Хүүхэлдэйн киног зөвхөн хүүхдүүд үздэг гэсэн ойлголт хэдийнэ ард хоцорч томчууд ч дуртай нь аргагүй дэлгэцийн өмнө хүүхэлдэй киноны хөгжилтэй адал явдлыг шимтэн үзэх болсон.
Ийн томчуудыг урвуулах үйлст Холливуд ихээхэн хүчин зүтгэх байгаа гэхэд болно. Тэд янз бүрийн форматаар хүүхэлдэйн кино хийгээд зогсохгүй киноны дууг алдартай дуучнаар дуулуулж, Холливудын нэртэй жүжигчид хүүхэлдэйн киноны баатруудын дуу хоолойг амилуулдаг. Энэ нь ч тухайн кино амжилттай, ашигтай байхад нөлөөлдөг биз.
“Шрек”, “Шрек-2”, “Шрек-3”, “Кунфу панда”, “Кунфу панда-2”, “Тоглоомын түүх 1, 2, 3”, “Мөстлөгийн үе 1, 2, 3”, “Рио”, “Урт шаргал үст/ The Tangled/” гээд л дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан, бидний хүүхэд ахуй цагаас л уншиж шимтэж ирсэн үлгэрийн баатруудыг шинэ адал явдалд хөтөлсөн хүүхэлдэйн кино гарч, уран бүтээлчдэдээ ч чамгүй амжилт орлого авчирч байгаа. Бидний сайн мэдэх Шарль Перрогийн “Гуталт муур” үлгэрээс сэдэвлэсэн гуталт муурын шинэ адал явдал 3D форматаар дэлгэцнээ гарлаа. “Шрек ” хүүхэлдэйн кинонд гэхэд өнөөх гуталт муур гардаг. Гол дүрийн муурны дууг алдарт жүжигчин Антонио Бандерас оруулжээ.
-“Гуталт муур”-ыг бүтээхэд хоёр жил гаруй хугацаа шаардагдсан гэж та ярьж байсан. Харин та хэзээ дууг нь оруулсан бэ?
-Хоёр жилийн хугацаанд бага багаар л дуу оруулж, бичлэгт ордог байсан. Ер нь кинонд нэг дор бүтнээр нь дуу оруулна гэж байхгүй. Эхэндээ киноны найруулга сайхан тавигдсан байсан хэдий ч аажмаар өөрчлөгдөж эхэлсэн. Надад болон манай уран бутээлийн багт шинэ санаа төрсөөр байсан юм. Кино гэдэг яг л далайн нялцгай биет шиг хэлбэрээ байнга өөрчилж байдаг.
-Жүжигчид ихэвчлэн дүрийнхээ дуу хоолойг нэг нэгнээсээ тусдаа байж байгаад дуу оруулдаг. Харин Сальма Хайек та хоёрт хамтдаа ажиллах үзэгдэл бишгүй байсан. Зэрэгцээд дуу оруулахад хэр хүнд байв?
-Тиймээ, дуу оруулж буй жүжигчид ихэвчлэн тусдаа ажилладаг. Гэхдээ энэ удаад Жеффри Катценбергээс Сальматай хамтран бичлэг хийх зөвшөөрөл хүссэн юм. Ингээд л бид зэрэгцэн, нэг дор бичлэгээ хийлгэхээр шийдсэн юм. Ер нь энэ бол миний найзтайгаа хамтран хийсэн анхны хүүхдийн кино.
-Та нар бичлэгээ хаана хийлгэсэн бэ?
-Лос-Анжелест хийлгэсэн.
-Та хүүхэдтэй хүн. Тийм болохоор энэ хүүхэлдэйн киног сонгоход нөлөөлсөн үү?
Би гэр бүлээрээ кино үзэх их дуртай. Өөрийн дуу оруулсан хийгээд тоглосон киногоо үзэх мөн хүүхдүүд танхимд инээлдэж байхыг сонсох маш тааламжтай байдаг. Гэхдээ энэ киног сонгох болсон нь урьд өмнө хийж байгаагүй ажилд өөрийнхөө хүчийг дайчилж үээхээр шийдсэнтэй холбоотой. Анх найз Роберт Родригесийнхээ “Тагнуулчдын хүүхдүүд” гэдэг хүүхдийн кинонд тоглож байсан. Харин дараа нь “Шрек”-д дуу оруулсан. Шрек гайхалтай кино байсан, гэхдээ “Гуталт муур” 3D форматаар хийгдэж байгаагаараа онцлогтой.
