“Миний Монгол” продакшны захирал, хөтлөгч Р.Нямбаяр анх “Үнэн үү” ток шоугаараа энэ салбарт томоохон тэсрэлт, шинэчлэлтийг хийж олонд танигдсан. “Үнэн үү” ток шоугаар хүмүүсийг мууг үзсэн, муухай нэвтрүүлэг хийлээ хэмээн багагүй шүүмжлэлд өртөж байсан. Гэсэн ч энэ салбартаа үнэнч үлдсэн тэрээр дуучин Сэрчмаатай хамтран “Nba & Sally” онлайн ток шоу хийж түүгээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ, магтаал, шүүмжлэл зэргийг хүртсэн. Хамгийн сүүлд “Хайртай” хэмээх ток шоуг хийж эхлүүлэн үзэгчиддээ эхний дугаараа хүргэж амжсан хөтлөгч маань саяхан нэгэн халаасны хулгайчтай тэмцэж, өөрийн эд зүйлээ алдалгүй өнгөрөөсөн талаараа цахим хуудсандаа бичжээ.
Тэрээр “Эмнэлэгийн хаалгаар гарах тэрхэн мөчид цэвэрхэн хувцас өмсөж,үнэртэй ус сэнгэнүүлсэн залуу миний халааснаас утсыг минь сурамгай гэгч нь сугалан авлаа. Ушу,карата,зодооны урлагаар огт хичээллэж байгаагүй ч гэсэн унаган багын сахилгагүй зан гэнэт дэврэн түүнээс дутахгүй сурамгай хөдөлгөөнөөр хөнгөхөөн элэгдэнгээ гараас нь утсаа аваад машины зүг гудиггүйхэн алхлаа.Хулгайч нарт миний дургүй гэж…” хэмээжээ.
Т.Ганаа