Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа хүүхэд залуус мэргэжлээ сонгосон уу. Ирэх жилүүдэд хамгийн их эрэлттэй байх мэргэжлүүд юу болох талаар та мэдэхийг хүсэж байна уу.
Бодит байдал дээр манай зарим залуучууд өөрийгөө сайн таньж мэдээгүйгээс, хөдөлмөрийн зах зээл дээр ямар ажил мэргэжил хэрэгцээтэй байгаа болон илүүдэлтэй байгааг судлалгүй явсаар ЕБС-аа төгсөх болчихсон байдаг. Иймээс төгсөөд яг ямар ажил хийхээ мэдэхгүйгээр зөвхөн дээд боловсролын төлөө сэтгэлийн хөөрлөөрөө их дээд сургуульд элсэн суралцаж хайран цаг, мөнгөө үрдэг. Иймээс нөгөө л дипломтой ажилгүйчүүдийн тоог нэмэх суурь болдог. Тиймээс өөрийнхөө хүсэл сонирхол, ур чадвар, сэтгэл зүйн онцлог зэрэгт тулгуурлан, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг судалсны үндсэн дээр мэргэжил сонголтоо хийх нь чухал юм.
Иймээс залуустаа Боловсол соёл шинжлэх ухааны яам, Боловролын үнэлгээний төвөөс гаргасан Монгол улсад ирэх таван жилд хамгийн их эрэлттэй байх “ТОП-10 мэргэжил”-ийг танилцуулж байна.
1. Архитектор
Энэ мэргэжил бол барилгын салбарт хамгийн чухал мэргэжлүүдийн нэг. Угаас өнөө үед өливаа барилгын өнгө үзэмж, хийц загварыг гойд анхаардаг болсон. Тэгвэл энэ асуудлыг архитекторчдын уран санаанаас үүдэн цогцлоодог гэдгийг та бүхэн мэднэ.Мэргэжилдээ эзэн болсон архитекторчдын цалин хөлс ч чамгүй бөгөөд барилгын компанидаа удирдах түвшнии статустай ажиллаж, мөн тодорхой төслүүдэд голлох үүрэгтэй оролцдог мэргэжил юм..
2. Төсөвчин
Санхүүгийн салбарын ажил мэргэжлүүд дотроос бизнес харилцаанд хамгийн түрүүнд орсон нь төсөвчид юм. Одоо томоохон төслүүдийн төсөв зохиох ажилд хөрөнгө оруулагчдад гар татахаа больжээ. Учир нь хамгийн үнэн зөв, алдаа мадаггүй дүн мэдээ тайлан гаргадаг төсөвчид бол өнөө цагт маш хэрэгтэй мэргэжил болоод байна.
3. Геологич
Хөдөө хөхөрч, гадаа ганддаг хүндхэн нөхцөлд ажиллах ч гэлээ геологичид уул уурхай зонхилсон эдийн засагтай манайх шиг оронд тэртэй тэргүй “бриллиант” байх нь ойлгомжтой. Орд илэрцийг олж нээхээс гадна, олсон биетийнхээ агуулгыг тодорхойлох, судал сувгийг зааж зурахаас эхлээд компанидаа оруулдаг тэдний үр ашиг хамгаас чухал байдаг.
4. Уул уурхайн инженер
“Оюутолгой төслийнхөн ашиглалтаа эхлэх гэтэл мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байна” гэсэн мэдээлэл сүүлийн үед улиг болж байна. Зөвхөн энэ төсөлд л гэхэд 90 хувь нь монголчууд байх ёстой. Наана нь Тавантолгой бас бий. Хөшөөт, Цагаан суварга гээд олон том ордууд боловсон хүчнээ хүлээн буй. Үндсэндээ уул уурхайн инженерүүдийн мэргэжил эрэлт ихтэй байгаа ч нийлүүлэлт нь “сөөм” төдий байна.
5. Гоо сайхны мэс засалч
Сайхан байх хүслэн зөвхөн оддынх биш. Гоо сайхны мэс ажилбар харьцангуй нийтлэг хэрэглээ болсныг бүсгүйчүүдийн нүднээс харж болно. Энэхүү мэргэжил нь хүний ил болоод далд гоо сайханд чухал үүрэг гүйцэтгэдэг, тэр хэрээр өндөр хариуцлага хүлээдэг мэргэжил. Иймдээ ч үнэ ханш өндөр байдаг бөгөөд жил ирэх тусам, хүнд хүнд мэсүүдийг хийх тусам үнэ ханш нь нэмэгдэж байдаг мэргэжил юм.
6. Барилгын инженер
Газрын гадаргуу дээр байшин барилга хэрхэн тогтож босох хуулийг энэ хүмүүс мэлдэг. Тэгш хэмийг мэдэрч чадсан барилгын инженер бол “үнэ цэнэтэй тоглогч”. “Нүхээ олсон” чадвартай инженерийн ажлын нөхцөл ч дээд зэргийн. Барилга бүрт онцлог, давуу тал шингээх болсон энэ цаг үед тэдний үнэлэмж буурахгүй байсаар л байна.
7. Хүнд даацын автомашины жолооч
Жолооны үнэмлэх дээрээ “Е” ангилалтай, 50-аас доошгүй тонны даацтай машинтай жолоочийн ажил цагт дунджаар I 00 ам.долларын үнэлгээтэй.. Ерөнхийдөө ажлын үнэлгээ нь өндөр мэргэжил юм.
8. Өндөр зэрэглэлийн рестораны тогооч
Тогтмол орлоготойд тооцож болох энэ ажлын олдоц ховор, шалгуур өндөр. Ресторан хэдий чинээ өндөр зэрэглэлийнх байна, тогоочийн цалин төдий хэмжээгээр өснө. Тохижилт сайтай гал тогоог нөхцөл муутайд тооцож таарахгүй. Ариун цэврийг дээд зэргээр сахисан харин ч таатай ажлын байр гэж болно.
9. Нотариатчин
Нийгмийн анги бүлэг болтлоо өргөжсөн хуульчдын хувьд ажлын байр харьцангуй цөөн. Шүүх, прокурор, шийдвэр гүйцэтгэх газар, цагдаа гэх ажлудыг хийх гарцтай. Ихэнх нь төрийн албан хаагчдын цалингийн сүлжээгээр цалинждаг.
Харин тэдэн дотроосоо өмгөөлөгч, нотариатчид “эвээ олчихсон” боломжийн ажил гэхэд болно. Ажлын нөхцөл нь ч муугүй, мөн үнэлэмж нь өндөр. Хэдий хэмжээний үнэ ханштай, ямар харилцааг баталгаажуулж байгаагаасаа шалтгаалаад нотариатчид ажлаа тэр үнийн тодорхой хувиар тогтоодог. Зуун саяын худалдааны гэрээнд тамгаа дараад арваас доошгүй саяыг авна гээд бод доо.
10. Маркетингийн менежер
Хувийн хэвшлийнхний дунд сүүлийн үед “моод” болж буй үзэл санаа маркетерүүдийг хаданд гаргаад байна. “Хоосон цаасыг ч худалдана” гэх уриа дэвшүүлсэн овжин, сэргэлэн залуус компаниудад зонхилох байр суурьтай байна. Мэдээж, цалин хөлс нь ч энэ байр сууриа дагаад бусдаасаа арай ахиу байдаг байна.
Мэргэжил сонголтоо зөв хийгээрэй, охид залуус аа.
Б.Цэцэ