Саяхан шинэчлэгдсэн бүтэц зохион байгуулалтанд орж, үйл ажиллагаа нь идэвхижээд байгаа Монголын сагсан бөмбөгийн холбооноос анхны тэмцээнээ эхлүүллээ.
Энэ удаад Монгол улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байсан бүхий л ахмад сагсан бөмбөгчдийнхөө дунд “Ахмад Мастерс Лиг”-н тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний зорилго нь ахмад мастеруудаа алдаршуулж, улмаар тэдний туршлагыг залуу үедээ өвлүүлэх, мөн ахмадын сагсан бөмбөгийн тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцох шигшээ баг бүрдүүлэх зорилготой юм.
Мөн энэ удаагийн тэмцээнийг Монголын спорт сонирхогч мастеруудын холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбооны ахмадын зөвлөл хамтран зохио байгуулж байна. Тэмцээн эрэгтэй 35-39, 40-44, 45-49, 50-54, 55-60, 61-с дээш гэсэн 6 насны ангиллаар, эмэгтэйчүүд 35-39, 40-44, 45-50, 51-с дээш гэсэн 4 насны ангиллаар болж байна. Улмаар Ахмад Мастеруудын Анхдугаар Лигийн тэмцээнд нийт 60 багийн 600 орчим мастерууд оролцсон, маш өргөн хүрээг хамарсан тэмцээн болж байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 3 сарын 5-нд буюу өнгөрсөн хагас сайн өдөр Спортын Төв Ордонд болж, ахмад мастерууд маань тун идэвхитэй, бүрэн хувцастай, одон медалиа гялалзуулсаар жагслаа.
Ахмад мастеруудын анхдугаар лигийн тэмцээн амралтын өдрүүдэд үргэлжлэн явагдах бөгөөд, плэй-оффын тоглолтуудтай байх юм. Улмаар тэмцээнээс шалгарсан нас насны шигшээ багуудыг 2016 оны 08 сарын 26-нд Канадын Ванкувер хотноо болох “MASTERS OLYMPIC GAME”-д анх удаа Монгол Улсаа төлөөлүүлэн оролцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.