Тайланд орон усны баяраар угтав
Өмнөговь аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр бидний 10 сэтгүүлч Тайланд орныг зорив. Солонгосын Инчон нисэх онгоцны буудалд хагас өдөр хүлээн байж тэнгэрийн хүлгээ сэлгэн Бангкокт хөл тавьсан юм. Тайланд оронд зочлох үеэр тай үндэстний хамгийн том баяр болж байсан юм. Манайхаар бол “Цагаан сар” нь аж. Сэрүүний улирлаас халууны улиралд шилжих энэ үеэр ургацын баяраа тэмдэглэдэг. Хэрвээ та энэ баяраар нь таарч очвол усанд норгож болохгүй зүйлсээ ус нэвтрэхгүй саванд хийсэн нь өлзийтэй. Танд ямар ч сонголт өгөхгүйгээр хувин дүүрэн ус толгой дээрээс чинь хийж орхивол гайхах хэрэггүй. Энэ нь тэдний үндэсний баярын ёс заншил нь. Мөн цагаан будааны гурилаараа жонхуу зуураад энд тэнд чинь түрхэж орхино. Тайчуудын энэхүү баяраар гудмаар алхахдаа норохгүйг хичээвэл зүгээр л амь амиа бодсон нь дээр.
Агаар нь бүгчим ч ажилсаг хүмүүс
Ард түмэн нь гайхалтай хөдөлмөрч. Тухайн оронд ажилгүйдэл 0.4 хувьтай. Өрх бүр үйлдвэрлэгч байхыг төрөөс нь дэмждэг. Мөнгөний үнэ цэнийг маш сайн мэдэрдэг хүмүүс гэж хэлэхэд болно. Монголчууд бид айл гэр болоод хамгийн түрүүнд орон гэртэй болохыг хүсдэг бол Тайландчууд машинтай болохыг эрхэмлэдэг. Аль ч хотод гурван дугуйтай такси хаа сайгүй үйлчилгээнд зогсоно, түүнийгээ “Түг түг” гэж нэрлэнэ. Бүгчим халуунд хөлс дуслуулан зогсч байгаад түүнд суун салхи татуулах бас л давгүй шүү. Мөн задгай тэвштэй машинууд такси үйлчилгээнд явна. Цаг агаарын хувьд үндсэн гурван улиралтай гэж болно. Халуун улирал нь 3-5 дугаар сард үргэлжилж +30 хэм хүртэл халдаг. Борооны улирал 7-10 дугаар сар хүртэл явагдана. Энэ үедээ мөн л агаарын хэм нь +30-аас доош буухгүй шүү. Харин хуурай улирал 11-2 дугаар сарыг дуустал үргэлжилдэг гэсэн. +25-30 хэм хүртэл халдаг гэхээр яггүй дээ. Иймээс аялал жуулчлалын улирал энд гол төлөв 12 дугаар сарын сүүлээр эхлээд хоёрдугаар сарын сүүлч гэхэд дуусдаг ажээ. Гэхдээ жилийн аль ч цагт энд жуулчдаар дүүрэн байдаг гэхэд болно доо. Гудамжаар задгай янз бүрийн наймаа, хоол зарах нь хэвийн үзэгдэл.
