнд “Чингисийн суудлаас бууж, эгэл баатрын сэлмийг атгаж үзлээ. Гэхдээ энэ бүхэн хоорондоо ялгаагүй. Яагаад гэвэл, их эзэнт гүрний нэгэн түүх дор зүрх сэтгэл минь цохилж байгаа учраас тэр” гэж тайлбарлан жүжигчний уран чадварын тухай сургамж хэлсэн гэнэ лээ.
Р.Есүй
20 жилийн өмнөөс эхэлсэн омогшил
Энэ үгийг саяхан Д.Сэр-дарам гэх эрдэмтэн телевизээр ярьж байхыг сонсов. Үнэн байж таарна. Бид чинь аль эртнээс л \Мэдээж Чингисээс хойш\ цөөхүүлээ улс шүү дээ гэх гутрангуй үзэлд автсан ард түмэн. Чингисийн үед яахав, дэлхийн талыг эзэлсэн хүчирхэг гүрний иргэн гээд цээж дэлдэж явсан биз. Монгол гэхээр хэн хүнгүй л морин дэл дээр тахир сэлэм эргэлдүүлэн давхих баатар эрс л гэж санаандаа төсөөлдөг байсан нь лав. Жишээ нь, хятад хүн бүр карате ч юм уу, күн фу Шао Лин сүмд хичээллэдэг, япон хүн бүр бүсэндээ сэлэм хавчуулсан самурай \гэдсээ хүү татахаас ч буцахгүй\, эсвэл сумоч, итали хүмүүс болохоор дуурийн дуучин, эсвэл мафийн гишүүн, швейцарьчууд бүгд хязгааргүй баян, германчууд их цаг барьдаг, нягт нямбай гэхийн зэрэгцээ фашист маягийн догшин зан араншинтай байж магадгүй, орос эрчүүд мэдээж архийг стакан стаканаар нь хөнтөрч таарна гэхчилэн төсөөлдөгтэй адил юм даа. Өөрөөр хэлбэл, тэдгээр үндэстнүүд сайн, муу алин боловч дэлхийд танигдсан өвөрмөц онцлогтой болоод тэр. Юугаараа баян түүгээрээ гэдэг шиг тухайн улс орондоо хамгийн их дэлгэрсэн, тогтсон хэв шинжиндээ тулгуурлан олны танил болдог гэхээсээ илүү тухайн чанар нь үндэсний бахархлаа үр удамдаа үлдээх хэлбэр ч юм билүү.
Төгсгөл нь III нүүрт
Түрүүч нь I нүүрт
Харин Монголчууд бид энэ талаараа тун дулимаг. Саяханыг хүртэл гадаад улс оронд очсон Монголчууд Монгол гэж хэлэхээсээ ичээд Япон, Солонгос гэдэг байсан тухай яриа бий. Яагаад гэхээр дэлхийн олон улс орны иргэд Монгол гэж бие даасан улс байдаг тухай огт мэддэггүй байв. Мэдэж буй хэсэг нь болохоор Хятад, Орос хоёрын колони, мөхөж буй улс, маш ядуу, бүдүүлэг, хир бөөсөндөө баригдсан \Түвдүүдийн тухай тиймэрхүү кино үе үе гардагтай төсөөтэй гэхэд болно\, өтөг бууц ханхлуулсан хөдсөн дээлтэй, махир хоншоортой том гуталтай, түүхий мах иддэг ухааны л төсөөлдөг байсан нь үнэн. Нилээд боловсролтой нөхөд хүртэл Монгол гэхээр Хятадын монгол уу, Оросын монгол уу гэж асуудаг байсан цаг саяхан даа. Хорь хүрэхгүй жилийн өмнө шүү. Жараад оны үед ЗХУ \тэр үеийн нэрээр\-аас цэргийн ангиуд ирж эхэлж байсан үед юм. Хэдэн орос цэрэг Монгол хүүхдүүдээс “танай энд сургууль гэж байдаг эсэхийг асуугаад, байдаг гэхээр тэгвэл ямар хичээл заадаг юм. Алгебрь, геометр гэж сонсон уу” гэхчлэн сонирхож байж билээ. Тэгэхээр манайтай хөрш, бас “ах” нар гээд байгаа улсын иргэд хүртэл биднийг ингэж л ойлгодог байж. Тухайн үед “нам засгийн томчууд” үндэсний дээл гутал өмссөн төдийгүй уртын дуугаа