/буюу… Эргэлзэх зуршил: Шийдэмгий, зоригтой байцгаая!/
Чи чадна, чадах ч болно. Сонголт болгонд эрсдэл байдаг гэдгийг бид мэднэ. Гэхдээ эрсдлээс айж аюулгүй бүсдээ шигдэх нь, амьдралын амттай шимттэй бүхнээс татгалзаж байгаагаас ялгаагүй хэрэг. “Ганцхан олдох амьдрал” гэж ярьдаггүй билүү?
Ямарвааг сонгосноороо чамд тохиолдож болох хамгийн муу зүйлийн тухай бодохоосоо өмнө, “аз таарвал” чиний энэ сонголт ямар гайхамшигт хүргэж болохыг төсөөл. Чи алинд нь илүү их харамсах вэ: аюултай нүүр тулаад ч хамаагүй хийснийхээ дараа юу, эсвэл юу болох байсныг төсөөлсөөр хойш суусныхаа дараа юу? Эдгээр 7 нөхцөл байдалд яаж зоримог хандах жорыг уншаарай.
Эр хүнтэй танилцах анхны алхмыг хийх
Бүр бүтэлгүйтлээ гэхэд: Тэр чамд найз бүсгүйтэй гэдгээ хэлнэ. Тэгээд л чи “Харамсалтай л байна” гэж хэлээд инээмсэглэнэ. Гэхдээ чи дотроо найз бүсгүйтэй гэж худлаа хэлсэн юм биш байгаа хэмээн эргэлзэх л байх. Тэглээ гээд чи түрүүнд нь сууж байсан газраа очоод, нэг хундага текила уух юм уу, гарч өдрийн цайгаа уугаад л түүний тухай мартчихна. Огтхон ч сүртэй юм биш.
Хэрэв чи хийхгүй өнгөрөөвөл: Маш сайхан залуутай танилцаж, дотносож, цагийг хамт өнгөрөөх боломжийг алдана. Заавал урт удаан харилцаа үүсгэх албагүй, түүнтэй танилцлаа гээд чамд шинэ танил, сонирхолтой болзоо л нэмэгдэхээс өөр муу зүйл үгүй. Эрчүүд чамайг нэр хүндээ уландаа гишгэсэн мэтээр огт бодохгүй. Учир нь тэд өөрсдөө ч ийм юманд дуртай улс. Гол нь түүнийг гаднаас нь хараад “үл бүтэх этгээд” биш эсэхийг нь анзаараарай.
Шийдвэр? Хажуугаар нь явахдаа түүний хуруунд бөгж байгаа эсэхийг анзаарад ав.
Ганцаараа аялалд гарах
Бүр бүтэлгүйтлээ гэхэд: “Энэ ямар үнэтэй вэ?”, “Угаалгын өрөө хаана вэ?” гэж ч асууж чадахгүй харийн оронд чи ганцаараа очно. Тэгээд зурган дээр харагдсанаасаа тэс өөр зочид буудалд орж, яаж иддэг байна аа гэмээр сонин орцтой хоол амсаж үзнэ. Магадгүй төөрнө, гэхдээ чи төөрөх замдаа урьд хожид үзэж хараагүй сонин содон зүйлийг олж нээнэ. Эд зүйлээ алдах эрсдэл байгаа.
Хэрэв чи хийхгүй өнгөрөөвөл: Гэхдээ хэрэв чи ийм эрсдлүүдийг хүлээхгүй юм бол, хэн нэгнийг ямар адал явдалтай, өгсүүр уруутай, сонирхолтой аялалд гарсан тухайгаа ярихаыг дахиад л зүгээр сонсож суугаад атаархахаас өөр аргагүйд хүрнэ. Тэднийг тэнд юм юм үзэж, эрч хүчтэйгээр амьдарч байх хоорондуур чи энд гэр орон, ажил, хүүхдүүдтэйгээ орооцолдсоор хоцорно.
Шийдвэр? Аялалд явж үзсэн найзуудаасаа зөвлөгөө авч, өөртөө арай ойр орноос гараагаа эхэл. Bon voyage!
Өөртөө мөнгө зарцуулах
Бүр бүтэлгүйтлээ гэхэд: Чи хөнжлөөсөө хэтэрсэн үнэтэй зүйл худалдаж авна. Уран зураг, ганцхан бүтээгдсэн зүүлт гэх мэт. 6 сарын дараа чи тэднээс уйдахаараа авснаасаа 2 дахин хямд үнээр худалдах хэрэгтэй болно. Эсвэл авсан хувцас чинь шүүгээний үзүүлэн болж үлдэх вий гэхээс чи айна.
