Улстөр, урлаг спортын алдартнууд стиль имиж, онцлог төрхөөрөө бусдаас ялгарах дуртай. Олны нүдэнд дасал болсон стиль имиж нь хоорондоо ижил төсөөтэй байх тохиолдол ч бий. Харин дахин давтагдашгүй өөрийн имиж, дүр төрх, уран бүтээл, хувь хүнийхээ онцлогоор Монгол Улсын Гавъяат жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан бол наяад онд ч, одоо ч фэнүүдийнхээ сэтгэл зүрхэнд мөнхөрсөн дуучин. Хамтлаг байгуулан гарч ирснээсээ хойш буржгар урт үсээ богиносгох нь бүү хэл, шулуун ч болгоогүй тэрбээр монголын рок попын ертөнцөд “Буржгар Жагаа” нэрээр танигдсан. Төмөр тоноглолтой савхин гоёл, буржгар үсээрээ өвөрмөц стиль бүрдүүлсэн эрхэм дуучин маань нас тогтсон хойноо гоёмсог загвартай бүрх малгай, нүдний шилээр гангарах болсон билээ. Ингээд гавьяатынхаа яриаг хүргэе.

-Эхнээсээ өрнөвөл зүгээр байх. 1989 оны есдүгээр сар. Би тэгэхэд Улсын филармоний дэргэдэх “СоёлЭрдэнэ” хамтлагт дуучин байсан. 1983 онд цэрэгт хамт байсан “Оч” хамтлагийн залуучуудтайгаа хааяа нэг уулзаж тэр үеийнхээ дуунуудыг сэргээн дуулж, зарим нэгийг нь проб маягаар бичиж, Залуучуудын соёлын төвд цугларч хамтлаг байгуулах тухай ярилцдаг болсноор нэг ёсондоо би “хос” морьтой болсон хэрэг. Тэр үед Орост өөрчлөн байгуулалт өрнөж манай залуучууд ч хуучнаараа байхыг хүсэхгүй болсноор бүх юм өөрчлөгдөж эхэлсэн л дээ. Ингэж “Чингис хаан” хамтлаг үүсэн байгуулагдах эхлэл тавигдсан юм. Одоо 22 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд манай хамтлагийн урын санд олон сайхан дуу бүтээгдэж мөнхөрсөн, олон хөгжимчид манай хамтлагаар дамжин тоглож, “дээшээ доошоо” явсан ч үндсэн бүрэлдэхүүн нь хэвээрээ өнөөг хүрчээ. Тэр үед “Харанга” хамтлаг бас байгуулагдаж байсан байх шүү.
-Таныг нэг хэсэг шар хэвлэлүүд “нууц ноёнтон” гэж ирээд л баахан бичдэг байлаа шүү дээ. Манай уншигчдад сонин байж магадгүй. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Үгүй яахав дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө рекламдахгүй, ямар уран бүтээл хийж байгаа, одоо хаашаа явж тоглох гэж байгаа гээд хийсэн, хийгээгүй юм болгоноо сайрхахгүй, реклам цацдаггүй нэг л далд яваад байхаар тэгсэн юм байлгүй. Тэгж нэрлэдэг байсан үе бий. Тэгээд ч манайхан бусдаас хуулахдаа мундаг улс хойно. Тэр үед чинь “Загалмайлсан эцэг”, “Нууц ноёнтон” гэсэн нэр, утга бүхий гадаадын олон арван кино манайд дөнгөж гарч эхэлж байсан болохоор тийм нэр зээлсэн хэрэг байх. Шаардлагатай бол ил гарч хэлэх үгээ хэлэлгүй л яахав. Гэхдээ тийм шаардлага ховорхон юм даа. Уран бүтээлээ хийгээд л, тоглолтоо зохион байгуулаад л өдий хүрлээ дээ. Энэ онд нийслэлчүүддээ нэг том концерт тавихаар бэлтгэл ажилдаа орчихоод байна.
-Ерээд онд Сингапурт нэг жил ажиллаж амьдраад ирсэн цагаасаа л тойрон аяласныг тань санах юм. Тэр үеийн тоглолтыг шимтэн үзэж байсан хүүхэд залуус өдгөө 30-40 настнууд болжээ дээ?