аяласан, морин хуур гэртээ хадгалсан тохиолдлыг хүртэл хоцрогдсон бүдүүлэгт тооцоод зогсохгүй үндсэрхэг үзэл гаргасан, нам төрийн бодлогыг эсэргүүцсэн, аугаа их Зөвлөлт нөхдийг хүндэтгээгүй хэрэгт унах энүүхэнд байсан нь нөлөөлөхөөс яахав. Албан тасалгааныхаа голд юун Чингис, бүр Сүхбаатар ч биш, Цэдэнбал ч биш, Лениний, эсвэл Сталины, магад ч үгүй Брежневийн зургийг өлгөсөн хүн оноо авдаг байсан гээд бод доо. Гэрийнхээ хойморт аавынхаа, ээжийнхээ зургийг биш мөн л нөгөө орос “ах нар”-ын зургийг тавина. Тэгээд дарга нар бүгд шахам нэгнийгээ дуурайн хоолойгоо шахсан хиймэл өнгөөр, буриад аялага оруулан \орост талтайгаа илэрхийлж байгаа нь тэр\, завсар хооронд нь “но гэхдээ” гэдэг ч юм уу, гол гол үгнүүдийг оросоор хэлэхийг хичээнэ. Орос эхнэртэй хүн бол “тэнгэрийн умдаг атгалаа” л гэсэн үг. Албан тушаал дэвших магадлал өндөрсөөд л явчихна. Ямар сайндаа ЗХУ-д нэгдэж, нэг автономит улс болох тухай санал дэвшүүлж байхав. Ерэн оны хувьсгал ялаагүй бол ер юу гэгч болж төгсөх байсныг бодохоос аймаар. Хаа очиж манай бөхчүүд, ардын дуу бүжгийн чуулгынхан, за тэгээд малчид маань л үндэсний уламжлал, зан заншил, дээл хувцас, соёл урлагаа авч үлдсэн байх шүү. Дээр цухас дурдсан үеийг бодвол ч төрөл арилжсан шүү. Энд тэндхийн хурал, чуулганд очихдоо Монгол гэж том дуугардаг, цээж ханхалзуулдаг болсон нь үнэн. Төрийн томчуул хүртэл Монгол дээл хувцсаараа гангардаг, бараг бүгд морь уядаг \хэнх нь алдарт, манлай уяач гээч\, өөрийн гэсэн бөх \арай хувийн гэдэггүй байх\-тэй ч байх. Баяр наадмын үеэр төрийн далбаагаа хийсгэхээс эхлээд, байшингийнхаа дээврийг хүртэл төрийн далбааны өнгөөр алаглуулан буддаг болсон байна лээ. Энэ ч арай дэндсэн хийрхэл болов уу. Төрийнхөө хойморт Чингис хаан \Энхтайвантай адилхан хийсэн ч гэсэн яахав\-ныхаа хөшөөг босгоод авснаас эхлээд цорийн ганц Нисэх буудал, Ерөнхий сайдынхаа хувийн буудал хоёрыг Чингис хаан гэж нэрлэсэн гэхчлэн олон нааштай “үндэсний үзлийн сэргэлт” байгаа шүү. Архи, тамхи зэрэг жигших учиртай зүйлээ Чингисээрээ нэрлэсэн нь тийм ч оновчтой “омгорхол” биш гэж олон хүн үздэг юм билээ. Хаа холын Лондонд хүртэл Чингисийн хөшөө \Бусад хүмүүст хэрхэн төсөөлөгдсөнийг бүү мэд. Модернист Чингис юм гэсэн. Модерн зодернийг нь ойлгодоггүй мань мэтэд бол хадны мангаархуу л харагдсаныг нуух юун\ -гоо босгочихоод хэл ам татлаж амжлаа. Тэглээ ч гэсэн ололт биш гэж үү. Хаана ч очсон “Би Монгол хүн” гэж ам бардам хэлнэ гэдэг том бахархал мөн. Дээхэн үед “маде ин Монголиа” гээд онигоонд орж байснаа бодвол “айм фром Монголиа”-гүй хүн бараг үлдээгүй. Бас болоогүй ээ. Чингис хаан.. олимп…Түвшинбаяр, Ууганбаяр, Гүндэгмаа …сумо …Асошороёю, Хакухо … гэхчлэн гайхуулах юм олонтой. Энэ бүгд бол бидний хойч үе Монгол хүн болж төрснөөрөө бахархах том жишээ мөн шүү.
