Бурханд шивнэсэн нууц

024-111456-185894622“Үгүй ээ, үгүй. Би түүнийг эхнэртэй гэж мэдээгүй юм” гэж өөртөө хэлж, энэ бодлыг даамжрахаас нь өмнө зогсоож, өөр зүйл бодох гэтэл “Эхнэртэй гэдгийг нь мэдсэнийхээ дараа ч уулздаг л байсан” гэж хэн ч юм, хаанаас ч юм шивнэх шиг болж, нөхрөө өөр эмэгтэйтэй байгааг харсан тэр л эмэгтэйн гайхаж, балмагдсан царай Нансаагийн нүдэнд харагдлаа.
Шөнийн  22 цаг 53 минут. Нансаагийн нөхөр  гэртээ ирээгүй л байлаа. Утас руу нь хичнээн залгасан ч “Холбогдох боломжгүй” гэсэн нэг хэвийн урамгүй хариулт өгнө. Энэ гэрт өөр эмэгтэйн тухай яриа гараад нилээдгүй хугацаа өнгөрчээ. Нансаа энэ бүхнийг бусдын хэл амнаас нууцалж, мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж, нөхрөө өөрийнхөө чадах хэмжээнд, бүр урьд өмнөхөөсөө  илүүгээр  хайрлаж халамжилсан ч, үр дүн өгөхгүй, улам бүр дордсоор байгаа нь түүний цөхрөнг барж  байлаа. Гэвч түүний нөхрийг залуухан хүүхэнтэй халуухан зугаалж явдгийг хэн хүнгүй мэднэ. Гагцхүү Нансаа л гэр бүлийнх нь эмзэг нарийн асуудал нийтэд дэлгээтэйг үл мэднэ.
…Гэр орон нь хаашаа л харсан эл хуль оргиж  цаанаа л нэг дүнсгэр. Хаалганы санжсан бариул, индүүний эв хавгүй залгасан утас зэргийг ажвал энэ гэрт эрэгтэй хүн амьдардаггүй мэт сэтгэгдэл төрнө.
Шийдвэртэй алхам хийж, энэ бүгдийг орвонгоор нь эргүүлэх юмсан  гэж Нансаа хэчнээн бодсон ч, нялх хүүхэд тэврээд хаачих ч билээ гэж тэсч, тэвчсээр өнөөдрийг хүрчээ. Ядахад бяцхан  хүү нь халууран уйлагнана. “Танай нөхрийн нууц амраг” гэж ирээд л амаа урах шахам хов зөөх Цэвэлийн дуу хоолой, “Чамайгаа ямар ч нөхцөлд хаяхгүй, ганцаардуулахгүй, хуурахгүй жаргаана гэсэн нөхрийнх нь амлалт санагдаж, би л хүнээ буруу таньж хэмээн, өөр хүнтэй болсон нөхөртөө биш, өөртөө буруу өгч, дүрлэгэр нүднээсээ бөөн бөөн нулимс унаган суутал гэнэт тог нь тасарч, сэтгэлийн сүүдэр дээр, гэрийх нь харанхуй нэмэгдэж, урдаа ямар зам байгааг мэдэх нь бүү хэл ганц хоёр алхмын цаана ямар зүйл байгааг тааж тааварлашгүйд хүрэв.
-Үгүй ээ. Бас яагаад тог тасарчихваа гэж үглэсээр, уйлагнан халуурах хүүгээ баруун сугандаа хавчуулж, зүүн гараараа гар утасныхаа  гэрлийг асаагаад энүүгээр тэнүүгээр лаа хайсан ч олдсонгүй. Удаан хугацаанд цаглашгүй тэвчээрээр хазаарлаж ирсэн уур бухимдал, гомдол хорсол нь яг энэ мөчид сад тавьж, хамаг чадлаараа хашгирмаар, эс тэгвээс  багтарч үхэх гэж байгаа мэт зүрх нь дэлсэж, бие нь чичирч, өөрийн эрхгүй эд хогшлоо тачигнуулан, нөхөртөө бэлдсэн хоол, тэр хавиар байсан аяга шанага, түмпэн саваа бүгдийг нь газар унагааж, чангаар, бүр хамаг чадлаараа  хашгиран  уйлж эхэллээ.Бяцхан хүү нь цочиж айсандаа царай нь хөв хөх болж ээрэн чарлана.
Нансаа үнэндээ тийм ч сайхан амьдрал туулаагүй нэгэн. Гэхдээ хүний арга эв олж, айлын хоол хороож, унаж босч явахдаа ийм цөхөрлийн нулимс унагааж байгаагүй санагдана. Багтарч шархалсан сэтгэлээ хэн нэгэнд нээж дотроо онгойлгомоор бодогдоно. ”Миний ганц охин сайн ханьтай болсоон” гэж хавь ойрын хүмүүст олзуурхан ярьж суух хөгшин ээждээ хэлэлтэй нь биш. Төрсөн эгч, дүү, аль эсвэл ахтай байсан бол  нууж хаах юмгүй ховлохсон. Төрсөн ахтай бол энэ хүн нүүрэн дээр минь ингэж доромжлоо ч уу, үгүй юу гэж бодож, гэрэл тасарсанд биш, нөхөртөө уурласан уураа гадгаж гаргаж байж  сая л нэг юм тайвшрав.
Хонгилд  хүмүүс шуугилдах чимээнээр Нансаа  хаалгаа зөөлөн нээв.
