Эвий дээ, ядуухан Монголын ялдамхан хонгор үрс минь ….

137

Дөрөвдүгээр ангид сурдаг хоёр жаал хүү хамтдаа үхэхээр шийджээ. Хатсан боорцгоо хувааж идээд гэр хорооллынхоо тоост гудамжинд шороо манартал хөлбөмбөг өшиглөн наадаж, сургуульдаа хөтлөлцөөд гүйж явсан хоёр найз гэнэтхэн амиа хорлохоор тохиролцож гэнэ.

“Миний аав намайг дарамтлаад байдаг. Бас аймаар зоддог. Ээж минь ч ирэхгүй юм. Өвөө нас барчихсан. Надад хайртай хүн энэ дэлхий дээр байхгүй. Би амиа хорлоно” гэж нэг нь нөгөөдөө шивнэхэд борхон хацар дээгүүр нь гомдлын нулимс бөмбөрч байлаа. Сайн найзынхаа гомдлын үгийг сонсоод “Надад ч аав, ээж байхгүй. Тэр хоёр аль хэдийнэ салчихсан. Надтай хамт амьдарч байгаа эмээ миний эмээ биш шүү дээ. Аав, ээж хоёр ерөөсөө ирдэггүй. Надад ч хайртай хүн байхгүй. Хоёулаа адилхан юм байна. Би чиний найз юм чинь чамтай хамт үхье.” гээд саарьтаж халтартсан гараараа найзынхаа нулимсыг арчив.

136

Аравхан настай хоёр хүү ийн ярилцаад хүний хорвоогоос хамтдаа буцахаар шийдэж эзэнгүй айлын хашаа руу орж байшин дээр авиран гарав. Хоолойгоо боож амиа хорлохоор шийдсэн тэдний гарт мяндсан цагаан утас нэжгээд байлаа. Байшингийн хөндлөвч модноос утсаа уяад хоолойдоо углав. Нээг, хоёрын, гурав аа… Үсэрчихлээ. Азаар нэгнийх нь хоолойд боосон утас даалгүй тасарч хүү газарт ойчив. Эргээд хартал найзынх нь хөл агаарт савлаж хоолойд угласан мяндсан утас улам чивчирч царай нь минчийн хүрэнтэж байлаа. Хүү найзынхаа хөлөөс нь дээш өргөж “Миний найзаа битгий үхээч ээ, яанаа авраарай, миний найз үхлээ ш дээ” гэж тэнхээ мэдэн орилон уйлахад хажуу айлын залуу гүйн ирж утсыг таслан хүүг буулган аваад түргэн тусламж дууджээ. Хоолой нь боогдсон хүү ухаангүй эмнэлэгт хүргэгдэж, найзыгаа үхэх гэж тарчлан тийчилж байхыг харсан хүү шоконд орон яахаа ч мэдэхгүй уйлан хайлсаар цагдаагийн босго алхав… Энэ бол хоёр жилийн өмнө Сонгинохайрхан дүүрэгт болсон явдал.

Уг нь тэдний насанд хичээлээсээ ирэнгүүтээ цүнхээ шидчихээд л өдөржин эрхэлж наадаад, орой ээж ааваараа гуйлгуулан байж хоолоо идээд зурагт үзэж байгаад нам унтдаггүй сэн билүү. Тэдний насанд ангийнхаа хөөрхөн охидыг өдөж үснээс нь чангаан бахируулж дэггүйтдэггүй билүү. Гэтэл хоёул хоёулаа амиа хорлох гэж байхыг бодоход энэ хорвоод яасан их гомдоо вэ. Хэн тэднийг ингэтэл нь гомдоож орхив..?

Хоёр өөр газарт төрж, хоёр өөр амьдралаар амьдарсан ч тэдний зовлон нэг байлаа. Хэн хэнийх нь аав ээж салж, тусдаа амьдардаг юм байна. Хоёулаа эмээ өвөөгийндөө байдаг. Одоо эмнэлэгт байгаа хүү нь аавынхаа ээж, аав хоёр дээр байдаг бөгөөд өвөө нь нас бараад 49 хоног нь ч өнгөрөөгүй байна. Ээж нь хөдөө байдаг болохоор хүүтэйгээ уулзалгүй уджээ. Аав нь ч хөдөө ажилладаг тул төдийлөн санаа тавьж чаддаггүй бололтой юм. Сүүлийн үед хичээлээ ганц нэг таслаад байсан болохоор энэ талаар нь багш нь эмээд нь дуулгасан аж. Харин аав нь түүнийг нь сонсчихоод хүүгээ загнасан бололтой. Тэгээд л хүү амиа хорлохоор шийджээ.