-“Шрек” бол cop болсон бүтээл. Тэр бүү хэл шилдэг хүүхэлдэйн кино төрлөөр “Оскар” хүртсэн. Тэр үеэс эхлэн Pixar студи томоохон шагналуудыг хаман, энэ төрөлдөө тэргүүлэх байр суурийг олж аваад байна. Харин Dream Works-ийн бүтээсэн “Гуталт муур” кино энэ амжилтыг эвдэж, шагнал түүж чадна гэж та бодож байна уу? Эсвэл энэ нь танд огтхон ч хамаагүй юу?
-Би шагналд итгэдэггүй. Таны хөлс хүчээ гаргаж, сэтгэлээ шингээж хийсэн бүтээл үнэлэгдэхгүй байх нь ч бий, Тэр бүү хэл хэрэгцээтэй хүмүүс улс төртэй ч холбогдсон байдаг. Би эртнээс л шагналд итгэхээ больсон хүн. Гэхдээ бид шагнал авбал үдэшлэг зохион байгуулж шагналаа угаана шүү /инээв/.
Энэ жил та дөрвөн ч кино гаргалаа. Ирэх жил ч түүнээс дутахааргүй ихийг гаргах төлөвлөгөө байгаа гэсэн. Та эд хөрөнгөнд дуртай хүн үү эсвэл ажил хэрэгч байхыг хүсдэг юм уу?
Надад одоо юу байгаа нь сонин биш. Харин би хэн бэ гэдэг нь чухал. Би одоо өөртөө юу худалдаж авах юм бэ? Онгоц уу? Яахав болох л юм. Гэхдээ надад онгоц хэрэггүй, ер нь нэмж шунаад байх зүйл алга. Үнэн хэрэгтээ би эд хөрөнгөнд шунаад байдаг хүн биш.
Хамгийн гол нь би хүмүүсийн амьдралд ямар үүрэг гүйцэтгэж байгаа, ямархан амьдралаар амьдарч байгаа нь л надад сонин байна. Би одоо тавь гарчихлаа, олон зүйлийг үзэж, тууллаа. ”Тоглоом”-ын тал дунд нь орж, төгсгөл нь дөнгөж бүртэлзэн харагдаж байгаа мэт сэтгэгдэл надад төрдөг юм. Гэхдээ хийж амжуулах ёстой, хүсч байгаа ажил олон байна.
-Сүүлийн үед дээдсийн хүрээнийхний дунд Арнольд Шварценеггер, Жон Эдвардс, Тайгер Вудс, Эштон Катчер зэрэг жүжигчдийн эхнэрээсээ урвасан явдлаас болж ихээхэн дуулиан шуугиан дэгдэх боллоо. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Энэ зөвхөн Холливуд, Вашингтонд ч биш, хаа ч хэзээ ч байсан л үзэгдэл. Энэ бидний генэнд байгаа. Эрчүүдийн төрөлх зан, цусанд нь байгаа араншинг дарж, эрчүүдийг санваартан шиг байлгах гээд байгаа юм уу даа, энэ хүмүүс. Миний бодлоор эрчүүд ангуучлах дуртай, өөрийгөө хүчтэй гэдгээ батлах гэсэн хүсэл тархинд нь гүнбат суусан байдаг гэж би боддог.
-Хэрвээ та эхнэртэй байсан бол иймэрхүү зугаа цэнгэлд яаж хандах байсан бол?
-За даа, энэ ч харьцангуй ойлголт. Эхнэр, хүүхэд, гэр бүлийн бусад гишүүдтэйгээ харилцах харилцаа, “өөрт байгаа зүйлээ өөрийн гараар эвдэхийг хүсч байна уу” гэсэн асуулт тавьж байгаатай адил юм.
Та дандаа худлаа ярихыг хүснэ гэж үү? Кинонд хамт тоглосон жүжигчин бүсгүй өөрт нь зүгээр л таалагдсан тухайгаа эхнэртээ хэлж зүрхэлдэггүй найз надад бий. Үдэшлэгт очтол, ямар нэгэн эмэгтэй надад маш ихээр таалагдах үе ч бий. Гэхдээ надад намайг хайрладаг, миний хайртай эмэгтэй бий. Тиймээс таалагдсан болгоныхоо араас гүйх боломжгүй шүү дээ / инээв/.
Б.Мөнхцэцэг
ubtimes