Санта өвөөд хаягласан инээдтэй захидлууд

Хүн бүрийн бага насыг шинэ жилгүйгээр, тэр дундаа Өвлийн өвөө, Санта Клаусгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ.Тэд түүнийг хуурамч гэдгийг мэдэх хүртлээ шинэ жилийн өдөр цаа бугаа хөлөглөн мөсөн орноос бэлгээ тээсээр хүүхдүүд дээр ирдэг гэдэгт гүнээ итгэдэг билээ. Мөн тэд Санта өвөөд захиа бичдэг бөгөөд эцэг эхчүүд тэр захианы хүслийн дагуу хүүхдүүддээ бэлэг авч өгдөг нь тэднийг улам үнэмшүүлдэг аж.

Санта Клауст хаягласан хүүхдүүдийн зарим “инээдтэй” захидлыг орчуулан хүргэж байна.

Хүндэт Санта,
Надад энэ жил хүүхэлдэй өгөөрэй. Би иддэг, өөрөө явдаг, миний гэрийн даалгаварыг хийдэг мөн өрөөгөө цэвэрлэхэд маань тусалдаг хүүхэлдэйтэй болмоор байна. Баярлалаа. Жэнни

Хүндэт Санта өвөө,
Зул сарын гацуурын дор та надад зориулж эвлүүлдэг тоглоом үлдээгээсэй гэж би хүсч байна. Харин дүүд маань мөн тоглоом өгөхөө мартуузай. Учир нь тэр шинэ тоглоомтой болчихвол миний тоглоомыг булаацалдахгүй шүү дээ. Зул Сарын мэнд, Кейсигээс.

Хүндэт Санта өвөө,
Та энэ жил арай эрт ирж болох уу. Учир нь би энэ жил супер сайн хүү байсан. Гэхдээ би хэр удаан ийм сайн хүү байж чадах эсэхээ мэдэхгүй байна. Тиймээс та хурдан ирээрэй. Хайрт Жордан хүү чинь.

Хүндэт Зул сарын эцэг минь,
Би гацуурын дор таны цаа буганд идэх юм үлдээх гээд, юу өгвөл дээр вэ? Тэд жигнэмэг иддэг болов уу? Зочны өрөөнд бухал өвс оруулах гэсэн ээж дургүйцээд байх юм. Таны найз Сэнди

Хүндэт Санта,
Өнгөрсөн жил уралдааны машин өгсөнд баярлалаа. Би энэ жил дахиад авч болох уу? Гэхдээ сайн найзын маань машинаас илүү хурдныг нь авмаар байна. Рики

Хүндэт Санта,
Та Sears (АНУ-ын сүлжээ их дэлгүүр)-ийн хөвгүүдийн тасгийн барааны төрөл бүрээс нэгийг над руу явуулаарай. Охидынхоос биш шүү. Дахин хэлье, охидынхоос биш. Шинэ жилийн баяр болохыг тэсэн ядан хүлээж байна. Кэнт

Хүндэт Санта,
Би тоглоомын жагсаалт бичсэн цаасаа хаячихжээ. Тиймээс өнгөрсөн жил миний хүссэн зүйлээс авчраагүй юмнуудаа надад энэ жил өгчихөөрэй. Тодд

Хүндэт Санта,
Би энэ жил дахиад скэйт тавцантай болмоор байна. Өмнө нь таны өгсөн нь эвдэрчихсэн. Тиймээс энэ удаад чанартай скэйт тавцанг хамгаалалттай нь өгөөрэй. Хамгаалалт байхгүй бол шархны лент байвал сайн л байна. Дэвид

Хүндэт Санта өвөө,
Би энэ жил тийм ч сайн хүүхэд байгаагүй гэдгээ мэдэж байна. Гэхдээ одооноос эхлээд сайн хүүхэд байна гэвэл хэтэрхий оройтчихсон болов уу. Та надад бэлэг өгөх үү. Жош

Хүндэт Санта,
Би танд пицца, жигнэмэг эсвэл сүү үлдээж болно биз дээ. Аав таныг пиццанд дуртай байж магадгүй гэсэн. Үүнийг уншаад заавал хариу бичиж надад мэдэгдээрэй. Хайрт Лиза охин чинь.

Хүндэт Санта Өвөө,
Та энэ жил надад том танк, нисдэг тэрэг, 20 ногоон цэрэг, базуука буу өгөөрэй. Би ахдаа гэнэтийн дайралт хийж шоконд оруулмаар байна. Гэхдээ та хэнд ч хэлж болохгүй шүү. Баярлалаа. Дэнни

Хүндэт Санта Клаус,
Та энэ жил манай байшинд яаж орж ирнэ ээ? Манайх засвар хийхдээ яндангаа авчихсан. Тэрнээс гадна аав дохиоллын үнэтэй хяналтын систем саяхан суулгачихсан. Жулиа

Хүндэт Санта Өвөө,
Ээж хэлэхдээ таныг зөвхөн сайн хөвгүүдэд л бэлэг өгдөг гэсэн. Энэ чинь шударга биш байна. Брайн

Хүндэт Санта,
Та хэдэн настай вэ? Та Хатагтай Клаустай яаж танилцаж байсан бэ? Таны жинхэнэ нэрийг үнэхээр Санта гэдэг юм уу? Би дараа жил таны элф (бяцхан одой) болж болох уу? Таны хамгийн хайртай хүүхэд хэн бэ? Та тийм их бэлгийг чарган дээрээ яаж авч явдаг юм бэ? Дараа нь үлдсэн асуултуудаа асууя даа. Таны найз Паулин.

Хүндэт Зул сарын аав аа,
Галт тэрэгний иж бүрэн тоглоом өгсөнд баярлалаа гэж ээж хэлээрэй гэсэн болохоор би захиа бичиж байна. Аав маань надтай дандаа тоглодог болсон. Баярлалаа. Майк

Эх сурвалж:

Б.Сондор | GoGo.mn


Санта өвөөд хаягласан инээдтэй захидлууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.