
“Аз жаргалын эрэлд” нэвтрүүлгийн ухааралтай бичвэрийг хуваалцмаар санагдаад хэсэглэн авсанаа бичихгүй бол зүй бус байх. Эрхэм уншигч танаа Болормаа гэж эвлэгхэн, чадварлаг сэтгүүлчийн бичлэгээс хүргэж байгаа минь энэ. Өөрөө сайтаас уншихдаа урамтай байх болов уу. Гэнэтийн шийд гаргаж дураар загнасанд уучлаарай гэж бас түүнээс хүсэх байна.
“Амьдралын хуудсаа хүмүүс өөрсдөө эргүүлдэг. Эргүүлж байгаа хуудас бүхэн өөр өөр өнгө, бодол үлдээнэ. Заримдаа гунигтай уйлмаар, нөгөө бол баяр хөөртэй инээмээр. Эсвэл амжилт дүүрэн хуудас эргүүлнэ, хааяа бас бүтэлгүйтэл дагуулсан хуудас ч эргүүлэх өдөр бий. Амьдралын хуудсаа ямраар ч эргүүлсэн, энэ бүхэнд хамт байна л гэдэг гэр бүлийн эхнэр нөхөрт байх хамгийн эрхэм орон зай билээ. Энэ орон зайд эрх чөлөөг нэг нэгэндээ өгч байна уу гэдэг хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, хайрлаж байна аа гээд алив бүхэнд албадаж болохгүй юм. Эрх чөлөө олгоно гэдэг нэг нэгнийхээ хүсэл сонирхлыг дэмжих, зан араншинг хүлээн зөвшөөрөх үйлдэл билээ.
Гэр бүлийн маргаанд ялж зөв гэдгээ нотлох, эсвэл хайр бий болгох хоёрын аль нэгэнд өөрийгөө зориулах шаардлага амьдралд заримдаа гардаг. Хэрэв хайр бий болгохыг хүсвэл аар саархан зүйлд тэр дундаа гэр бүлийн маргаанд өөрийнхөө зөв гэдгийг нотлоод байх шаардлагагүй. Бид бүгд л алдаа гаргадаг. Ийм үед хүмүүс чамайг уучлаасай гэж хүсвэл та өөрөө ч мөн бусдыг уучлахад бэлэн байгаарай. Айдас, хорсол, гомдол бол сэтгэлийн хөдөлгөөний нэг хэлбэрүүд төдийгүй амьдралд өөр өөрийн үүрэгтэй. Хэрвээ эрх чөлөө мэдрэхийг хүсвэл дээрх сөрөг мэдрэмжүүдээс өөрийгөө чөлөөл. Ингэсэн цагт таны дэргэд байгаа хүн ч эрх чөлөөг мэдрэх болно…
Эерэг бодлууд таны хайрын харилцаанд амжилт дагуулдаг. Нэг нэгнийхээ сайн зан чанар, амжилт ололтыг сайшааж байх нь эрх чөлөөтэй байхад тусладаг.Алдаа гаргасан ч яллахгүй байж өөртэй нь үлдээж сурах нь амьдралын ялалт байдаг. Анхаарал хандуулсан бүхнийг нь өөлөхгүй байж өнгөрөөх нь хайрын бас нэгэн хэл байдаг юм шүү.”