Ээж болсон аз жаргалыг эмэгтэй хүний гадаад төрхийн өөрчлөлтүүд багагүй сэвтүүлдэг. Залуухан ээж бүхэн хөөрхөнөөрөө бас ялдам төрхөөрөө байхыг хүсдэг ч тухайн бүсгүйн биеийн онцлогоос шалтгаалж, арьсны язралт харилцан адилгүй үүсч, төгс сайхан гоо сайханд нь асуудал үүсдэг. Гэвч арьсны язралт зөвхөн төрсний улмаас үүсдэг бус хэт таргалах, эсвэл хэт турсны улмаас бий болгодог байна. Энэ сэдвээр танд дараах зөвлөгөөг сонирхуулж байна.
Арьсны язралт голдуу гуя, гэдэс, хөхний хэсэгт үүсдэг бөгөөд цагаан улаавтар, хөх ягаан туяатай байдаг нь гоо сайханд дэндүү сөрөг нөлөө үзүүлдэг.
Язралтын шалтгаан
Арьс нь хэт их сунаснаас, мөн уян хатан чанараа алдсанаас язралт үүсдэг. Нимгэрсэн арьсанд дотоод хагарал үүсэх магадлалтай. Улмаар энэ хагарал нь холбогч эдээр орлогддог бол энэ сорви үүсэх шалтгаан болдог байна. Язралт зөвхөн жирэмсэн болсноос үүсдэг зүйл биш гэдгийг дээр тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл язралт тамирчид, өсвөр насныханд гээд хүн бүхэнд биеийн жингийн эрс өөрчлөлтийн үед болон дотоод шүүрлийн өвчний үед үүсдэг байна. Энэ нь ихэвчлэн удамшлын шинжтэй байдаг байна. Гэвч нэгэн язралт бий болсон тохиолдолд таны арьсны бүх давхаргыг хөндөгдсөнийг харуулж буй хэрэг бөгөөд өөрөөр хэлбэл таны эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр хохирол учирсан байна гэсэн үг. Мэдээж энэ нь гоо сайхны хувьд ч сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй. Дээр нь холбогч эдэд меланин гэдэг бодис байдаггүй тул арьсны язралтыг наранд шарсан ч борлохгүй.
Оношлогоо
Язралт нь эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулдаггүй. Гэвч биед гарсан ямар нэгэн өөрчлөлтийн үр дагавар болж үүсдэг болохоор шалтгааныг нь олох шаардлагатай. Жирэмслэлт бус харин биеийн жин өөрчлөгдөх, артерийн даралт өндөрсөх, цээж, нүүр, нуруугаар үс ургаснаас шалтгаалсан бол зайлшгүй эмчид үзүүлэх шаардлагатай. Жишээ нь: Иценко Кушингийн хам шинж гэгддэг бөөрний дайвар булчирхай хэт их дааврыг ялгаруулдаг өвчний шинж байж болно. Энэ өвчний үед язралтын хэмжээ том бөгөөд нүүр, хүзүүнд ч үүсэх магадлал тун өндөр байдаг. Энэ нь улмаар үрэвсэж, загатнах тохиолдол ч их байдаг.
Эмчилгээ
Бага зэргийн язралттай хүмүүст тусгай тос тохирно. Шимэгч бодисууд зарим нэг тохиолдолд сайн үр дүн өгдөг. Заримдаа мезо заслыг санал болгодог. Зөөлөн аргаар эмчлэхэд хагас жилээс нэг жил хүртэл нэлээд удаан хугацаа шаардана. Язралтын эсрэг эмчилгээнд лазерийн өнгөлгөө, хуулах эмчилгээ зэрэг олон арга ашигладаг ч язралтаас урьдчилан сэргийлэх нь илүү найдвартай байдаг бөгөөд аюулгүй арга юм.
Урьдчилан сэргийлэх
Эфирийн тос, ургамлын ханд, коллаген, элластин агуулсан тосны тусламжтайгаар язралт үүсэхээс сэргийлж болно. Айл болгонд байдаг зүйлээс чидун жимсний тос буюу оливийн тос үр дүнтэй натурал урьдчилан сэргийлэх арга мөн.