“Хоёр сүнстэн” хэмээх ном бичиж, ижил хүйстэн гэдгээ хэнээс ч нуудаггүй залуу хэдхэн жилийн өмнө гей залуучуудын дунд зарласан миссийн тэмцээнд түрүүлж байлаа. Гей мисс Энхриймаа нэрээр олонд танигдсан энэ залууг үндэсний үзэлтнүүд дарамталж, оршуулгын газар аваачиж, айлгаж ичээж байсан гэдэг.
Тиймээс тэрбээр Олон улсын хүний эрхийн байгууллагаас тусламж хүсч, тэдний дэмжлэгтэйгээр Австрали руу цагаачлаад багагүй хугацааг өнгөрөөж байна. Монгол залуу гадаадад гарч, гоо сайхны хагалгаа хийлгэж, стиль, имижээ бүрэн өөрчилсөн гэнэ. Тэр ч бүү хэл тэрбээр Мельбурн хотод ижил хүйстэн найз залуутайгаа амьдарч байгаа юм байна. Тэрээр Энхриймаа хэмээх монгол нэрээ Тунгалаг болгон өөрчилжээ.
Харин гадаад нэрийг нь Юна гэдэг гэнэ. Тэрбээр хүйсээ солиулах мэс засалд орохоор бэлтгэлээ базааж байгаа сурагтай. Гей мисс залууг зодсон үндэсний үзэлтнүүдийн хэрэг нэг хэсэг багагүй дуулиан тарьсан. Сүүлийн үед бэлгийн цөөнхийн тухай асуудал хаа сайгүй яригдаж, ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллага ч цөөнгүй байгуулагдаж байгаа. Гэвч бэлгийн цөөнхийн талаарх мэдээлэл иргэдэд төдийлөн сайн хүрч чадахгүй байгаагаас болж нэгнээ ад үздэг, дээрэлхдэг, сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд хохирол үзүүлдэг гэсэн мэдээлэл НҮБ-д хүртэл очоод байгаа гэнэ.
UNDESTEN.MN Ц.Хан-Хөхий