Бид заримдаа шорвог хоолонд дуртайгаасаа болоод, эсвэл бүр хэдэн халбага давс хийснээ мартчихаад, дээрээс нь нэмээд хийгээд л байдаг. Нэгэнт давс нь ихэдсэн хоолыг хаях хэцүү, идэх хэцүү болдог шүү дээ. Хэрвээ танд яг одоо ийм зүйл тохиолдчихоод байгаа бол дараах зөвлөгөөг хүргэе. Таны “аминд орно” гэдэгт итгэлтэй байна.
1. Хэрвээ шөлтэй хоолны давс ихэдчихвэл 150 гр цагаан будааг цэвэрхэн самбайнд боогоод шөлөндөө хийж нэг буцалгаарай. Эсвэл 2-3 түүхий төмс арилгаад, хэрчилгүй бүтнээр нь хийн буцалгаад үзээрэй.
Түүнчлэн нэгэнт ихэдсэн хоолны давсийг багасгах хамгийн энгийн арга бол бага зэрэг элсэн чихэр хийх юм. Түүнчлэн өндөгний цагааныг ялгаж аваад шорвог шөлөндөө хийж болно.
Хүнсний ногоо, мөөгний давсыг багасгая гэвэл эдгээрийгээ бүхэл төмс, лууван, хүрэн манжингийн хамт усанд хийн буцалгаарай. Түүнчлэн шорвог амттай болсон ногоог хатуу бяслагтай хамт битүү саванд хийн нэг цаг байлгавал их үр дүнтэй.
Битүү чанасан болон ялз болгосон махны давсыг багасгахдаа улаан лооль хэрчиж хийгээд ганц буцалгахад хангалттай.
Мөөгний давс ихэдвэл давсгүй нухсан төмс, будаа, цөцгий болон сонгиноор амтлаарай.
Шорвог амттай хоол идсэний дараа оргилуун дарс, цагаан дарс болон хийжүүлсэн ундаа уух нь зохимжтой бөгөөд чихэрлэг исгэлэн амт нь шорвог амтыг илүү дарж өгдөг.