“Эрүүл мэндийн мэдээ” сонины дугаар бүрт иргэдээс олон арван асуулт ирдэг билээ. Тиймээс энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буландаа хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовиносон аав, ээжүүдийн асуултад хариулт авлаа.
Эцэг, эхчүүдээс ирсэн дараах асуултад “Гурван гал” эмнэлгийн Хүүхдийн зөвлөх эмч Д.Шүрэнцэцэг хариулж байна.
ХАМРЫН ДУСААЛГА САЛСТЫГ ХАТААДАГ УЧИР ЭМЧИЙН ЗААВРЫГ ДАГА
-Охин минь одоо зургаан настай. Ханиад хүрсэн үед болон бусад үед хамар нь дотроо улайгаад байх юм. Энэ юунаас болдог юм бэ. Нэг хэсэг эмчийн заавраар “Бабу” гэсэн хамрын дусаалга хэрэглэж байсан. Харин одоо гэрийн нөхцөлд яаж, арчилахаа мэдэхгүй юм.
-Хамрын салстын үрэвсэл олон шалтгаантай байдаг. Тухайлбал, вирүсын халдварын үед буюу ханиад томууны үед хамрын салст үрэвсэж улайна. Мөн орчны агаар, хуурай халуун үед, хувийн ариун цэвэртэй холбоотой үрэвсэж улайх нь бий. Энэ үед хүүхдийн хумсыг зөв авч, гарын ариун цэвэр сахиж хамрыг ухуулахгүй байх хэрэгтэй. Хамрыг буруу цэвэрлэж салстыг гэмтээх нь салст улайх бас нэг шалтгаан болдог.
Түүнчлэн энтеробиоз буюу хүүхдийн цагаан хорхойтох өвчний үед хамрын салстад үрэвсэлт өөрчлөлт гарч, хамраас цус гардаг. Тийм учраас эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Ер нь бол хамрын салстын улайлтыг эмчлэхдээ эхлээд үндсэн шалтгааныг арилгах нь чухал. Зарим нэг хамрын дусаалга нь салстыг хатаах үндсэн шалтгаан болж болдог учир хамрын дусаалга, эмийг эмчийн заалтаар хэрэглэнэ. Зарим үед эмчийн зааврын дагуу хамарт эмтэй тосон чихээс тавьж болно /трунд/
ХҮҮХЭДДЭЭ ОЛОН ТӨРЛИЙН АМТТАЙ ХООЛ БЭЛТГЭЖ ӨГ
-Хүүхдийн хоолны дуршлыг сайжруулахын тулд янз бүрийн амин дэм дураараа авч өгөх нь зөв үү. Ер нь витамин их авч уулгах нь хэр зөв юм бэ?
-Хүүхдэд хэрэгцээт витаминыг тохирсон тунгаар авч өгөх нь хэрэгтэй. Витаминыг хэрэгцээг хоол хүнсээр авах нь илүү чухал. Хүүхдийн хоолны дуршлыг сайжруулахын тулд витамин авч өгөх нь өрөөсгөл ойлголт юм. Дуршлыг нэмэгдүүлэх үндсэн чухал хэсэг бол амт чанартай олон төрлийн тохирсон хоол бэлдэж өгөх явдал юм
ГЭДЭСНИЙ ШИМЭГЧ ХОРХОЙ НЬ ХАРШЛЫН СУУРЬ ӨВЧНИЙГ БҮРДҮҮЛДЭГ
-Хүүхдийн цагаан хорхой бүрэн алга болно гэж байдаг уу. Би охиндоо цагаан хорхойны эм эмчийн зөвлөснөөр хоёр ч удаа уулгасан. Гэтэл хоолонд дургүй хэвээрээ байх юм. Зарим үед бас харшил нь хөдлөөд байна. Үүнийг эмч нар цагаан хорхойтой холбоотой гэсэн. Хүүхдийнхээ биеийн дархлааг яаж тордох вэ?
-Хүүхдийн цагаан хорхой бүрэн алга болж болно. Цагаан хорхой устгах эмийг эмчийн заалтаар нас болон биеийн жинд тохирсон тунгаар уулгах хэрэгтэй. Эмчилгээний үндсэн гол хэсэг нь хувийн ариун цэвэр чанд сахих нь чухал. Ялангуяа ахуйн болон орчны ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Эм уусан өдрөөс хойш 14-21 хоногт цагаан хорхой ихээр гадаад орчинд гадагшилдаг учир энэ үед ариун цэврийг дээд зэргээр сахих хэрэгтэй. Цагаан хорхойтох өвчин нь харшлын өвчний суурь болдог учир зохих шинжилгээ, эмчийн заавраар эртхэн эмчлэх хэрэгтэй.