Манай улсын хэмжээнд өнгөрсөн онд 512 хүн амиа хорлосноос 50 гаруй нь бага насны хүүхэд байжээ. Хүүхэд амиа хорлож буйн шалтгааныг мэргэжилтнүүд янз бүрээр тайлбарладаг. Өөрийгөө боомилсон тохиолдлыг шинжилгээнд хамруулахад дийлэнх хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэлтэй гэсэн хариу гарч байгаа нь даанч эмгэнэлтэй хариулт биш гэж үү. Он гарсаар эхний нэг сарын байдлаар гэмт хэргийн улмаас 192 хүн нас барж, 707 иргэн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс нас барсан хүний тоо 11.2 хувиар, гэмтсэн хүний тоо 9.4 хувиар тус тус өссөн үзүүлэлт ажээ.
Үүнээс нас барсан хүмүүсийн дотор долоо хүртэлх насны долоо, 8-13 хүртэлх насны гурав, 14-17 хүртэлх насны гурав, 18-24 хүртэлх насны 16, 25-29 насны 24, 30-34 насны 24 иргэн бүртгэгдсэн байна. Түүнчлэн өнгөрсөн онд 412 хүн амиа хорлосны 40 гаруй нь хүүхэд ажээ. Мэргэжилтнүүд хүүхэд амиа хорлож буй шалтгаан олон янз хэмээн тайлбарлаж байна. Тэдний үзэж буйгаар амиа хорлох нь голдуу нийгмийн бухимдал, ядуурал, амьжиргааны түвшинтэй шууд холбоотой гэсэн албан ёсны тоо судалгаа байдаг аж. Өнгөрсөн онд амьдралаасаа уйдсан бяцхан жаалууд голдуу эцэг, эхдээ тунирхсан охид, хөвгүүд, найз охиндоо хаягдсан, мөн баян айлын эрх танхил хүүхдүүд, хойд эцгийн дарамт шахалт гээд маш олон тодорхойгүй зүйлээс болж өөрийн амийг егүүтгэсэн хэргүүд олноор гарсан билээ.
Тухайлбал, 12 настай хүү амьдралаас уйдсан, ядуу амьдралаар амьдарч байгаадаа найз нараасаа ичиж байна гэсэн утгатай захидал эцэг, эхдээ бичээд амиа хорлосон тохиолдол гарсан юм. Амьдралын хүнд бэрхийг туулах гэж ар гэр, үр хүүхдүүдээ умартдаг эцэг, эхчүүд ийм байдалд хүргэхгүйн тулд тэдэнд гэр бүлийн хайр халамж, суурь хүмүүжил хэрэгтэй хэмээн сэтгэлзүйчид зөвлөж байгаа юм.
Н.Ганцэцэг: Хүүхэд амиа хорлож буй нь гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой
Өсвөр насны хүүхдийн амиа хорлолт жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбогдуулж, сэтгэл судлаач эмч Н.Ганцэцэгтэй ярилцлаа.
-Яагаад сүүлийн үед амиа хорлолт ихэсч байна вэ. Сэтгэлзүйч хүний хувьд та энэ талаар юу хэлэх вэ?
-Сүүлийн үед эдийн засаг, нийгмийн байдлаас болж бага насны хүүхдүүдийн дунд амиа хорлох явдал эрс ихэсч байна. Энэ нь хүний төрөлхийн онцлог шинжтэй холбоотой өссөн ч орчин нь хамгийн гол нөлөөг үзүүлдэг.
Хамгийн аюултай нь сэтгэл гутрал. Энэ төрлийн өвчлөл нь өнөөдрийн нийгэмд маш их болсон. Зөвхөн өссөн орчноос нь шалтгаалаад шүү дээ. Сэтгэл гутрал стресс, түгшүүрийг хэвийн хүлээж аваагүйгээс энгийн нөхцөл байдалд гэнэт сэтгэл гутарч, өөрийгөө азгүйд тооцох, санаагаар унах зэрэг сэтгэл гутралын өвчлөлийн байдалд орох зэргээр хүндэрдэг. Зүгээр л хэвийн байгаа үедээ сэтгэл нь гутраад гэнэтийн огцом шийдвэр гаргана гэсэн үг. Ер нь амиа хорлолт гэдэг бол сэтгэл гутрал дээд цэгтээ хүрсний улмаас өөрийгөө хянах чадваргүй болсныг харуулж байгаа алхам л даа.
-Тэгвэл хүүхэд амиа хорлох болсон нь юутай холбоотой вэ?