“Байёке” цамхаг
Тайландын хамгийн өндөр барилга “Байёке” цамхаг нь 1990-1997 онд баригдсан. Барилгын өндөр 304 метр, антеныг оруулаад 328 метр өндөртэй. Доошоо гурав, дээшээ 85, нийт 88 давхар, 179 м.кв талбайтай, 973 өрөөтэй. Тус цамхагт “Байёке Sky” зочид буудал байрладаг /Зүүн-Өмнөд Азийн хамгийн өндөр, дэлхийн дөрөв дэх өндөр зочид буудал/. Манай аяллын багийнхан тус цамхгийн 83 давхарт оройн зоог барьж, шилэн хананы цаанаас Бангкок хотыг бүхэлд нь тольдсон юм. Хуурай газар багатай учраас газар нутгийг үр бүтээлтэй ашигласан нь гайхалтай. Машины зогсоол гэхэд л зарим нь 7-8 давхар барилга. Мөн гол ачаалал ихтэй замууддаа гурван давхар гүүрэн зам тавьсан нь замын хөдөлгөөн ямар ч саатах нөхцөлгүй болгожээ. Гитар хөгжмийн намуухан аянд тай залуу дуулж, сэтгэлийн хөдлөлөөр биднийг алга ташин баяр хүргэхэд толгой мэхийн хүндлэх нь тай үндэстний жинхэнэ нүүр царай. “Байёке”-гийн 85 давхар нь эргэдэг цамхаг. Тухайн цамхагт гарч зогсоод л Бангкок хотын шөнийн төрхийг тойруулан харах боломжтой. 2012 онд Паттая хотод 367 метр өндөр “Оceon One” цамхаг ашиглалтад орохоор төлөвлөж байгаа аж. Тэр үед хамгийн өндөр барилга байхаа болин халаагаа өгөх гэнэ.
Эзэн хааны эрдэнэсийн дэлгүүр
Бид Эзэн хааных нь эрдэнэсийн дэлгүүрээр зочилсон юм. Задгай вагонон суудалд биднийг суулган харанхуй хонгил руу оруулчихав. Гэнэт хажууд галт уул дэлбэрэн доош харвал эргэн тойрны газар ангал үүсэн доороос нь галт хайлмаг улайсч харагдаад үнэхээр бид эрт галавт ирчихэв үү гэж сүрдмээр. Дараагийн зогсоол дэнлүүний гэрэлд эрдэнэс олборлож буй нь. Харин дараагийнх нь газрын гүнээс хувингаар хүдрээ олборлож буй нь. Гэхдээ энэ бүхэн хиймэл хүмүүс боловч үнэхээр л бодит мэт. Ийнхүү хүдрийн зүй тогтлоос эхлэн орчин үеийн уул уурхайн олборлолтын түүхээр аялуулан шууд үйлдвэр лүү нь ороод ирэх нь тэр. Харин үйлдвэрээс дэлгүүр лүү. Мэдээж бүх үе шатыг нь харсан хүмүүс худалдан авахаас ч яахав. Дэлгүүрээс гарах хаалганы дэргэд үнэгүй уух зүйлээр дайлан үднэ. Тиймээс уг дэлгүүрт орсон хэн боловч сэтгэл хангалуун гардаг юм билээ.
S-орон Тайланд
Тай хүмүүс бие биетэйгээ маш эелдэг ялдам харилцаатай хүмүүс. Бүгдийг инээмсэглэлээр угтаж, инээмсэглэлээр үддэг. Ямар ч уур уцаар байдаггүй гэдгээрээ олон орны ард түмнээс ялгаатай байдаг аж. Тиймээс Тайландыг S орон гэсэн яриа элбэг байдаг. Энэ утгаараа “Smile-Инээмсэглэл”, “Smile Land” буюу инээмсэглэсэн хүмүүсийн эх орон гэж дэлхийд алдаршжээ. Үүнийгээ дагаад ч тэр үү, маш их элэгсэг, энэрэнгүй, бурханч. Тай хүмүүс буддын шашинтай. Хүн амынх нь 95 хувь нь будда шашныг шүтдэг байна. Сүм хийдийнх нь сүрлэг байгууламж жуулчлалын анхаарлыг маш их татдаг. Хаа сайгүй жижигхэн суварга. Түүнийгээ амьд цэцгээр чимсэн харагдана. Тай хүмүүс баярласан сэтгэлээ илэрхийлэхдээ алга хавсран мэхийн хүндэтгэх нь бидний бурхан тахилдаа залбирч буй мэт. Мөн буддын шашнаа төгс хөгжүүлж чадсан орон. Лам нар нь өргөл барьц авдаггүй гэдгийг манай хөтөч тайлбарлаж байсан.
