Сүүлийн үеийн манай урлагийн хүүхнүүд их хөөрхөн болжээ. Гэхдээ “Хөөрхөн хөөрхөн гэхээр нүүрээ будна, хөөрхий хөөрхий гэхээр нүглээ нэмнэ” гэгчээр тэд бурхантай тэрсэлдэн эцэг эхээс заяаснаа танигдахгүй болтол өөрчилснийг бид зах зухаас нь мэднэ. Толинд хараад л таалагдахгүй бол аль нэг гоо сайхны мэс заслын эмнэлэг дээр очоод өөрийгөө өөрчлүүлэхэд амархан болж. Гэхдээ энэ нь найдваргүй, бас муу үр дагавартай гэдгийг төдийлөн тооцдоггүй. “Гоё” болсон эмэгтэйчүүдийг үр дагавартай нь сонирхуулъя.
Эрос хүүхний засвартай эрхтнүүд
Эрос хүүхэн шүү би гэдэг сенсацийг дэгдээж, янз бүрийн зургаа сонинуудаар тараан өөрийгөө нэрд гаргасан дуучин бол Т.Ариунаа. Тухайн үедээ дөнгөж социализмаас гарч байсан иргэдэд энэ нь үнэхээр нүд бүлтийлгэсэн асуудал болж гайхалтай менежменттэй бүсгүй дорхноо од болж чадсан.
Гэхдээ тэрээр өглөө босож толинд харах болгондоо өөрийгөө голдог байсныг нь танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн төрх нь гэрчилнэ. Тэрээр гоо сайхны мэс заслын буянаар энэ цагийн хамгийн хөөрхөн бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор жагсдаг болжээ. Гэхдээ түүнд хөөрхөн байхын тулд байнга өөрөөсөө асар их тэвчээр гаргах бас байнгын өөртөө анхаарал тавьж байх шаардлага тулгарчээ. Хамар, нүд гээд засвартай бүх эд эрхтнээ хамгаална гэхээр дуучин маань гоо сайхандаа хичнээн их цаг зарцуулдаг нь тодорхой.
Түүнийг гоё болсны дараа зарим нэг фенүүд нь танихгүй мунгинаж “Нугасны муухай дэгдээхэй” хун болжээ гэж шүүрс алдаж байсан гэдэг. Одоо 40 гарч яваа ч Ариунаа энэ бүх мэс заслынхаа ачаар 30 гаруйхан настай гэмээр харагддаг. Түүний цоглог төрх бас олон бүсгүйчүүдэд үлгэр болдог билээ.
Г.Эрдэнэтунгалагийн 15 саяын үнэтэй нүд
Зохиолын дуучид дундаа хамгийн чадалтай хоолойтой гэгддэг дуучин Г.Эрдэнэтунгалаг өөрийгөө гологчдын нэг. Тэрээр “Би тарган бас царай муутай байна” гэсэн дүгнэлт өөртөө өгөөд “Туранхай бас хөөрхөн болох” арга хэмжээг яаралтай авсан.
Зорилгодоо ч хүрсэн. Г.Эрдэнэтунгалаг гэдэг эмэгтэйг одоо хаанаас нь ч харсан хөөрхөн хип хоп охин болчихсон. Тайзнаа төдийлөн гарахгүй байгаа түүнийг ихэнх хүмүүс танихгүй байгаа. Гэхдээ тэрээр хөөрхөн болохын тулд нүдэндээ давхраа хийлгэсэн нь гай болж нүд нь гэрэлд юу ч харахгүй бас тэвчихийн аргагүй өвддөг байсан гэдэг. Энэ зовлонгоо тэр толгой дээгүүрээ xap хөнжил нөмрөөд таг хэвтэж өнгөрүүлдэг байв.
“Ээжээрээ хөтлүүлэн” Энэтхэгт очиж 15 сая төгрөгний хагалгаа хийлгэж байж зовлонгоосоо ангижирсан. Сайхан болоход сайн тал ч бий, муу тал ч бий гэдгийг биеэрээ мэдэрсэн эмэгтэй. Хэрвээ 15 сая төгрөггүй хүн бол таг сохроод л өнгөрөх төдийгүй голсон царай нь голд нь орж харамсах байв.
Хүүхдийн эротик дуучин

Уг нь тэрээр хөөрхөн л охин байсан, гэхдээ одоо бас л өөрөө өөрийгөө голсон хуурамч гоё бүсгүйчүүдийн тоог нэгээр нэмсэн. Тэгээд хүүхдийн дуу дуулах дуртайг нь хэлэх үү? Хүүхдийн дуу дуулахад ер нь Памелагийнх шиг том хөхөөр яах вэ дээ. Бас хамар хийлгэсэн. Тэр нь өнөөх хүүхдийнх шиг эгдүүтэй төрхийг нь юу ч үгүй болгоод зүгээр л секси эмэгтэй болгож хувиргав.