-Нийгэм хөгжиж байгаа учраас хүүхэд насанд хүртэл асар их өөрчлөлт орж байна. Тухайлбал, өмнө нь 14-16 насны хүүхдийг өсвөр насныхан гэдэг байсан бол одоо 12-13 насныхныг энэ ангилалд оруулдаг болсон. Сургуулийн насны хүүхэд сүүлийн үед амиа хорлох нь ихсэх хандлагатай байгаа юм. Шалтгаан нь олон янз.
Сүүлийн үеийн хүүхдүүд маш ихээр стресст ордог болсон. Эцэг, эхчүүд хүүхэд гэхээр л мөнгөний хэрэг байдаггүй юм шиг ойлгодог бол үнэндээ тийм биш. Тэд сургууль дээрээ бусадтай адилхан хувцаслах, амттан идэх гээд бусдыг дуурайхыг л боддог. Зарим эцэг, эх хүүхдээ хэт их хорьсноос болж найз нөхөдгүй болох түүнээсээ болж сэтгэл санаагаар унах ч тохиолдол байдаг. Гэхдээ хамгийн гол нь гэр бүлийн халуун дулаан хайр халамж дутсанаас хүүхэд амиа хорлох нь ихэсч байна.
-Тэгэхээр хүүхэд санхүүгийн байдлаас болж амиа хорлож байна гэсэн үг үү?
-Гадныхны хувьд бол хүн заавал ажиллаж байх ёстой гэдэг бодол толгойд шингэсэн байдаг. Тийм учраас ажилгүй болбол хамгийн түрүүнд амиа хорлохоо боддог гэсэн. Гэтэл манайд эдийн засгийн байдлаас болж амиа хорлох нь ихэссэн.
Хүүхэд залуус ч эдийн засгийн асуудлаа шийдэж чадахгүйгээс болж амиа хорлож байна. Хүн л болсон хойно мөнгөний хэрэгцээ болж л байгаа шүү дээ. Үүнийг нь манай эцэг, эхчүүд ойлгохгүй байна. Мөн баян айлын хүүхдүүд амиа хорлох нь ихэссэн. Эцэг, эхчүүд миний хүүхэд юу дутсан гэж амиа хорлох юм бэ гэж хариулдаг. Гэтэл амьдрал дээр эсрэгээрээ байдаг. Зарим айлын хүүхдүүдийн хувьд амьдралын бололцооноос хамаарч хийх ажилгүй, бүх юм нь бэлэн байдгаас сэтгэл санаанд өөрчлөлт ордог. Хүйсийн хувьд эрэгтэй хүүхдүүд илүү их сэтгэл гутралын өвчинд өртөж амиа хорлох нь их байдаг. Учир нь эмэгтэй хүн ямар нэгэн таагүй зүйл тохиолдоход бусадтайгаа хуваалцаад стрессээ гаргадаг. Гэтэл эрчүүд түүнийгээ дотроо хадгалаад бухимдаад яваад байдаг. Тэгээд л гэнэт амиа хорлох шийдвэр гаргадаг.
Мэргэжлийн хүний ярьж буйгаар бол ганцхан жилийн үзүүлэлтийг аваад үзэхэд, амиа хорлогсдын 15 гаруй хувийг хүүхдүүд эзэлж байгаа нь нийгэмд айдас төрүүлж байгаа юм. Ялангуяа олон Христийн сүм бий болсноос янз бүрийн гадны шашин шүтлэг, эцэг, эхийн дарамт шахалтын улмаас хүүхэд амиа хорлох нь ихэссэн бол сүүлийн жилүүдэд энэ төрлийн шалтгаан буурчээ.
Харин чинээлэг айлын эрх танхил хүүхдүүд аав ээжийнхээ хайр халамжаар дутсанаас багачууд амиа хорлох болсныг мэргэжилтнүүд онцолж буй юм. Гэр бүлийн хүмүүжил, хүүхэдтэй харилцах харилцаа энд чухлаар тавигдаж байна. Хүүхдийг хэт гэрийн хорионд байлгах, үзэл санааг нь боогдуулах, гэр бүлийн дарамтад оруулах нь сэтгэл санааны гутралд хүргэдэг аж. Судлаачдын материалаас үзэхэд хөрөнгөтэй айлын хүүхдүүд л гэхэд өдөр тутмын ажилгүй, сурах хүсэл эрмэлзэлгүй гээд бодож санах зүйлгүй учраас этгээд гаж зүйл хүсэх, амьдралаас уйдахад хүргэдэг байна. Тухайлбал, хар тамхи татах, мансуурах, архи дарс ихээр хэрэглэх гэх зэрэг гаж зуршилд автах нь их байдаг ажээ. Ийм учраас мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар хүүхдэд мөнгөнөөс илүү эрхэм зүйл байдгийг ойлгох хэрэгтэй бус уу.
Р.Саруултөгс/Өглөөний сонин/