Өөр эрд очоогүй Алтан ургийн ганц хатан

12654365_1676856455926991_6714531996616722482_n
Тулуйн хатан Сорхагтани бэхи нь Хэрэйдийн Тоорил ханы дүү Жаха Хамбугийн охин бөгөөд 1203 онд ураг барилдаж Тулуйд Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх гэсэн 4 хөвүүнийг төрүүлж, Чингис хааны хамгийн хайртай дархан бэр болжээ. Тулуйг 38 насандаа тэнгэрт халихад бэлэвсрэн хоцорсон Сорхагтани хатанд Өгөдэй хаанаас зарлиг ирүүлж өөрийн хүү Гүюгийн ивээлд очуулахыг хүссэн боловч Сорхагтани хөвгүүдээ өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилжээ.

Тулуйн үр удам Монголын түүхэнд хамгийн их нөлөөг үзүүлсэн байдаг. Хүү Мөнх нь Их Монгол улсын 4 дэх хаан болж, хүү Хубилай нь бүх хятадыг байлдан дагуулж Юань гүрнийг байгуулан их хаан болсон бол Хүлэгү хүү нь баруун өмнөд Азийг байлдан дагуулж Хүлэгүгийн хаант улс буюу Эл хант улсыг байгуулж, Аригбөх хүү нь Их Монгол улсын 5 дахь их хаанд өргөмжлөгдөж байжээ.

Өгөдэй хаан аливаа хэргийг шийдэхдээ Сорхагтани бэхиг оролцуулдаг байсан нь түүний нэр нөлөө их байсныг гэрчилж байна. Гүюг хаан ширээнд суусныхаа дараа ч өөрийн эхээс илүү Сорхагтани хатны зөвлөгөөг сонсдог байв.

Гүюг, Бат хоёрын харилцаа муудаж Гүюг далд санаа агуулан баруун зүг мордоход Сорхагтани элч довтолгон Батад сануулсан нь хожим Сорхагтани хатанд маш том дэмжлэг болж Их хааны суудал Өгөдэйн удмаас Тулуйн удамд шилжихэд Бат хаан ихээхэн нөлөөлжээ. Ийнхүү Гүюг хаанаас хойш 35 хааны 33 нь Тулуйн удмаас тодорсон түүхтэй.

1242 онд Мажарын Белград хотоос олзлогдон ирсэн Францын уран дархан Вильгелм Де Буше нь Сорхагтани хатны харъяат өмч байсан ба Хархорум хотын алдарт мөнгөн модыг урласан байдаг. Хэдийгээр олзлогдон ирсэн боол байсан ч Хархорумд элбэг дэлбэг, хавчигдаж хяхагдахын зовлонгүй, хувь заяандаа сэтгэл хангалуун амьдарч байсан гэдэг.

1251 онд Мөнх Монголын эзэнт гүрний 4 дэх их хаанаар өргөмжлөгдөхөд Гүюгийн хатан Ойгул Хаймиш тэргүүтэй Өгөдэй, Цагаадайн угсааныхны эсэргүүцэлтэй тулгарчээ. Сорхагтани бэхи хатан хүүдээ “ураг төрөл, ойр садангийн хоорондох асуудлыг алгуур аажмаар шийдвэрлэх хэрэгтэй” гэж сургасан боловч Мөнх хаан эхийнхээ сургаалыг сонссонгүй Алтан ургийнхнаас 75 хүнийг цаазалсан юм. Сорхагтани бэхи энэ үйлдэлд нь дургүйцэж отгон хөвгүүн Аригбөхийг даган төрийн хэргээс хөндийрөн Жарантай, Цагаан сүмийн гол дагуу мал маллан амьдарчээ. Сэтгэл санаагаар унаж, дараа жил буюу 1252 оны зун Алтайд байсан Аригбөхийн зуны ордонд нас баржээ.

Сорхагтани бэхи хатан Хархорумд байнга ирж үгээгүй ядуу хүмүүст өдөр бүр өглөг өгч, газар газрын шашинтнуудыг дэмжин тусалж, Бухар хотод сургууль байгуулахад алтаар хандив өргөжээ. Ислам мөргөлтний мянган хүүхэд тус сургуульд суралцсан ба өнөөг хүртэл оршиж “Хатны сургууль” гэж нэрлэгдсээр иржээ. “Сударын чуулган”-д өгүүлснээр түүнийг нас барахад шарилыг нь Бурхан халдун буюу Чингис хааны их дархан цаазат газарт аваачиж нутаглуулжээ. Сорхагтани бэхи хатныг ийнхүү тэнд оршуулсныг үзвэл хэр зэрэг эрхэм хүндтэй хатан байсныг гэрчлэх ажээ.

Чингис хааны зарлигаар Аураг ордод Цагаадай, Елюй Чуцай, Долоодой, Сорхагтани бэхи хатан нар Монгол төрийн бодлогыг тодорхойлох “Хөх монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит засгийн Алтан дээд үнэний аялгуу” хэмээх ном бичжээ. Эрдэмтэн мэргэдтэй суудал зэрэгцэн төрийн их судрыг зохиолцож байсан түүхээс үзвэл Сорхагтани бэхи нь маш ухаалаг төдийгүй Чингис хааны итгэлт бэр байсны гэрч юм.

Тэдгээр төрийн бодлогын 3 боть судрыг 1245 онд Өгөдэйн их хатан Дөргөнэ (Туркина) Араб руу явуулснаас хойш яасан нь мэдэгдэхгүй алга болжээ. Хожим 1251 онд Сорхагтани бэхи хатан тэдгээр 3 боть номын гол чанаруудыг түүвэрлэн санаж “Алтан дээд үнэний аялгуу” болгон цээжээр дуудан сэргээжээ. Харин тийнхүү цээжээр дуудан өгсөн нь амнаас ам дамжин цээжлэгдэн ирсэн нь маш сонирхолтой. Нүүдлийн соёл иргэншлийн академийн академич, Хөх нохой овогт Журнайн Нүрзэд гэдэг хүн 1958-1962 онд авга ах өвгөн маарамба лам Лэгжингээс нэгэн зүйлийн хэлмэлийг цээжилж үлдсэн нь энэхүү “Алтан дээд үнэний аялгуу” байжээ. Ж.Нүрзэд “Алтан дээд үнэний аялгуу”-г орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэн 2000 онд хэвлүүлсэн бөгөөд судлаачид энэхүү зохиол нь Их Монгол улсын түүх, төрийн бодлого, хэл соёл, гүн сэтгэлгээний талаар асар баялаг судалгааг хөгжүүлэхэд ихээхэн тус болохуйц бүтээл болохыг тэмдэглэжээ.


Өөр эрд очоогүй Алтан ургийн ганц хатан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.