Харин түүний найз нь аавынхаа ээжийн эгчтэй хамт амьдардаг. Аав, ээж нь хэдийнэ салсан болохоор хүүгээ гэж ирдэггүй гэнэ. Хоёр хүү хоёулаа л “Тийм амттан аваад өгөөч” гэх юмуу эсвэл “Ориг пүүз өмсөх сөн” гэх мэтийн тэдний үеийн хүүхдүүдийн дунд нийтлэг байдаг хүсэл мөрөөдлөө хэлж эрхэлж нялхрах хүнгүй өнчин дутуугийн зовлон эдэлж явсан байна.

Гурван жилийн өмнө Хан-Уул дүүрэгт хойд аавдаа байнга зодуулж доромжлуулдаг байсан жаалхан хүү гэрийнхээ паарнаас өөрийгөө боож амиа хорлож билээ. Өнчин хүүгээ дагуулаад амьдрахын эрхээр харгис хатуу эрийн нөмөрт хоргодож явсан ээждээ хүү нь “Ээжээ би таныг өрөвдөж байгаа учраас үхэхээр шийдлээ. Та надаас болж аавтай дандаа зодолддог шүү дээ.” гэсэн гэрээслэл үлдээгээд өчүүхэн биедээ ахадсан хорвоогийн зовлонгоос өөрийгөө гэтэлгэсэн байсан. Ээжийгээ хайрлаж үхлийг сонгосон хүүгийнх нь амь насыг төр нэхэж хойд эцгийг нь шүүх үед эхийн амнаас “Би гомдолгүй ээ” гэсэн үг унаж ээжтэй, үртэй бүхний зүрхийг цоо хатгаж билээ.

Халуун хэвлээсээ унагаж амьдрал бэлэглэсэн үрээ алдчихаад хар элгийн эр өмөөрч зогссон эхийн сэтгэл шиг хатуу юм энэ орчлонд байдаггүй юм билээ. Хөвсгөл аймагт сураггүй алга болсон жаахан хүүг эрлийн групп газар сайгүй хайж, олчих санаатай өдөр шөнөгүй мацаж явахад нь “Гомдолгүй ээ, одоо эрлээ зогсоо, зогсоо” гэж хэлэх эх хүн бас байсан л юм.

Нөгөө ”….Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг толгойтой

Хөгшин муу хүү минь

Ижийнхээ нүдэнд бол

Манцуйдаа дэрвэлзэх мяндас цагаан үр минь …” гэж шүлэглэдэгсэн яалаа. Эх үрийн цагаан сүүгээр хэлхсэн нандин холбоо, эцэг эхийн элбэрэл хайрыг зөвхөн шүлэг найраг, үлгэр домогт үлдээмээргүй байна.

Хөдөө алт ухахаар явахдаа гурван жаахан хүүхдээ гэртээ нь үлдээгээд долоо хоног сураггүй алга болчихоод эргээд ирэхэд нь хүүхдүүд нь өлссөндөө зурагтаа ломбарданд тавиад талх боов авч идсэний төлөө зодож гэмтээсэн байсан. Ханьдаа хаягдсан эх долоон настай хүүгээ дагуулаад чинээлэг айлын хаяа бараадаж үнээг нь сааж өгөөд ам хөдөлгөх төдий амь зууж байхад нь баян айлын чадуу залуу өөдөсхөн тэр нялх амьтныг хэрцгийгээр зодож жалганд аваачаад булчихсан байсан. Ганцхан сарын дараа сургуульд орно гээд ээжээсээ цүнх авч өгөхийг гуйж байсан хүүгийн сүнс хэрцгий залуугийн гарыг цусаараа мялаагаад энэ орчлонд, энэ хүмүүст гомдон гомдон одсон биз.