-Уран бүтээлч хүний туйлын зорилго бол хийсэн бүтээлээ өөрийн биеэр хүмүүст, ард иргэддээ, магадгүй дэлхийд хүргэх ёстой байх. Ялангуяа дуучин хүний хувьд. Миний хувьд дийлэнх дуугаа өөрөө үг аятай нь бичиж, дуулж хүмүүст хүргэдэг болохоор би үйлдвэрлэгч биш. Одоо чинь дуу үйлдвэрлэдэг улс олон болсон байна шүү дээ. Манай хамтлагийн урын сангаас 40 орчим дуу сонсогчдод бүр яг таг хоногшчихсон байдаг юм билээ. Ямар нэгэн концерт болоход яг л дэс дараалан нэхчихнэ шүү дээ. Тэр дуунуудыг дуулуулж байж санаа нь амардаг, дуулуулж байж л сая тоглолт үзлээ гэж кайф авдаг. Тийм болохоор манай концерт удаан хугацаанд үргэлжилдэг. Манай хамтлагийн 90-ээд оны дундуур гаргасан нэг аудио кассетанд бичигдсэн дуунуудыг бүр дэс дараалан нэхдэг юм шүү дээ. Жишээлбэл, “Чингисийн баатрууд”-ын ард “Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг” бий гэхчилэн. Бүр дугаарлаад тогтоочихсон, за одоо тэр дуугаа гээд л шаарддаг юм. Зах зээлийн нийгмийн эхэнд манай хамтлаг урлаг соёлоор ангасан асар их орон зайг нөхөж өөрсдийнхөө бор зүрхээр орон нутгийнханд очиж тоглож байсан болохоор тэр үеийн хүүхэд залуучууд бидний дуунд илүү дуртай болсон байх талтай. Арван настай байхад нь яг суман дээр нь, амьдаар нь тоглочихсон болохоор хүн мартдаггүй юм билээ. Надтай тэгж олон хүн холбогдож байсан. Юу ч үзээгүй хүүхдэд яг дэргэд нь амьд хөгжимтэй очоод хоёр гурван удаа тоглочихсон болохоор ерөөс мартдаггүй юм байна л даа. Тэгээд л мөнхийн улаан фэн болж орхидог юм шиг байгаа юм. Тэгэхээр би тэдэнд гологдох уран бүтээл, дуу хийж болохгүй гэсэн үг л дээ. Хэрвээ “Чингис хаан” хамтлагийн мөнхийн уран бүтээл гэж үлдэх юм байвал тэдний ихэнх нь тэр он жилүүдэд нутгаараа тойрч үнэ төлбөргүй тоглож, дуулж явсан дуунууд маань байх болов уу.
-Хүн бүхэн “Чингис хаан”- ы дуунд дуртай. Харин одоо Та ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Хүн л болсон хойно алдаа оноо байдаг биз. Бидний дуунд дургүй хүн байгаа л байх. Гэхдээ хүнд таалагдах гэж би ерөөс дуу хийдэггүй. Харин таалагдсан шүлгэнд ая хийх нь бий. Нэг ёсондоо сэтгэлээс гарсан шүлэг сэтгэл рүү шингэж аялгуу болон урсаад дуу болон гадагшилдаг. Сэтгэлд хүрсэн юм сэтгэлд уусдаг л юм. Одоо манай хамтлагийнхан киноны уран бүтээл дээр түлхүү ажиллаж байна. Миний найз МУАЖ Т.Энхтайван “Тэнгэрийн хүү” гэдэг сайхан кино хийсэн. Энэ бол манай өнгөрсөн зуунд нэрд гарсан монгол зайрангийн тухай юм билээ. Киноны хөгжим болон дууны хэсэгт ажиллаж “Монгол зайран” дуу хийлээ.
Тэнгэрийн ташуур аянгын ниргээнд
Тодорч буусан хаан зайран
Түмэн олны шүтлэг бишрэлд
Тэврүүлж төрсөн мэргэн зайран
Тэнгэр өөд цахилсан эр гурван сүлдний гал нь та
Тэнгэр өөд чиглэсэн эр гурван цагийн шүтээн та
Тэнгэр өөд тэмүүлсэн эр гурван хүслийн дууч та
Тэнгэр өөд цоргисон эр гурван андгайн цэг нь та… гэсэн үгтэй.
-Энэ дууны оранжравщикаар танай Ганбаа ажилласан гэлүү?
-Ер нь манай хамтлагийн бүх дууны найруулгыг Ганбаатар хийдэг. Бид чинь “Оч” хамтлагт байхдаа уран бүтээлээ хамтарч хийж эхэлсэн хоёр шүү дээ. Ёстой миний дуулдаг “Хань” дуунд гардагчлан нэг биеийн нөгөө тал, нинжин сэтгэлийн өрөөсөн хэсэг нь байхгүй юу.
-Та сүүлийн үед дандаа түүхэн сэдэвтэй дуу дуулдаг болоо юу даа. Чингүнжав, Чингис хаан, Амарсанаа, Монгол зайран гээд л…
-Түүхэн сэдэв бол бидний бахархал. Тэгээд ч манай хамтлагийн нэр юу билээ. Гарцаагүй бидний, миний салшгүй нэг сэдэв мөн.
-Өнгөрсөн жил Дорноговьд үнэгүй тоглолт хийсэн сураг байсан?
-УИХ-ын гишүүний урилга заллагаар очиж хэд гурван газар үнэгүй тоглолт хийсэн л дээ. Би өөрөө Хэнтий чигийн хүн болохоор Дорноговь надад сэтгэлд ойрхон байдаг юм. Тиймээс ч нэг сайхан аялгуу сэтгэлд яваад байдаг юм. “Соёл-Эрдэнэ”-д байхдаа Насантогтохтой хамт дуулсан “Тэмээн жингийн цуваа” шиг сайхан говь шанхын тухай дуу дахиж төрөхг үй байна. Тиймэрхүү дуу, түүнээс илүүг хиймээр, дуулмаар санагддаг. Говь шанхын тухай нэг сайхан дуу хийнэ.
-Танд уран бүтээлийн амжилт хүсье.
Т.ЗӨНБИЛЭГ
www.UNEN.mn