Энэ сарын 12-21-ны өдөр Өмнөд Африкийн Блумфонтейн хотод Дэлхийн супермодель шалгаруулах “World Supermodel Pageant” тэмцээн зохиогдож байгаа аж. Тус тэмцээний 16-19 насны ангилалд Монгол улсыг төлөөлөн оролцсон “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч Т.Шинэтуяа түрүүлсэн байна. Түүнчлэн тэрбээр нийт оролцогчоос хамгийн өндөр оноог авч, тэрбумтан Дональд Трампийн “Trump Models” агентлагтай гэрээ хийх эрхийн эзэн болжээ.
Т.Шинэтуяа нь “Гэгээрэл” дунд сургуулийн сурагч аж. Монгол Улсын хувьд дэлхийн супермодель шалгаруулах тус тэмцээнд анх удаа оролцсон байна. Улмаар дэлхийн 40 орноос шилдгийн шилдгээр тодорчээ. Дашрамд дуулгахад тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд манай улсаас мисс Т.Батцэцэг оролцсон бөгөөд энэ ангилалд Зимбабвегийн оролцогч Малайка түрүүлсэн байна.