Америкийн уран гулгагч Тоня Хардинг 1994 онд Норвегийн Лиллехаммер хотноо болсон өвлийн олимпын өмнө ямар явдал болсон талаар хожмоо “The Tonya Tapes” намтар номондоо дэлгэрэнгүй дурьдсан байдаг. Тэгвэл 2008 онд гарсан энэ зохиолоос сэдэвлэн уран сайхны кино хийгдэхээр болжээ.
Тухайн үед юу болсон гэхээр тэрээр өөрийн гол өрсөлдөгч, олимпийн мөнгө, хүрэл медальт Нэнси Кэрриганыг санаатай гэмтээж, зүй бус үйлдэл гаргасан байдаг. Хардингийг цагаан олимпод оролцуулахын тулд Хардингийн экс нөхөр Жефф Гилооли, түүний бие хамгаалагч Шон Эйкхарт нар Кэрриганыг гэмтээлгэхээр “хөлсний хүн” гэгдэх Шэйн Стантад захиалга өгсөн юм.
Хардинг
Улмаар Детроит хотод нэгэн бэлтгэлийн үеэр Станта Кэрриган уруу халдаж, баруун хөлийг нь гэмтээсэн байна. Азаар энэ гэмтэл ноцтой байгаагүй ч сонгон шалгаруулалтад оролцохгүй байхад хангалттай шалтгаан болов.
Тус тэмцээнд Хардинг зорьсондоо хүрч, түрүүлснээр олимпод оролцох эрхээ авсан юм. Гэхдээ Америкийн уран гулгалтын шигшээ багийнхан дайралтад өртсөн Кэрриганд боломж олгож, цагаан олимпод эрхийг нь нээж өгчээ.
Энэ хэрэг анхнаасаа зохион байгуулалттай байсан гэсэн хардлага төрүүлсэн тул Тоня болон Нэнси нарын савангийн дуурь уруу хэвлэл мэдээллийнхэн хошуурах нь тэр. Лиллехаммерын олимпийн уран гулгалтын шууд дамжуулалт цар хүрээгээрээ америк хөлбөмбөгийн Супер боулын тоглолтын хэмжээнд хүрч байв.
РоббиТус олимпод Кэрриган мөнгөн медаль хүртэж, өөрт нь итгэж боломж өгсөн шигшээ багийнхныхаа найдварыг алдаагүй бол Хардинг наймдугаар байр эзэлсэн билээ.
Холбооны мөрдөх товчоо дараа нь энэ хэргийг шалгаж, улмаар Гилооли, Хардинг нарын дөрвөн хүн шүүхийн хаалга татсан. Шүүхээс уг хэрэгт буруутай гэж үзэн Хардингэд гурван жил тэнсэн, 500 цаг олон нийтийн ажилд дайчилж, 160 мянган “ногоон”-оор торгосон байна.
Хожим түүний улсын аваргад түрүүлсэн амжилтыг нь хурааж, уран гулгалттай холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг нь бүх насаар нь хориглосон юм.
Хардинг номондоо хэрэг явдлыг мэдсэн даруйд холбооны мөрдөх товчоонд мэдэгдэх хүсэлтэй байсан ч экс нөхөр нь дарамталсан тул чадаагүй гэж бичжээ.
Тэрээр уран гулгалтаас хөндийрсний дараа 2002 онд мэргэжлийн бокст орж байгаагаа мэдэгдэж, хэсэгтээ дуулиан тарьсан. Америк бүсгүй мэргэжлийн бокст 7 тулаан хийж, үүнээс дөрөвт нь ялсан байна.
Түүний боксын карьер тийм ч удаан үргэлжлээгүй. Астма өвчний улмаас эмч нар түүнийг их спортоор хичээллэхийг хориглосон юм.
Энэ түүхээр хийгдэх “I, Tonya” уран сайхны киноны ерөнхий найруулагч хараахан тодроогүй байгаа бол гол дүрийн жүжигчин хэдийнэ тодорчээ. Энэ хүн бол “The Wolf of Wall Street” кинонд Наоми Напаглиагийн дүрээр олны танил болсон, энэ жил 25 настай Маргот Робби аж.
Л.Олонбаяр | GoGo.mn