Мөнгөний төлөө юу ч хийхээс үл буцах Монголчууд өсөн өндийж байна
Монгол Улс албан ёсоор 2,7 сая хүн амтай. Цөөвтөр нь үнэн. Гэхдээ дэлхий дээр 10 сая гаруй Монголчууд тархан аж төрж байдаг. Чамлахаар тоо биш шүү. Сэрдарам доктор “Шведүүд арван сая хүн амтай. Тэгсэн мөртлөө өөрсдийгөө дэлхийн хүчирхэг гүрэн гэж хүүхэд хөгшидгүй үздэг. Тийм итгэл үнэмшилтэй байдаг. Үнэн хэрэгтээ Швед улс Монгол гэх агуу гүрнээс бүр хэдэн зуун жилийн хойно үүссэн улс шүү дээ” гэж онцолж байна лээ. Монгол телевизийн \МҮОНТ\ “Цагийн хүрд”-ийн Мөнхтөр үүсгэн байгуулсан шинэ телевизээр дээрх яриа явсан юм. Одоогийн залууст төдийгүй бодлого боловсруулдаг түшээд, багш сурган хүмүүжүүлэгч нарт ч хэрэг болохоор сонирхолтой ярилцлага. Ерөнхийдөө ололт амжилт, ахиц дэвшил байгаа ч сүүлийн үед “Монгол хүний үнэ цэнэ” алдагдаж байгааг судлаачид анзаарчээ. Хэт улс төржих хандлага газар авч, тодорхой үзэл баримтлалгүй, гаднаас хуулбарлан дуурайсан улс төрийн олон нам эвсэл зөвхөн эрх мэдэл, албан тушаалын төлөө улайрч байгааг харамсан дурдаад, үүнээс болоод залуучууд батлах өвөртлөн хийрхэж байгааг шүүмжилсэн. Үүнээс болоод нам, албан тушаал хөөсөн бүхэл бүтэн шинэ үе өсөн өндийж байгаа нь тун аюултай уршиг, үр дагавар үлдээж мэдэх юм гэдэгтэй маргах аргагүй. Гадаадад арав гаруй жил амьдарч байгаад ирсэн хүн “Монголчууд нэг л биш болчихжээ. Бүгд л мөнгөний төлөө адгасан, тэмүүлсэн хандлагатай болчихож” хэмээн анзаарсан байгаа юм. Үнэн. Дээр дооргүй бүгд л эх орны баялгаас, төсвийн хөрөнгөнөөс, нэгнийхээ халааснаас амжиж илүүг авах \хумслах гэсэн ч болно\ гэж улайран байна шүү дээ. Газар шороо, байгаль дэлхий, ус ургамал юу ч биш. Мөнгө л олж байвал эх орон, ээж аав,нэр төр, үндэс угсаа огт хамаагүй. Дээд боловсролтой өчнөөн залуус мөнгөний төлөө Солонгос, Япон, Америк гээд хаашаа ч хамаагүй зүглэж хамгийн хар бор ажилд нухлуулж байна. Охид бүсгүйчүүд мөнгөний төлөө янхан болж байна. Үнэн биз дээ. Нөгөө “цээж дэлддэг Монгол хүн” маань гадныханд “хулгайч” хэмээн адлагдаж, Монгол бүсгүйчүүд гоё сайхан мөртлөө “энгэр султай” гэх ойлголт түгээж байгаа нь ч бас үнэн. Монголын газар дор асар их алт, эрдэнэс бий. Тэрийг нь авахын тулд эрх баригчдад нь хэдэн доллар атгуулахад болдог гэсэн жишиг ч тогтсон нь ил цагаандаа гарчихлаа. Сүүлдээ бүр сонгуулиа ч явуулж чадахгүй, шүүх хурлаа ч хийж хүчрэхгүй, хэрэг ч илрүүлэх чадваргүй… Монгол орноо хувааж худалдах бөөн хуйвалдаан, өрсөлдсөн уралцаан… Үнэхээр Монгол хүний үнэ цэнэ ийм л хэмжээнд сар жилээр биш цаг хоромоор уруудаж байна биш үү.
Олхонууд ШААБАР