Н.Ану 2015 оны дэлхийн миссийн тэмцээнд Монголыг төлөөлөн оролцсон. Тэрбээр 2010 оноос хойш загварын салбарын уралдаан тэмцээнүүдэд амжилт гаргаж ирсэн юм. Түүний уруулаараа зурах авьяас нь олон улсын тэмцээнүүдийн үеэр шүүгчдийн анхаарлыг хамгийн их татдаг билээ. Бидний тавьсан таван чухал асуултад түүний хэрхэн хариулсныг сонирхуулъя.
НӨАТ-ын буцаан олголтын сугалаагаар 100 сая төгрөгийн эзэн болбол хамгийн түрүүнд юу худалдаж авах вэ?
-Баримтаа өөрийн биеэр цуглуулж, бүртгүүлж чадахгүй л байна. Харин манай дүү цуглуулж, бүртгүүлээд байх шиг харагдсан. Хэрвээ хожвол байршил сайтай газарт байр худалдан авна.
Таны хамгийн их итгэдэг хүн хэн бэ. Яагаад?
-Найз залуудаа хамгийн их итгэдэг. Өдийг хүртэл надад тохиолдсон баяр, гунигтай үеүүдэд хажууд минь байж ирсэн. Намайг үргэлж дэмждэг, миний түшиг тулгуур. Ажлын болоод хувийн амьдралын бүхий л зүйл дээр тусалдаг учраас найз залуудаа чин сэтгэлээсээ итгэдэг.
Танихгүй хүнтэй ярилцах шаардлага гарах үед ямар сэдвээс яриагаа эхлүүлэх вэ?
-Тэр хүнийхээ ажил мэргэжлийг хамгийн түрүүнд асууна. Ажил мэргэжлийнх нь тухай яриа өрнүүлж, дэлгэрүүлэн асууна.
Сурталчилгааны зураг авалтад оролцоход хамгийн хэцүү нь юу вэ?
-Гадаа маш хүйтэн үед нимгэн хувцастай зураг авалтад орох үе гардаг. Хэдэн цагаар ч зогсох нь бий. Энэ хамгийн хэцүү нь. Бас их халуунд зураг авалтад орох ч амаргүй.
Та ямар асуултад хамгийн дургүй вэ?
-Ярилцлагад орж байх үед “Та өөрийгөө юу гэж боддог вэ” эсвэл “Та өөрийгөө хөөрхөн гэж боддог уу” зэрэг асуулт тавьдаг. Энэ асуултад хамгийн дургүй. Хүн өөрийгөө маш сайн мэдэж байж болох ч хөөрхөн, муухай, сайн, муу гэдгээ асуултаар хариулаад байх шаардлагагүй гэж боддог.
Г.Чимэдлхам
Засгийн газрын мэдээ