Холлиудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо ирэх зунаас манай улсад ирж, Хөвсгөл далайд адал явдалт аялал хийхээр болсон. “Титаник”, “Чаддаг юм бол бариарай” зэрэг уран сайхны кинонд дүрээ мөнхөлсөн тэрбээр энэ жил 42 настай. Жүжигчний кареараа 5 наснаасаа эхлэж байсан гэдэг. Харин 19 настайдаа Шведын нэртэй моделийн агентлагт загвар өмсдөг байсан талаар Dailynews мэдээллээ.
Леонардо Ди Каприогийн жинхэнэ нэрийг Леонардо Вильгельм Ди Каприо гэдэг. Тэрбээр 1974 оны 11 дүгээр сарын 11-нд АНУ-ын Лос-Анжелес хотод төржээ.
Леонардо Ди Каприо итали, америк, орос, герман гаралтай жүжигчин. Түүний эцэг Жиорж Ди Каприо итали, америк гаралтай хүн бол ээж нь герман, оросын эрлийз бүсгүй юм. Леонардогийн ээжийнх нь ээж Германд цагаачилсан Орос хүн байсан аж. Жүжигчний ээж Ирмелин хуульч мэргэжилтэй хүн байсан бол аав нь комик номын зураач, продюссер, борлуулагч хүн байжээ.
Тэд оюутан байхдаа танилцсан бөгөөд Ирмелин хүүгээ гэдсэнд байхад нь Италийн музейд Леонардо Да Винчигийн зургийг үзээд ихэд сэтгэл нь хөдөлсөн байна. Тэгээд л Ирмелин хүүдээ Леонардо хэмээх нэр хайрлажээ.
Харамсалтай нь Леонардог нэг настай байхад эцэг эх нь салж, тэр ээж дээрээ өсөх болсон байна. Цэнхэр нүдэт, шаргал халимагтай сэргэлэн хүү багын л адтай байжээ. Тэр хоёр настай байхдаа л телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож, дэлгэцэнд дүрээ мөнхөлж эхэлсэн байна. Ийнхүү тэр таван настай байхдаа хүүхдийн телевизийн цувралд тоглож, олон реклам, богино хэмжээний кино зэрэгт гол дүр бүтээх болжээ. Бага настайгаасаа эхлэн кино, телевизийн ертөнцөд хөл тавьж, орчинд нь өссөн хүү 14-тэйдөө энэ урлагтай амьдралаа нягт холбох алхам хийсэн байна.
Тэр кино ертөнцөд алдарших замаа нээж, 14 настайдаа анх удаа байгууллагын харьяалалтай жүжигчин болсон аж. Авьяаслаг, завгүй хүү сургуульдаа сурахын хажуугаар жүжигчний ажлаа амжилттай гүйцэтгэж, нийт 30 гаруй рекламанд тоглосноос гадна хэд хэдэн олон ангит кинонд дүр бүтээсэн байв.
Түүний 1991 онд тоглосон хоёр ч сериал нь өсвөр насны жүжигчнийг олонд таниулж, тэр мэргэжлийнхний хараанд өртөж эхэлсэн байна. Ийнхүү тэр 17 настайдаа Холливудын кинонд тоглож эхэлсэн бөгөөд 1993 онд “Гилберт Грейп юу идчихэв” кинонд ирээдүйн хуурай ах Жонни Депптэйгээ хамтран тоглосон нь түүний карьер хэрхэн өссөнийг илэрхийлж байв.
Энэхүү кино гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж, “Box Office”-ыг тэргүүлэв. Кино сонирхогчид Леонардог шүтэн биширч, “хамгийн гярхай жүжигчин” хэмээн тодорхойлж эхэлсэн юм. Бас 19 настай залуу жүжигчин анх удаа Оскарт нэр дэвшсэн гайхалтай амжилт үзүүлэв. Мэдээж, “Алтан Бөмбөрцөг”-т ч нэр дэвшсэн юм. Ийнхүү Холливудын тэнгэрт хамгийн тод, хурц, залуу од гялалзаж эхэлсэн юм. Холливудынхан ч түүний онцгой авьяасыг үнэлж, дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байсан.
1997 онд олны хүртээл болсон орчин үеийн “Ромео, Жульетта”-д гол дүр бүтээсэн нь гайхалтай амжилт гаргаж, Леонардог Британийн шилдэг жүжигчнээр нэрлэсэн юм.
Леонардог илэрхийлэх өөр нэгэн сод бүтээл бол мэдээж “Титаник”. 1997 онд тэр Холливудын хамгийн шилдэг найруулагч Жэймс Камероны суут бүтээлд гол дүр бүтээсэн юм. Уг бүтээл дэлхийн кино ертөнцийн хит болж, оны онцлох үйл явдал болж байсан. Харин өнөөдөр бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн шилдэг бүтээл болон мөнхөрсөн. Леонардо Ди Каприо ч мөн дэлхийн хамгийн нэр хүндтэй, ур чадвартай орчин үеийн жүжигчин болон мандав. 23 настай залуу жүжигчин дахин Оскарын шагналд нэр дэвшсэн юм. Энэ ондоо тэр “People” сэтгүүлийн дэлхийн хамгийн сайхан 50 хүний жагсаалтыг тэргүүлжээ.
Леонардо Ди Каприогийн карьер үргэлж дэлхий нийтийн анхааралд байдаг шиг хувийн амьдрал нь ч олны сонирхлыг татсаар ирсэн. Гайхалтай нь, тэр үргэлж дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн ертөнцөөс найз бүсгүйгээ сонгодог. Юу гэхээр, түүний найз бүсгүйчүүд нь бүгд загвар өмсөгч, сахиусан тэнгэрүүд байсан юм.