Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор тодорсон мисс Н.Àну өчигдөр БНХÀУ-ын Хайнан арал дахь Санья хотыг зорилоо. Түүнийг хилийн дээс алхахаас өмнө наадамд хэрхэн бэлтгэсэн талаар цөөн хором ярилцсан юм.
Таныг эх дэлхийн гоо бүсгүй шалгаруулах наадамд сүүлийн хэдэн сар эрчимтэй бэлтгэсэн гэсэн. Энэхүү нэр хүндтэй наадамд оролцохдоо хэрхэн бэлтгэсэн талаар сонирхуулна уу?
-Наадамд оролцохын тулд сүүлийн гурван сар эрчимтэй бэлтгэл хийлээ. Ерөнхийдөө наадамд явахаар болсноос хойш бэлтгэлээ системтэй төлөвлөөд цагийн хуваарь гаргасан ч сүүлийн сар нэлээд ачаалалтай байсан. Учир нь наадамд шинэ шалгуур нэмэгдээд түүндээ бэлтгэсэн юм.
-Та уруулаараа зурдаг. Наадамд энэ авьяасаараа өрсөлдөх үү?
-Тэгнэ. Гэхдээ өмнөх бүтээлүүдээсээ арай өөрөөр зурахаар төлөвлөсөн. Мөн сайн үйлсийн аянтай холбоотой үзүүлбэр бэлтгэсэн.
-Энэхүү наадамд оролцогчид олон номинациар өрсөлддөг. Тэр дундаас та аль шалгаруулалтад нь өөрийгөө илүү оролцоно гэж тооцоолж байгаа вэ?
-Наадамд оролцох бүсгүйчүүдийн талаар сайн мэдэхгүй болохоор өөрийгөө аль шалгаруулалтад нь илүү өрсөлдөхийг мэдэхгүй байна. Магадгүй миний зохион байгуулсан сайн үйлсийн аян бусдаас илүү байх болов уу.
-Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах наадмын нэг гол шалгуур нь асуулт, хариултын тэмцээн байдаг. Үүнд та хэрхэн бэлтгэсэн бэ?
-Англи хэлний сургалтын төвд төвшнөө ахиулахын тулд сурсан. Гэхдээ дэлхийн гоо бүсгүй шалгаруулах наадам хэлний тэмцээн биш. Хүмүүстэй харилцаж байгаа байдал, оролцогчийн хүсэл зорилгыг л голчлон хардаг. Тиймээс үүнд санаа зовохгүй байна.
-Наадмын оролцогчдод онцлох даашинз байдаг шүү дээ. Та тэр даашинзаа хэнээр урлуулсан бэ?
-Би зургаан жил хамтран ажиллаж байгаа загвар зохион бүтээгч Ангиагаар хоёр даашинз урлуулсан. Наадмын “Топ модель” шалгаруулалтад “Топ дизайнер”-ыг давхар тодруулдаг. Тэгэхээр бид хамтдаа шалгаруулалтад оролцоно гэсэн үг. /инээв/
-Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах өмнөх наадмыг харахад оролцогчид бүтэн багаараа оролцдог юм билээ. Энэ удаагийн наадамд тантай хамт явж, бэлтгэлийг тань хангах хүмүүс бий юү?
-Байхгүй. Би ганцаараа явж байна.
-Наадмын сүүлийн шалгаруулалт ирэх сард болно. Таныг дэмжихээр Монголоос хүн явах уу?
-Гэр бүлийнхэн болон найз залуу маань намайг дэмжихээр очно гэсэн. Мөн наадмыг шууд дамжуулах MNC телевизийн хамт олон очно.
-Танд амжилт хүсье.
-Баярлалаа.
Б.Сэлэнгэ