
Амьдрал гэгч үнэт бэлгийг өөртөө болон хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйлд зориулан амжилтын эзэд болсон гайхамшигт хүмүүс хичнээн олон. Тэд, жижиг зүйл дээр ч агуу их байж чадах зорилго тэмүүллийнхээ гал дөлөөр улс орондоо төдийгүй дэлхийд танигдаж, аз жаргалыг бие махбодоороо төдийгүй сэтгэл зүрхээрээ амтлах боломжийг бодит түүхээрээ бүтээдэг. Тэгвэл амжилтыг бүтээхэд хамгаас чухал нэгэн түлхүүр энэ амьдралд бий. Энэ бол өөдрөг үзлийн хүч.
Тереза Блүмингдейл, өөртөө тохиолдсон азгүй явдлуудыг хэзээ ч золгүй тохиол гэж бодож байсангүй. Тэрбээр 1975 онд 4 хүүхдийн хамт байшингийнхаа зооринд аймшигт хар салхинаас хоргодож байхад нь хар салхи орон гэрийг нь газрын хөрснөөс арчин арилжээ. Гэр оронгүй болох ямархан хүнд байх билээ. Гэсэн ч Тереза харамсахын оронд, “Нүүх гэж байсан юм. Хүнд хуучин тавилгаа зөөх шаардлагагүй боллоо” хэмээн хатуужин бодсон гэдэг. 42 настайдаа 10 хүүхэдтэй, хамгийн бага нь дөнгөж 2 настай байхад, ийм нөхцөлд хэн хүний санаанд орохгүйг сэдэж, зохиол бичиж эхэлжээ. Хожим энэ тухайгаа өгүүлэхдээ “Гэртээ хүүхдүүдээ харах, хичээлийг нь давтуулах, 2 нохойгоо тэжээх, гэр орны ажлаа эмхлэх завгүй өдрүүд өртөөлж байсан. Гэсэн ч заавал цаг гаргаж, гал тогооныхоо ширээн дээр хүүхдээ өвөр дээрээ суулгаж байгаад л зохиолоо бичдэг байлаа” хэмээсэн байдаг.
Зохиолоо хэвлэлийн газруудад илгээсэн ч нааштай хариу ирдэггүй байжээ. Татгалзсан хариунуудад шантарсангүй, үргэлжлүүлэн бичсээр л, энэ бүхэн түүнд туршлага нэмсээр л байлаа. Эцэст нь нэг эссегээ 10 доллараар зарж гэнэ. Гэсэн ч шантарсангүй. Уйгагүй зүтгэл өөдрөг үзэл түүнд амжилт бэлэглэсэн юм. Олон арван татгалзсан хариуны эцэст урамтай сайхан шийд сонсож анхны зохиолоо хэвлүүлсэн тэр цагаас тэрбээр амжилтын эзэн болсон юм. Өөдрөг эрмүүн энэ эмэгтэй номыг нь хэвлэсэн хэвлэлийн газрынхаа хамгийн сайн редактор нь болоод зогсохгүй жилийн 250 мянган долларын гэрээ байгуулж ажилладаг болсон байна.
Сайн сайхныг харах чадвартай хүн хэзээ ч хөгширдөггүй. Тэд насаа тоолж, өвчнөө чагнаж, өтөл үеийг өрөвдөлтэйеэ амдан суух завгүй. Харин бүтээхийн хүсэлд цаламдуулж, завгүй өдрүүдийн хэлхээсэн дунд үр бүтээлтэй хором бүхнийг зангидаж, маргаашдаа яаран тэмүүлж, эхэлснээ дуусгах гэж өөрийгөө мартан, энэ бүхнээсээ ямархан нэг цаглашгүй аз жаргал мэдрэн, түүгээрээ тэжээгдэж амьдардагсанжээ.