
Өнөөдөр Христийн шашны баяр, Зул сарын тэмдэглэлт өдөр. Арванхоёрдугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө дэлхийн Католик шашин шүтлэгтэй хүн ард бурхан тэнгэр хэрээсэлсэний баяр хэмээн уг өдрийг оноон ёслон тэмдэглэдэг уламжлалтай.
Католик шүтлэгтэй гэр бүлүүд энэ өдөр тэнгэрт эхний од буюу үдшийн гялаан гарах цагаас баяраа тэмдэглэж эхэлдэг бөгөөд чухам энэ од анх Иисус Христ ертөнцөд мэндэлсэн мэдээг түгээсэн гэж үздэг байна. Тийм ч учраас энэ өдрийн үдэш элбэг дэлбэг хоол унд өрсөн ширээнд суухдаа Иисус бурхан манай ертөнцөд ирсэний магтууг Евангелийн судраас ишлэн уншдаг заншилтай аж.
Харин шашин сүм хийдийн төлөөлөгчид энэ өдөр хоорондоо шинэхэн барьсан талх солилцож, хамгийн дулаан элэгсэг сэтгэлийн илрэл, сайн сайхныг хүссэн ерөөл билэгдэл дэшүүлдэг уламжлалтай. Айл бүр тэрчлэн баярын ширээндээ нэг хүний зай үлдээж, хоол ундны хэрэгсэл зэхсэн байх бөгөөд энэ нь мөн уламжлал ёсоор хэн нэгэн энэ үдэш гэнэт айлчлан ирлээ гэхэд гэр бүлийн гишүүдийн нэгэн адил бурханы хишгээс эрх тэгш хүртэх ёстой гэж үздэгтэй холбоотой аж.
Энэ ёс заншил, уламжлалыг Зул сарын өдөр орон гэрээсээ хол яваа төрөл саднаа санагалзахын үүднээс харь газар яваа хэн бүхэнд төрсөн гэртээ очсон мэт сэтгэгдэл төрүүлэх зорилгоор бий болгосон гэж үздэг байна. Мөн айл болгон ширээндээ цагаан бүтээлэг дэлгэх ёстой бөгөөд уг бүтээлгийнхээ дор үр тарианы түрүү тавьсан байна. Энэ нь анх Христийг төрөхөд өлгийдөн авч сүрэл дээр хэвтүүлсэн бурханы эх бөгөөд тухайн үеийн Вифлеемийн агуйн ядуу тарчиг байдлыг сүсэгтэн олонд сануулах гэсэн заншилтай холбоотой аж.
Харин баярын төгсгөлд айл бүр үр хүүхдүүддээ өргөн их бэлэг өгөхийн хажуугаар баярын гол утга учир болсон шинэхэн барьсан талхаа хуваан иддэг, энэ нь элбэг хангалуун аж төрөхийн билэгдэл болдог байна. Зул сарын баяр ёслол шөнө дунд өндөрлөдөг бөгөөд сүсэгтэн олон сүмд очиж бурханы магтуу дуу өргөснөөр баяраа сэтгэл өндөр тэмдэглэн үдлээ гэж үздэг байна.