“Mongolian Academy awards-2015” дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнгөрсөн ням гарагт болж, “Аав” киноны уран бүтээлчид гран при хүртлээ. Тав дахь удаагаа зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагаанд 20-иод уран бүтээл өрсөлдсөн юм. “Шилдэг дебют кино”-гоор “U Film” студийн хоёр дахь, жүжигчин Г.Ундармаагийн найруулсан анхны бүтээл “Тютю”, “Шилдэг баримтат кино”-гоор Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, найруулагч Г.Золжаргалын “Тавилан”, “Богино хэмжээний кино”-гоор жүжигчин У.Пүрэвжавын “Уулын эзэн”, “Шилдэг дууны найруулагч”-аар Б.Баярхүү “Ар хударга” киногоор, “Шилдэг дуу”-гаар “Аюултай харилцаа” киноны уран бүтээлийг амилуулсан дуучин Э.Агиймаа, “Шилдэг хөгжмийн зохиолч”-оор “Амьдрал нулимсанд дургүй” киноны хөгжмийн зохиолч Б.Одбаяр, “Шилдэг дүрсний эффект”-ээр “Хүүхэлдэй” киноны графикч Ч.Түвшинтөгс, “Шилдэг эвлүүлэгч”-ээр “Учрал” киноны эвлүүлэгч Д.Төгсбаяр, “Шилдэг зураглаач”-аар “Аав” киноны зураглаач О.Базаррагчаа, “Шилдэг хөрөнгө оруулагч” буюу шилдэг продюссероор “Сүүлчийн шөнө” киноны продюссер “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн захирал Б.Дэлгэрсайхан нар шалгарсан юм. Харин тус наадмын хамгийн хүндтэй шагналын нэг “Шилдэг туслах эрэгтэй дүр”-ийн шагналыг “Ээж ээ надтай гэрлээч” киноны туслах дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баттөмөр, “Шилдэг туслах эмэгтэй дүр”-ийг “Хүдэн” кинонд тоглосон ахмад уран бүтээлч А.Цэгмэд, “Шилдэг эрэгтэй гол дүр”-ээр “Аав” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Ц.Цэрэнболд, “Шилдэг эмэгтэй гол дүр”-ээр “Ар хударга” киноны эмэгтэй гол дүрийг бүтээсэн жүжигчин О.Долгор, “Шилдэг кино зохиол”-оор “Аав” киноны зохиолч М.Энхдалай, “Шилдэг найруулагч”-аар “Аав” киноны ерөнхий найруулагч Г.Эрдэнэбилэг, “Шилдгийн шилдэг бүтээл”-ээр “Black Zebra” студийн бүтээсэн “Аав” уран сайхны кино шалгарлаа.