Ахимаг насны эртэй гэрлэж байгаа бүсгүй ихэнх тохиолдолд гал халуун хайр дурлал гэхээс илүү өмгөөлөл хамгаалал, халамжийг л хайдаг. Үнэндээ ч ахимаг эрчүүд гайхалтай халамжтай, аливааг ойлгож хүлцэхдээ ч илүү болохоор сэтгэл амар тайван амьдрах давуу талтай. Гэхдээ эр нөхрийнх нь хэтэрхий их халамж зарим үед тээртэй санагдаж, чухамдаа эхнэр нь биш охин нь юм шиг санагдах нь эмэгтэй хүнд тийм ч таатай санагддаггүй. Харин ахимаг насандаа дурлалд автсан эрчүүд дотроо бол хөгшрөлтөөс тун их айдаг байна. Ийм эрчүүд амьдралынхаа сүүлчийн дурлалын өмнө унаж мөргөж, залуу бүсгүйн төлөө олон жилийн зовлон жаргалаа хуваалцсан хань, гэр бүл, үр хүүхдээ орхих, ололт амжилтаа нураах нь энүүхэнд.
Гэхдээ гэрлэж чадаж гэмээнэ хайр энхрийллээр залуу эхнэрээ алган дээрээ бөмбөрүүлдэг халамжит нөхөр болж чаддагийг анхны авааль эхнэр нь ч амьдралын туршид хардаж тааварлаагүй явдаг талтай. Эгнэгт энэ л чигээрээ хорвоог туулж, энэ амьдралаас буцахын цагт бие биедээ уулын дайтай нөмөр болж, үнэнч сэтгэлийн өмөг түшиг байсаар дуусна гэсэн бат итгэл, сайхан сэтгэлээр эрхин цуваа шиг өдөр хоногуудыг өртөөлөн дамжиж, үр хүүхдээ бөөцийлөн хайрлах эхийн сэтгэлээ ханийнхаа халуун дулаан хайртай үргэлж холбон бодож амьдардаг анхны хань нь гэнэтийн энэ аймшигт мэдээг дуулж, нүдээр харж, сэтгэлээр мэдрэх цагт амьдрал нь нуран унах мэт тийм цочирдлыг амсдаг.
Гэсэн ч ханиасаа хагацсан эмэгтэй хүн 1 жил гундаж, 3 жил жаргадаг. Харин эр хүн бол 1 жил дураараа дургин жаргаж цэнгээд, 3 жил зовж тарчилж, гундаж гутарч амьдардаг гэсэн харьцуулсан үг байдаг нь тунчиг үнэний ортой. Нэг үгээр эрчүүд хажууд нь үглэж дуулах хүнгүй ёстой л эрх чөлөөт амьдралыг амсан, дур зоргоор тэнэж, зугаалж, хөлгүй цэнгэлд хөл алдаж явсаар, үүнийгээ аз жаргалд тооцон эндүүрсээр, эцэцст нь амьдралаа алдах, өөрийгөө гээх, гачигдах ганцаардахын хэцүүг биеэр амсдаг гэсэн үг.
Залуу бүсгүйд сэтгэл алдарсан ахимаг эрчүүл баяр хөөртэйгээр хүүхэдтэй болж 2 дахь залуу насаа хэсэгхэн ч болов хугацаанд эдэлдэг. Харин сэтгэл зүйн талаасаа бол залуу байх гэсэн битүүхэн хүсэл, өөрийнхөө боломжоос илүүгээр идэвхтэй байх далдхан тэмүүлэл, залуу эхнэртээ таарах гэсэн эрхгүй эрмэлзэл нь хайрын гал дөлийг өрдөн бадраахаас илүү сэтгэл санааны зовиур дарамтанд оруулах нь олонтаа. Эрт орой хэзээ нэгэн цагт ирэх ор хөнжлийн асуудал нь тэдний хувьд хүндхэн бэрхшээл болж хувирдаг.
Халамж энхрийлэл хайж ахимаг эр сонгосон бүсгүй нэгэн цагт нүүр тулан ирэх энэ асуудлыг урьдчилан бодоогүйдээ харамсал тээх нь элбэг гэдгийг сэтгэл судлаачид онцолсон нь бий. Хэдийгээр дурлал хайранд насны зөрүү хамаагүй ч биологийн зайлж булташгүй онцлогууд эрхгүй товойн тодрохын цагт залуу эмэгтэй өнөөх гайхалтай халамж энхрийллээр бялхам дүүрэн байсан ч бэлгийн эрч хүчтэй амьдралын гачигдалд ордог гачлан оноогддог байх нь. Тиймээс аливаа зүйл тэгш дүүрэн, төгс төгөлдөр байдаггүй орчлонгийн оноолт тавилангаас сонголт хийхдээ өнөөдрийг биш маргаашийг харах ухаарал эргэцүүлэлтэй байгаарай.