Монголын “Мэрлин Монро” гэгддэг дуучин С.Хишигжаргал анхныхаа бие даасан цомгоо өлгийдэн авлаа. Рок, поп ертөнцөд өөрийн гэсэн хөг, орон зайгаа хэдийнэ бий болгосон түүнийг уншигчид маань “Universe best songs-2011” тэмцээний шилдэг оролцогч, “Хоёлаа унтах уу” уран сайхны кинонд туслах дүр бүтээснээр нь андахгүй биз ээ.
Тэгвэл залуу дуучин С.Хишигжаргалын анхны “I am… khishigee” цомгийн албан ёсны нээлт өнөөдөр 12:00 цагт “Hi Fi” рекордсын төв салбарын байранд болох юм. Цомгийн ерөнхий продюсерээр ая зохиогч Б.Ангирмаа, дуу бичлэг болон хөгжмийн тохируулгын ажлыг “Dashka” студын хамт олон хийжээ. Ингээд олныг нуршилгүйгээр түүнтэй шинэхэн цомгийнх нь талаар цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Шинэ он гараад удаагүй байхад анхныхаа бие даасан цомгийг өлгийдөн авч, фэнүүддээ бэлэг барьж байна. Эхлээд таны сэтгэгдлийг сонсох нь зөв байх?
-Маш их баярлалаа. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж сууна. Миний хувьд өнөөдөр /өчигдөр/ баярын маань өдөр. Анхны бие даасан цомгынхоо хэвлэлийн бага хурлыг хийлээ.
-Уран бүтээлч, тэр тусмаа дуучин хүн анхныхаа цомогт нэлээн ач холбогдол өгдөг. Та цомгоо “I am… Khishigee” гэж нэрлэжээ. Гэхдээ тэр олон цэг ямар учиртай юм бэ?
-Чи их сайн анзаарсан байна. Энэ олон цэг маань их учиртай. Нөгөөтэйгүүр би одооноос л өөрийгөө тодорхойлж эхэлж байна. Энэ бол дөнгөж эхлэл. Эхлэлийн цэгүүд юм. Магадгүй олон жилийн дараа, хэзээ нэгэн цагт өөрийгөө бүтэн тодорхойлж дуусах байх. Тэр цагт энэ олон цэгийг бөглөж дуусна. Энэ ч утгаараа “I am… Khishigee” гэж нэрлэсэн.
-Ингэхэд цомогт хэдэн дуу багтсан бэ?
-Нийт есөн дуу, нэг дан хөгжимтэй. Мэдээж өөрийнхөө гаргасан уран бүтээлүүдээсээ харж, шилж байгаад хамгийн сайн, чанартай болсон гэснээ оруулсан. Тухайлбал, “Дүрэмгүй өдөр”, “Зуны дурлал”, “Чамд орхисон хайр”, “Тал нутаг”, “Хөлөрсөн цонх”, “Өөрийгөө мэдэр” зэрэг дуу маань багтсан.
-Цомгийг тань ямар ч аж ахуйн нэгж ивээн тэтгээгүй гэж сонссон. Залуу уран бүтээлч гэдэг утгаараа ивээн тэтгэх байгууллага олдсонгүй юу, эсвэл анхнаасаа л цомгоо ивээн тэтгэгчгүй гаргахаар шийдсэн юм уу?
-Цомог маань нийт есөн дуутай гэж хэлсэн шүү дээ. Есөн дуугаа бүгдийг нь дүрсжүүлсэн.
-Харин тиймээс л танаас яагаад цомгоо ямар ч ивээн тэтгэгчгүй гаргахаар болов гэдгийг л асуугаад байгаа юм. Жишээлбэл, нэг дууг ойролцоогоор хэдэн сая төгрөгөөр дүрсжүүлдэг юм бэ?
-Гурван сая төгрөг болдог. Ингээд бодохоор цомог маань ойролцоогоор 30 сая төгрөгөөр бүтсэн гэж ойлгож болно. Гэхдээ хүнд чин хүсэл байгаад, өөрөө зөв замаа тодорхойлж чадах аваас гарц үргэлж байдаг. Энэ гарцаар л их зөв явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ногоон гэрэл асах тэр агшинд л гарцаар гарах ёстой. Түүнээс биш улаан гэрлээр гарч байгаад ямар нэгэн эвгүй зүйлд өртвөл яана.
-Нэг үгээр хэлбэл, та ногоон гэрэл асах тэр агшинд л гарцаар гарсан гэсэн үг үү?
-Тийм ээ. Би нэр хүндээ маш сайн боддог. Тийм ч учраас үргэлж зөв алхмуудыг хийж эхэлсэн.
-Таны ааш аяг их өөртэй итгэлтэй, бардам юм шиг ээ?
-Баярлалаа. Чиний хэлж байгаа чинь үнэн. Би хийнэ гэсэн зүйлийнхээ ард нь гарч байж л салдаг зантай. Тиймээс анхныхаа цомог дээр хоёр, гурван ч байгууллагад хандаж үзсэн. Гэхдээ эдийн засаг ямар байгаа билээ. Тэд бүгд татгалзсан.
-Таны цомгийг хараад байхад зураг чинь их өвөрмөц юм аа?
-Цомгийн маань зураг нэг бол хоёр нүд нь, эсвэл нэг нь харагдахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, хүн бүх хөзрөө дэлгэчихвэл утгагүй, сонирхолгүй шүү дээ. Энэ ч утгаараа би анхнаасаа л нууцлаг байхыг хүсч байна. Тийм болохоор дараа дараагийн уран бүтээлээ илүү гайхалтай гаргах болно. Энэ бол миний эхний цомог, нэрийн хуудас маань юм. Тэр ч утгаараа их даруухан ажиллалаа.
-Анхыхаа цомог дээр их даруухан ажиллалаа гэлээ. Гэхдээ яагаад ч юм таныг үзэгчид эротик, секси дүр төрхтэй гэж хардаг. Монголын “Мэрлин Монро” ч гэдэг. Тэгэхээр дараа дараагийн цомог, уран бүтээлдээ илүү эрч хүч, задгай төрхийг гаргах нь гэж ойлгох уу?
-Нэгдүгээрт, би хэзээ ч нүцгэлэхгүй. Эротик, секси байна гэдэг нүцгэлэхтэй биш гэж бодож байна. Эмэгтэй хүн далд байх тусмаа илүү гоо үзэсгэлэнтэй байдаг шиг уруул, харц байхад л хангалттай. Өөрөөр хэлбэл, болхи аргаар үзмээргүй байна л даа. Хүмүүсийн оюун ухаан, сэтгэл зүрх рүү тэмүүлсэн тэрхүү мэдрэмжийг л дуулахыг хүсч байна.
Эх сурвалж: “Өглөөний сонин”