Ийн нэрлэсэн нь учиртай. Монгол туургатны мисс шалгаруулах тэмцээн үзэхээр хүмүүс бүтэн сайн өдрийн орой 19:00 цагт “Корпорэйт” зочид буудлын үзвэрийн танхимд цуглалаа. Бүсгүй хүний гоо сайхныг гайхан биширч, Монгол туургатны миссийг зарлан тунхаглахаар ирцгээсэн нь энэ.
Харин нэгэн төөрөлдсөн хувь тавилангийн гэрч болно гэж хэн ч санаагүй. Тэмцээний дундуур Халимаг улсын гоо бүсгүй Сарантуяа Ганбаатаровна Даваасүрэн 15 жил хараагүй аавтайгаа уулзлаа.
Тэрээр Монголд ирэхдээ тэмцээндээ амжилттай оролцож, мөн “аавыгаа олно доо” гэсэн нууцхан хүсэл өвөртлөн иржээ. Тэгээд Ганбаатар гэх нэртэй аавыгаа хайсаар тэмцээний өмнөхөн олж, аавдаа тайзан дээр мөнгөн аягатай сүү, хадаг барин хүндэтгэл үзүүллээ. Ийнхүү “Монгол Туургатны мисс-2016” тэмцээний нэгэн сонирхолтой хэсэг нь төөрөлдсөн аав, охин хоёр уулзсан явдал байв.
Сүүлийн зургаан жилийн хугацаанд завсарлаад байсан “Монгол туургатны мисс” тэмцээн өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. “Дэлхийн монголчууд глобал сан”-гаас зохион байгуулсан энэхүү тэмцээнд Буриад, Тува, Халимаг, Өвөр монгол зэрэг орны 15 гоо бүсгүй оролцсон юм. Харин Монголоос Ю.Балжидмаа, Д.Ану, Э.Байгал, Г.Ундармаа, Н.Мишээлт гэсэн таван гоо бүсгүй эх орноо төлөөлөн гоо үзэсгэлэнгийн шалгаруулалтад өрсөлдөв.
“Монгол туургатны мисс” тэмцээн энэ сарын 20-нд эхэлж, Олны хүндэтгэлийг хүлээсэн мисс, Фото миссээ шалгаруулаад байсан юм. Харин энэ удаад тэргүүн миссийг шалгарууллаа. Тэмцээн 19.00 цагаас эхлэх байсан ч монголчуудын сурсан зангийн дагуу нэг цаг хүлээлгэн байж 20.00 цагтай зэрэгцэн арай гэж гоо үзэсгэлэнгийн тайз хөшгөө нээв.
Бөртэ Чоно, Гоо маралын удам бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг магтан дуулсан монгол бүжиг үзэгчдийг яах аргагүй тайз руу хөтөлсөн. Мөн тэмцээний оролцогч 20 бүсгүй, хоёр хөтлөгчийн хамт тайзны голоос өргөгдөн гарч ирсэн нь содон байлаа. Ер нь “Корпорэйт” зочид буудлын энэхүү тайз нь гэрэл акустик, дизайн, үзэгчийн суудал гээд бүгд олон улсын стандартад нийцсэн байна. Энэ нь тэмцээний сонин содон зүйлийг үзэгчдэд хүргэхэд илүү дөхөм байсан юм.
“Монгол Туургатны мисс” тэмцээн үндэсний хувцасны үзүүлбэрээр эхэллээ. Оролцогчид бүгд өөрийн орны үндэсний хэв маягийг харуулсан хувцсаар гангарч, үзэгчидтэй төрөлх монгол хэлээрээ мэндчилсэн юм. Тэмцээнийг хөтлөгч Ч.Ичинхорлоо, Гантулга нар хөтөллөө.
“Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би” хэмээн тэд энэ дэлхийг эзэгнэх гоо үзэсгэлэн монгол бүсгүйд бий хэмээн магтан тунхаглаж байв.
Ийнхүү тэмцээн усны хувцастай үзүүлбэрээр үргэлжилж, гоо бүсгүйчүүд авьяасаа үзүүлснээр шилдгээ шалгаруулах мөч ирсэн юм. Тэмцээний тэргүүн миссээр Буриадын гоо бүсгүй Арюна Бубеева шалгарлаа. Тэрээр “Дангина мисс 2010”, “Краса Бурятии мисс 2010” тэмцээний тэргүүн байр, ОХУ-ын “Юная краса” уралдааны дэд мисс, Азийн мисс цолтой юм. Харин “Мисс Монголиа-2014” оны тэргүүн мисс, Ю.Балжидмаа “Монгол туургатны мисс”-ийн дэд шалгарлаа.
Ийнхүү тэмцээний зургаан номинацид хэн хэн шалгарсныг хүргэе.
Авьяаслаг мисс- А.Мөнгөнхуар /ӨМӨЗО/
Фото мисс-Альмина Мангутова /Халимаг/
Модель мисс- Б.Мишээл /Монгол/
Олны хүндлэл хүлээсэн мисс-Д.Ану
/Монгол/
Бикини мисс- Д.Ану
/Монгол/
Энэрэнгүй мисс- Сарантуяа Ганбаатароовна Даваасүрэн
Шилдэг үндэсний хувцастай мисс-Чечена Кыргыс /Тува/
Энэ удаагийн тэмцээний шагналын сан 50 мянган ам.доллар байв. Тэргүүн байр буюу “Монгол туургатны мисс”-ийг 15 мянган ам.доллар болон “Hyundai Sonata 7” автомашинаар мялаасан юм.
Мөн энэхүү тэмцээнд зориулан бүтээсэн “Монгол туургатан” хэмээх дууг гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Б.Амархүү нар дуулж, үзэгчдийн сонорыг мялаав. Ийнхүү шагналын сан өндөр, олон улсын үзэсгэлэнт бүсгүйчүүдийг нэгэн тайзан дээр цуглуулсан, шинэ дуутай “Монгол туургатны мисс” тэмцээн энэ удаагийн хөшгөө хаалаа.
Т.Батсайхан, Д.Цэрэннадмид
Зууны мэдээ