Тайландчууд ундны усаа гадаадаас худалдан авдаг
Дэлхий нийтэд нүүрлэж байгаа ундны усны хомсдол энэ оронд хэдийнээ нүүрлэжээ. Нэг литр усыг монгол мөнгөөр тооцож үзэхэд 900 төгрөгөөр худалдаж авдаг. Учир нь ундны усны нөөц байдаггүй. Ундныхаа усыг Малайзаас оруулж ирдэг. Төрийн өмчит компани тухайн усаа савлаад иргэддээ зардаг. Манайхаар бол савласан цэвэр усаа ундандаа хэрэглэдэг гэсэн үг. Харин далайн усаа цэвэршүүлээд хэрэглээндээ ашигладаг. Тайланд орныг зорих хэн нэгэнд захих зүйл нь крантны усаар амаа зайлж болохгүй. Хажууд нь амаа угаахад зориулсан тусгай савлагаатай ус тавиатай байдаг юм шүү.
Заан бол Тайландын үндэсний бахархал
Тайландчуудын үндэсний нэг бахархал нь заан. Тэд үүнийгээ дагаад аялал жуулчлалын салбараа маш сайн хөгжүүлж чаджээ. Үндэсний парк болох Нонг Нуучийн ботаникийн хүрээлэнгийн сургуультай заануудад хийж чадахгүй юм гэж үгүй. Үзмэрийн том талбайд бие биеийнхээ сүүлийг зууж хөтлөлцөн гарч ирэх тэдгээр заан сагсны торонд бөмбөг шидэж оруулна. Зам дээр нь хэвтчихсэн хүн дээгүүр заанууд сэвхийтэл алхаад гарчихна. Тас гэдэргээ хараад хэвтэж байгаа эрэгтэй хүн байвал бүсэлхийнээс нь доогуур нүсэр тавхайгаараа зөөлөн иллэг хийж олныг баясгана. Мөн нүсэр хөлөөрөө нэг гишгэмээр аядаж алиалахаа ч тэд мэднэ. Хүн шиг сандалд тухалж, үзэгчдэд мэхийн ёслохоо ч мартахгүй. Үзүүлбэрийнх нь дараа түүнд гадил өгвөл шууд л амандаа хийчихнэ. Харин мөнгө өгсөн тохиолдолд мэхийн ёслоод баярласан сэтгэлээ дуугарч илэрхийлэн эзэндээ мөнгөө өгнө. Дэндүү өхөөрдмөөр. Тайландчууд заанаа хүндэлдэг учир махыг нь иддэггүй.
Номерын дугаараар замын хөдөлгөөнийг зохицуулдаг
Манайхны тулгамдаад байгаа асуудлуудын нэг болсон замын хөдөлгөөнийг Тайландчууд хялбархан шийдэж чаджээ. Бангкок хот давхар зам, нүхэн гарц ихтэй. Автомашин нь цэгцтэй, явган зорчигчид нь ухамсартай. Явган зорчигч өөрсдийн замаар л зорчино. Манайхан шиг явган зорчигчид зам хөндлөн гарах тухай ойлголт энд үгүй. Гэхдээ Монголын замын хөдөлгөөний түгжрэлийг тэд тойроогүй дайраад гарчээ. Тиймээс тэд энэ байдлаас маш энгийн аргаар гарч чадсан байна. Замын түгжрэлийг багасгахын тулд нэг өдөр номер нь тэгш, нөгөө өдөр сондгой тоогоор төгссөн дугаар бүхий автомашиныг замын хөдөлгөөнд оруулдаг юм байна. Тиймээс автомашин түгжирлээ гээд сигналаа хангилуулах жолооч тэр бүр байдаггүй бололтой.