Тиймээс хүүхдийн гэдэг овог түүнээс нүүрээ буруулж, дуулсан дуу нь юун хит болов. Одоо сурсан мэдсэнээр маруухан “гоё” бүсгүй зүгээр л нэг хэдэн тоглоомтой өрөөний манаач болох нь холгүй байна.
Дуучин, дуулианы эзэн, дурлалын баатар
Зохиолын дууны ертөнцөд ижил ч юм шиг ихэр ч юм шиг хоёр залуу орж ирсний нэг нь одоогийн УИХ-ын гишүүн Д.Кекүшюзан Батбаярын гэргий Т.Баясгалан. Тэрээр нэрд гарах гэж есөн шидийн арга хэрэглэдэг байсан. Ер нь хаана мөнгө, хаана боломж байна түүнээс зүүгдээд авдаг байсан гэхэд болно. Одоо бол айлын сайхан гэргий.
Түүнд хэзээ ч зохиогүй зүйл бол эрх жаахан гэж санагдуулам төрхийг нь юу ч үгүй болгочихсон хиймэл хамар, гель шахуулсан зохимжгүй зузаан уруул хоёр. Эхэндээ түүнийг хөөрхөн охин гэж хүмүүс хүлээж авдаг байсан бол одоо нэг л хиймэл харагдаад байдаг юм гэж хариулдаг. Баясгалан гавъяат гоо сайхны мэс засал хийлгэснээр өөртөө л таалагдаж байгаа байх. Харин фенүүд нь бол түүнийг ямар ч хиймэл зүйл хийлгээгүй тэр төрхөөр нь хайрладаг байсан.
Мөнхийн залуу насыг мөнгөөр худалдаж авсан бүсгүй
Загвар өмсөгч Э.Одгэрэлийг мөнхийн залуу гоо үзэсгэлэнт гэдэг. Гэхдээ тэрээр гоо үзэсгэлэн, мөнхийн залуу төрхийг мөнгөөр худалдаж авсан эмэгтэй. 90-ээд оны эхээр ид залуу хорин хэдэн насандаа хэнээс ч ялгараад байхааргүй навтгар хамартай хүүхэн байсан.
Харин сүүлд л гэнэт гоо үзэсгэлэнгээрээ тодрон гарч ирсэн нь голсон биеэ шинэчилж өөрийгөө өөрчлөх арга хэмжээ авч, мэс заслын ширээн дээрээс дахин төрснийх нь ид шид байлаа. Тэрээр загварын тайзнаа өмнүүрээ хэнийг ч гишгүүлэхгүй гэсэн амиа хичээсэн зангаа тавьдаггүйгээс залуу үеийхэндээ юу ч зааж өгдөггүй.
Загвар өмсөгчид ямар нэгэн том тэмцээнд орох гээд бэлтгэлээ хийж байхад Э.Одгэрэл л тусдаа цаг авч ганцаархнаа ирж бэлтгэлээ хийчихээд явдаг. Ийм л амиа хичээсэн мөнхийн залуу гоо үзэсгэлэнт ертөнцийн жамаар хөгшрөхөөсөө ухаан алдатлаа айж явна.
Тайзан дээр гэрэлтдэг миссүүд
Мисс Д.Пүрэвсүрэн, Ш.Отгонцэцэг хоёр СУИС-ийг дүүргэснийхээ дараа жинхэнэ барууны одод шиг од болохын өвчинд автан гоо сайхны мэс засал хийлгэж өөрсдийгөө өөрчлөхийг хичээсэн.
“Хувьсал” продакшны шинээр тавьсан жүжиг болгонд тоглож өөрсдийгөө драмын хэдэн хөгшин эгээ нарыг мартуулна гэж онгирдог байлаа. Жениффер шиг өгзөгтэй болох гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн гоо сайхны хагалгаанд орсон ч тус биш ус болов.
Гэрэл жаахан бүдгэрүүлээд тайзан дээр гаргахаар л өгзөг нь цэнхэртээд, угаас аливаа зүйлд бухимдуу Цогоог “Наад бөгсөө авахуул, жүжгийн найруулга, утга санаа алдагдуулаад байна. За за, наад гэрлээ нэм” гэж орилуулдаг байсан гэдэг.
Энэ мэтчилэн гэрэлтдэг бүсгүйчүүд Э.Одгэрэл, Т.Баясгалангаас эхлээд олон бий. Тэд Монголын гоо сайхны мэс заслын салбарын анхны туршилтын туулайнууд учраас жаахан дефекттэй “хөөрхөн”-үүд болцгоосон. Сүүлийн үеийн технологиуд улам нарийсч хөгжсөн болохоор одоо ч өөрийгөө яаж л бол яаж голж, өөр “би”-г шилж болдог цагт бид амьдарч байна.