Эмэгтэйчүүд залуу харагдах гэж үсээ гялалзуулж өнгөлдөг. Харин эрчүүд ахимаг харагдахын тулд үсээ будах болжээ. Буурал үсээр гоёсон хүмүүсийн нэг One Direction хамтлагийн гишүүн асан 23 настай Заин Маликийн цагаан сор тавьсан гэзэгтэй зураг Billboard сэтгүүлийн нүүрэнд тавигдав.
Түүнчлэн олимпийн цаначин Гус Кенворти буурал үстэй зургаа Instagram-д дэлгэсэн байна.
Ийм хэв маяг алдартнуудаар хязгаарлагдахгүй. 30 настай, бизнесийн шинжээч Майкл Васкес буурал сор “Илүү догь, дэгжин харагдуулдаг. Хүмүүсийн сонирхлыг татаж байгаа мэт санагддаг” хэмээв. Олон хэв загварын адилаар энэ хандлага бас бүдгэрэх биз. Өмнө нь ч байдаг л байсан. 1975 онд жүжигчин Энди Вархол The Philosophy of Andy Warhol (From A to B & Back Again) хэмээх номондоо яагаад хорин хэдхэн насандаа үсээ саарлаар буддаг байснаа тайлбарлажээ. “Буурал үстэй байхад хийж байгаа хөдөлгөөн бүр хөнгөн, залуухан мэт болдог” гэсэн байна.
Гэвч олонх эмэгтэй ийм ажиглалт өөрт нь зохихгүйг мэднэ. Женнифер Вейнер The Times сэтгүүлд буурал үсний ганц давуу талыг онцлохдоо “Энэ нь эмэгтэйчүүдийн хувьд амьдралынхаа нэг үеийн төгсгөлийн шугамыг татаж байгаа нь тэр. Өөрөөр хэлбэл, эрчүүдэд сайхан харагдах үндсэн мэт санагдах үүргээсээ чөлөөлөгдөж байгаа хэрэг” гэжээ.
Олны нүдэнд ил байдаг эмэгтэйчүүдийг маш нарийн ажигладаг аж. Оддын дайн кинонд анх тоглож байсан Керри Фишерийг 40 жилийн хойно Star Wars: The Force Awakens кинонд Лея гүнжийн дүрийг дахин бүтээхэд жүжигчин эмэгтэй аль хэр өөрчлөгдсөн талаар хурц маргаан дэгдэж байсныг дурдахад хангалттай.
Вейнер “Сэтгэл санааны хямралд хүргэдэггүй юмаа гэхэд эмэгтэйчүүд нас ахих тусам гуалиг хэвээр үлдэх хүсэл нь дарамт үүсгэдэг” гэж үзсэн байна. Тэрбээр Опра Уинфригийн Weight Watchers-ийн сурталчилгаанд тоглохдоо хэлсэн үгийг эш татан “Та 61 нас хүрсэн ч биеийнхээ хамгийн сайхан галбирыг бүтээж чадсан билүү хэмээн цухалдсаар байх уу?” хэмээн асуужээ.
Харин зөвхөн харагдах төдий бус сайхан галбирыг хадгалах зорилго наслалтын мэргэжилтнүүдийн хийж байгаа ажлын чиглэл болж.
Маяо эмнэлгийн хөгшрөлтийн төвийн захирал доктор Неймс Киркланд Aging: The Longevity Dividend номдоо “Хөгшрөлттэй холбоотой хууч өвчнүүдийг нэг нэгээр нь бус, бүлгээр нь сэргийлэх, удаашруулах, намдаах буюу эмчлэх боломжтой байж магадгүй” гэж бичсэн юм.
Гэвч Чикаго дахь Иллинойсын их сургуулийн профессор Жей Олшански ямар ч гайхамшигтай эм эрүүл амьдрах хэвшлийн давуу талуудыг орлож чадахгүй гэж үзэж байна.
Тэрбээр “Эрүүл бус дадал хөгшрөлтийг удаашруулах бэлдмэлийн үйлчилгээг бүхэлд нь үгүй хийх боломжтой” хэмээн онцоллоо.”
Тесс Фелдер
Засгийн газрын мэдээ