Аялал жуулчлалын бүс Патаяа
Патаяа гэж “secret service” буюу нууцлаг секс жуучлалын томоохон хот бий. Тэнд “mambo party” буюу эрэгтэй байсан боловч эмэгтэй болсон залуусын шоу тоглолтууд болдог. Энэ нь соёл болтлоо хөгжиж чадсан аж. Тус тоглолтын тайз засалтыг манайхан нэлээн биширсэн. Тоглолтын дараа “Lady boy”-той патиараа татуулж 50 батт төлнө. Тайландын мөнгөн тэмдэгт нь батт бөгөөд Монголын 45 төгрөгтэй тэнцдэг. Патаяа хотыг аялал жуулчлалын чөлөөт бүс гэж ойлгож болно. Нэлээн нас дээр гарсан хөгшин европ жаахан тай охин дагуулаад явж байвал гайхах зүйл биш. Шоуны гудамжаар ганц хоёроороо алхах хэрэггүй гэдгийг хөтөч сануулаад авсан. Нөгөөх бүрэг ичэмхий тайчууд хаана байна хэмээн дуу алдмаар хот нь Патаяа. Гэхдээ тухайн хотыг алс холын орныхон зорин ирэх дуртай газруудын нэг болгож чадсан нь Тайланд орны бодлого.
Тай-массажийн гайхамшиг
Энэ бол зөвхөн үйлчилгээ биш юм. Хэрвээ та энэ улсад ирсэн л бол массаж хийлгэхгүй буцах юм бол хэн нэгэн нь таныг жинхэнэ мэдрэмжгүй нөхөр гэх байх шүү. Тай-массаж бол хэдэн зуун жилийн түүхтэй. Эхэндээ энэ массажийг буддын лам нар хийдэг байжээ. Одоо лам биш, тай бvсгvйчvvд, жаахан хөвгүүдээс та сонгоод дуртай хэлбэрээрээ массаж хийлгэж болно. Хөлийнх, гарынх, толгойных гээд тус тусдаа үнэлгээтэй. Харин Тайландын хаана ч явсан та халаасны мөнгө өгөхөө мартаж болохгүй. Гэхдээ ясны ямар нэгэн гэмтэл авч байсан бол тай массажид орох хэрэггүй гэж зөвлөж байсан.
Тайландын брэнд
Матрын арьс, сувдан загасны эдлэлээрээ алдартай. Бараанууд нь харьцангуй хямд үнэтэй. Хэрвээ та худалдан авалт хийхээр бол нэлээн хямд үнийг хар захаас нь харах боломжтой. Хамгийн гол нь анхны хэлсэн үнээсээ 3-4 дахин буулгадаг. Харин их дэлгүүрүүддээ бол үгүй. “Нараяа” нэртэй даавуун болон торгон цүнх мөн Тайландын брэнд. Мөн амтат жимсээрээ алдартай гэдэг юм билээ. Үнэхээр ч зоог бүрийн десерт нь амтат жимс. Мөн Тайланд оронд очсон хүн бүрийн зорих газар нь шүрэн арал. Элс, нар хоёроороо алдартай тус аралд дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс цугласан байхыг та харж болно. Тус арлын орчмын ус тунгалаг. Хуурайшилт ихтэй говийнхон бид тэнд нэг өдрийн хагасыг үдэхдээ ус хэмээх чандмань эрдэнийн үнийг мартах дөхсөн шүү. Хэдийгээр хэл соёл өөр ч гэлээ Энэтхэг бүсгүйчүүлтэй зөнгөөрөө танилцан монгол дуугаа дуулж өгсөн. Тэд ч мөн адил өөрийн орны дуугаа дуулж далайн усанд бүжсэн.
Ийнхүү алс холын Тайланд оронд аялсан өдрүүд хумигдан эх орноо зорихдоо бидний хөтөч Гив хэмээх даруухан бүсгүйтэй нэлээн дассан байснаа онгоцны буудал дээр салахдаа мэдэрсэн юм. Хүн бүхэн тэвэрч, хэд хоног хамт байхдаа ярьж амжаагүй сэтгэлийн үгээ хуваалцсан. Адал явдалтай аяллын төгсгөлд бид эх орны минь агаар ямар цэнгэг юм бэ гэсээр Буянт ухаад хөл тавьсан юм.
Д.Мишигсүрэн