Их Британийн нэгэн сургуулийн захирал есөн настай охиныг сургуульдаа авахаас татгалзжээ. “obsessive compulsive disorder” буюу ямар нэгэн дадал зуршилд автдаг эмгэгтэй Жессика Литтеле Тетфорд бага сургуульд явахыг л хүссэн боловч захирал нь түүнийг хүлээн авахаас татгалзжээ.
Харин охин бууж өгөхийг хүссэнгүй. Тэрбээр Английн цог жавхлант хатан хаан II Элизабетад өөрийн гараар захидал бичжээ. Жессика хатан хаанд Литтеле Тетфорд бага сургууль түүнийг авахгүй байна гэж ховлосон аж. Өөрийн гараар хичээнгүйлэн бичсэн захидлынхаа төгсгөлд охин хатан хаанаас “Та надад туслах уу?” гэж асуужээ. Есөн настай охины захидал хатан хааны сэтгэлийн утсыг хөндөж чаджээ. II Элизабет түүний хүсэлтэд онцгой анхаарна гэсэн захиа Букенгемийн ордноос охинд ирсэн байна.
Хэдийгээр хатан хаан охинтой уулзаж чадахгүй ч Боловсролын Төрийн нарийн бичгийн даргад охины хүсэлтийг анхааралдаа авахыг хүсчээ. Жессика охин Литтеле Тетфорд бага сургуульд суралцаж байсан боловч аав ээж нь 2010 онд салж, хоёр тийш болсны дараа сургууль нь түүнийг цаашид сургахаас татгалзсан юм байна.
Н.Рэй /Эмэгтэйчүүд/