-Гал хамгаалагч нь шатсан байна. Маргааш л цахилгаанчин дуудъя, харин одоо хэн нэг нь лаанд гаръя гэж хажуу айлын эхнэр нөхрүүд ярилцах аж.
-Надад нэг лаа, бас нэг парацетамол аваад ирээч. Хүү минь халуураад, хоёулхнаа болохоор гарч чадахгүй байна л даа гэж  Нансаа харанхуйд өөрийг нь   анзаарч амжаагүй  хүмүүсийг цочтол, бас гайхтал нь ар арааас дуржигнуулав.
-Нансаа юу? Миний дүү сайн уу, нөхөр чинь хаачаав? гэсэн хөршийнхөө асуултанд:
-Манай нөхөр хөдөө явсан гэж худал хэлэв.
-Ганцаараа эвгүй байгаа даа. Ах нь бага охиноо ханьтай хонуулах уу?
-Зүгээр дээ. Манай хүн өнөө шөнөдөө бараг ирэх байх гэж хариулчихаад гэртээ орж, түрүүвчээ уудалж, лаа бас эмний  мөнгө өгөх гэтэл түүнд ердөө 180 төгрөг л үлдсэн байлаа. Хамгийн ядуу оюутнаас ч долоон доор Нансаагийн амьдрал. Өдөрт л 1500-2000 төгрөг зарцуулах эрхтэй. Хүүгээ салхилуулангаа нэгж энээ тэрээ авдаг мөнгө. Өөрийн мэдлийн тав, арван мянган төгрөгийг ойрын үед алган дээрээ тавиагүй санагдана. Хүү Нансаа  хоёрт зарцуулагдах ёстой мөнгө  яаж зарцуулагдаж байгааг таашгүй.
Нүсэр хурим хийн, сайн айлын сайхан хүүтэй сууж, одоо ч миний жаргах цаг ирлээ гэж бодож байхдаа ингэж их ганцаардаж, ийм өрөвдөлтэй амьдарна гэж мэдсэн бол кинонд дээр гардаг шиг хуримын даашинзтайгаа хаашаа ч хамаагүй зугатах байсан. Энэ бүхнийг ухаарч сэхээрч амжаагүй байхад үр хүүхэдтэй болж, амьдрал түүний хүсэлд захирагдах биш, харин түүнийг өөрийг нь өөрийн эрхээр залж хөтөлж эхэлсэн. Энэ тухай эргэцүүлж суутал хаалганы хонх дуугарав.
-Лаагаа,бас эмээ аваарай миний дүү.
-За баярлалаа гээд мөнгөө өгөхөө мартсан дүр эсгэн хаалгаа хаагаад лаа асааж, хүүдээ эм өглөө. Гэрт бүдэг ч гэсэн гэгээ орж, хүү нь ч  тайвшран унтах тийшээ хандав.
“Ер нь надад сайхан амьдрал ирэх болоогүй юм уу” гэж хэнээс, юунаас ч юм  гомдолтойгоор асууж хүүгээ тэврэн нааш цаашаа холхино.
Гэнэт түүнд зургаан жилийн өмнөх явдал бодогдож эхлэв. Нансаа  тэгэхэд эхнэртэй  хүнтэй  дотносож байгаад баригдан бөөн юм болж, хумсны сорвитой үлдэж  билээ.
Энэ бүгд яагаад өчигдөр болсон зүйл шиг бодолд хурна вэ?
“Үгүй ээ, үгүй. Би түүнийг эхнэртэй гэж мэдээгүй юм” гэж өөртөө хэлж, энэ бодлыг даамжрахаас нь өмнө зогсоож, өөр зүйл бодох гэтэл “Эхнэртэй гэдгийг нь мэдсэнийхээ дараа ч уулздаг л байсан” гэж хэн ч юм, хаанаас ч юм шивнэх шиг болж, нөхрөө өөр эмэгтэйтэй байгааг харсан тэр л  эмэгтэйн  гайхаж, балмагдсан  царай Нансаагийн нүдэнд харагдлаа. “Тийм ээ, тийм. Гэхдээ би өөрийгөө татаад авсан шүү дээ. Яагаад энэ бүхнийг надад бодогдуулаад байгаа юм бэ, Бурхан минь”  гэж өөрийн мэдэлгүй шивнэтэл , “Тийм л учраас, ийм болохоор нөхөр чинь ингээд”…гэсэн хэд гурван үг давтамжтайгаар бодогдож, өнөөдрийн энэ хэцүү зүйлийн хариулт олдох шиг боллоо. Нансаа тэгээд л  намайг шийтгэж, ингэж зовоож, өрөвдөлтэй байдалд оруулж, энэ бүхнийг дахин дахин сануулаад байгаа юм уу?  гэж бухимдалтайгаар лавлаад хэсэг чимээгүй суув.
Бяцхан хүү нь унтчихсаныг Нансаа сая л анзаарлаа. Хүүгээ үнэрлээд босохдоо  цаг харав. 01 цаг 32 минут… Нансаа гэнэт өвдөг сөгдөж суугаад  “Намайг уучил. Тэр жилийн тэр явдлыг уучил. Надад гэр бүлийг минь үлдээгээч гэж чин  сэтгэлээсээ бурханд хандаж, гэм нүглээ давтан хэлж мэгшин уйллаа.
Яг тэр л мөчид түүний нөхөр хэн нэгэн эмэгтэйд намайг уучлаарай, баяртай гэж хэлчихээд гэрийн зүг алхав.
Зохиолч Л.Мөнхчимэгийн “Зүрхэн хэлбэрт үүл” номноос

Бурханд шивнэсэн нууц
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.