Амьдрал хэцүү байгаа, бүгдээрээ мэднэ. Энэ бол хэсэгхэн хэдэн хүмүүст биш хамаг Монголд ирсэн үүрвэл зохих лай. Бултаараа л зовж, өлсөж, хэцүү үеэс гарах гэж эрвийх дэрвийхээрээ ажиллаж тэмүүлж байгаа. Тэглээ гээд энхрий үрсээ хайхрахгүй хаяж, амь насыг нь бүрэлгэж болно гэж үү. Амьдралын зовлон бэрхшээл бидний хүнлэг сэтгэл хайр энэрлийг ховх сороод хаячихсан юм гэж үү. Хүүхдүүдийнхээ мөрөөдлийг чих тавин чагнаж, цаг гарган ярилцаж гэнэн хонгор хүслийг нь сонсч суух завыг энэ нийгэм бас ижий аав та биднээс булаагаад авчихсан юмуу.

Хэдэн жилийн өмнө дэрсхэн хоёр хүү Америк хэмээх мөрөөдлийн оронд очих хүсэлдээ хөтлөгдөн онгоцны дугуйны хавхлагт нуугдаж суугаад амиа алдсан эмгэнэлт хэрэг гарч билээ. Хэрвээ тэдний Америк гэдэг оронд очихын тулд нуугдаж нисээд явчихаж болно гэсэн гэнэхэн мөрөөдлийг нь хэн нэгэн сонссон бол хаанаас тийм хэрэг гарах билээ дээ.

…Хүү ээжээсээ Бэтмэний хувцас авч өгөхийг гуйжээ. Тас хар нөмрөг нүдний хаалтаар гоёсон нисдэг Бэтмэн зургаахан настай хүүгийн мөрөөдөл байв. Удаан гуйлгасны эцэст ээж нь хүссэн зүйлийг нь авч өгчээ. Гоё хувцсаа өмсөж баярлаж хөөрсөн хүү хоолоо хийж байсан ээжийнхээ дэргэд ирээд “Ээжээ, ээжээ энэ Бэтмэний хувцсыг өмсөхөөр нисдэг тиймээ” гэхэд нь хийж байгаа ажилдаа түүртсэн эх “Тиймээ, миний хүү” гээд хэлчихэж. Зуны халуунд онгорхой байсан тагтны хаалгаар хүү нь гүйж гармагцаа доошоо үсэрч орхих нь тэр. Найман давхарын тагтнаас үсэрсэн тэр бяцхан амьтныг гэгээн мөрөөдөл нь ийнхүү бурхны оронд авч одсон юм. Хүүдээ хайртай, хүүгээ эрхлүүлдэг залуу эх үрийнхээ хойноос энэлэн шаналсаар төдөлгүй галзуурч эмнэлэгт хүргэгдсэн гэнэ билээ.

Энэ мэтийн зүрх зүсэм явдал дэндүү олон. Хүүхдүүд хаана л бол хаана нүд үзүүрлэгдэж байгаа жишээг хэн маань ч харж болно. Микроавтобусанд хүүхэд суулгахгүй гээд харанхуй болсон хойно буудал дээр торойтол нь орхиод давхиж одно. Гоёмсог сайхан орд харш хотоор нэг сүндэрлэвч хүүхдийн тоглоомын талбай нүдний гэм. Баар, ресторан, дэлгүүр хоршоо олон боловч хүүхдэд зориулсан нь хуруу дарам.

Сайд ноёд өөрсдөдөө тэрбум тэрбумаар нь төсөвлөн халгиж цалгивч хүүхдийн төлөө юу ч үл зориулна. Тэгсэн атлаа бүгдээрээ хүүхэдтэй. Эрээн бараантай нийгмийн цоорхой тасархай бүхнээр будаа шиг гоожин хаягдаж хоцорсон хүүхдүүдээ хэзээ нэг хайрлах юм бэ. Эвий, хонгор үрс минь, та нарынхаа төлөө томчууд бид юу хийсэн билээ. Яг одоо хүүгээ, охиноо өвөр дээрээ суулгаад “Аав нь, ээж нь чамдаа маш их хайртай” гэж хэлье. Өөдөсхөн тэднийгээ чангаас чанга тэвэрч гэнэхэн мөрөөдлийг нь чих тавин чагная. Эвий дээ, ядуухан Монголын ялдамхан хонгор үрс минь.

П.Мөнхцоож


Эвий дээ, ядуухан Монголын ялдамхан хонгор үрс минь ….
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex