Холливудын үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Жессика Альба Кэш Уоррентэй гэрлэснээс хойш есөн жил өнгөрч, тэд хоёр хөөрхөн охинтой болсон билээ.
Оддоос хамгийн тогтвортой бас жаргалтай гэр бүлтэй гэгддэг Жессика Альба хувийн амьдралынхаа аз жаргалыг нууцаас дэлгэж, бусад бүсгүйчүүдэд сургамж болохоор зүйлийг хэлжээ.
“Охид минь унтвал Кэш бид хоёрт зориулсан цаг эхэлж буйг мэдэрдэг. Юу ч хийхгүй, хамтдаа мөр зэрэгцээд сууж байхад ч сайхан л байдаг. Бид хоёр хоёулхнаа үлдэхдээ гар утсаа унтрааж, и-мэйл ирсэн эсэхийг ч шалгах гэдэггүй. Учир нь энэ цаг бол зөвхөн бид хоёрынх гэж үздэг. Гэр бүлийнхээ сайхан харилцааг авч үлдэхийн тулд бүсгүйчүүд зарим зүйлийг ойлгох хэрэгтэй шиг санагддаг. “Одоо амраад, маргааш л нөхөртөө зав гаргая” гэж бүсгүйчүүд боддог. Тэгж болохгүй ээ. Өдөр бүр нэг нэгэндээ цаг гаргаж, халамжилж байх нь их чухал. Харин романтик байдлын тухайд бол надад ийм бодол бий. Магадгүй би 30 хүрчихсэн болохоороо ингэж хэлж байж ч болох юм. Романтик байдал гэдэг нь сүртэй, сүржин бэлгийг хэлдэггүй. Харин ч их энгийн байвал сайхан. Хэдхэн хоногийн өмнө Атлантад зураг авалтаар очиход Кэш цэцэг илгээсэн байж билээ. “Нөхөр минь намайг үгүйлж байна” гэдгийг би тэр цэцэгнээс бүрэн мэдэрч, сэтгэл догдолсон. Ийм л байвал сайхан. Эсвэл намайг ажилдаа түүртээд эхлэх үед нөхөр минь охидоо аваад зугаалахаар гардаг. Энэ нь намайг хайрлаж, халамжилж байгаа хэрэг. Үүнийг л би романтик гэж боддог доо” хэмээн Жессика Альба ярьсан байна.
Р.Гэгээ /Дуулиан/