Хэрэв чи хийхгүй өнгөрөөвөл: Чи дахиад л өөртөө мөнгө зарцуулж чаддаггүйдээ харамсан суух болно. Өөрийнхөө төлөө хааяа түрийвчээ хоосолж чаддаг найзтайгаа цуг дэлгүүр хэсэхэд чамд гэмтэй сэтгэгдэл төрөх болно. Тэгээд л сурснаараа хямдралын тасаг руу явна.
Шийдвэр? Сэтгэлийг чинь татаад байгаа зүйлийг худалдаж авахаасаа бүү ай. Гэхдээ юм мэддэг найзтайгаа зөвлөөрэй.
Үснийхээ засалтыг өөрчлөх
Бүр бүтэлгүйтлээ гэхэд: Муухай үстэй боллоо гэхэд чи түүнийгээ далдлахын тулд урьд нь авдаггүй байсан үсний гоёл, малгай зэргийг худалдаж авна. Нэг талаараа “азны юм”!
Хэрэв чи хийхгүй өнгөрөөвөл: Чи үснээсээ 2-хон инч тайруулах гэж “бөөн юм болдог” эмэгтэй хэвээрээ л хоцрох болно. Шинэ үсний засалт дүр төрх, өөрийгөө харах үнэлэмжийг чинь яаж өөрчлөхийг чи мэдрэлгүй хоцорно.
Шийдвэр? Сүүлийн үед бүрх малгайнууд моодонд орж байгаа шүү. Тиймээс гарч болох хамгийн муу үр дагавар ч сайныг авчирна гэдэгт итгэ.
Ажлаа өөрчлөх
Бүр бүтэлгүйтлээ гэхэд: Чи өөрийн шинэ бизнесийг гэр бүлийнхнийхээ дэмжлэгээр эхлүүлнэ. Эхэндээ орлого сайтай явах боловч, эцэстээ эдийн засгийн хямралаас болоод дампуурахаас өөр аргагүй болно. Гэсэн ч шинэ ажил хайхад чиний профильд “Өөрийн гэсэн бизнесийг эрхэлж байсан” гэсэн шинэ тодотгол нэмэгдэх сайн талтай.
Хэрэв чи хийхгүй өнгөрөөвөл: Чи сэтгэл хангалуун бус ажилдаа шигдсээр, амьдралаа барна. Ажлаасаа гарахаасаа оройтсон хойноо хэдэн жилийн өмнө л халагдах өргөдлөө өгдөг байж гэж амаа барина.
Шийдвэр? Төлөвлөгөө гарга, эрсдлүүдэд сайтар бэлтгээд айх юмгүй зорилгынхоо төлөө алх.
Уулзалгүй удсан найзтайгаа эвлэрэхэд
Бүр бүтэлгүйтлээ гэхэд: Найз чинь чамтай уулзах завгүй гэж хэлнэ. Магадгүй та хоёр уулазлгүй хэтэрхий удсан, эсвэл та хоёрын дунд үүссэн асуудал намжих цаг нь болоогүй байгаа аж. Ямартай ч чи барагцаатай хоцорно.
Хэрэв чи хийхгүй өнгөрөөвөл: Чи зүгээр л бодсоор л хоцорно. Түүн лүү залгаснаараа “гуйсан” гэдэг нэр авчих вий гэж айна. Яг үнэндээ та хоёрын дунд нэр төр, ихэрхэл байхгүйг чи уг нь мэдэж байгаа. Тэгсэн хирнээ чамд түүн лүү залгах зориг хүрэлгүй орхиж, магадгүй хадгалах ёстой байсан нөхөрлөлөө бүрмөсөн алдана.
Шийдвэр? Түүн лүү залга. Гэхдээ татгалзсан хариу сонсохдоо бэлтгэлтэй бай.
Өөрийгөө зовоодог харилцаанд үгүй гэж хэлэхэд
Бүр бүтэлгүйтлээ гэхэд: Чи түүнээс салсандаа харамсаж хэд хоног дараалж уйлна. Түүнгүйгээр амьдарч чадахгүй мэт санагдах авч, хэсэг хугацаа өнгөрсний дараа түүний хардалт, дарамт, түгшүүргүйгээр харин ч амьдрал чинь амар амгалан тайван болж буйг чи мэдэрнэ. Түүнээр л эр хүнийг төсөөлдөг болчихсон учраас, чи өөр хүнтэй танилцахаасаа хэсэгтээ айж зугтана. “Тэр сайн хүн биш байвал яах юм?” гэдэг бодолдоо түүртэх ч, дараа нь зориглоно. Магадгүй өөр нэг бүтэлгүй дурлалтай учирна. Гэхдээ чи хайр дурлалд туршлагатай, мэдрэмжтэй болно.
Хэрэв чи хийхгүй өнгөрөөвөл: Түүнээс салсны дараа амьдрал чинь яаж цэцэглэх байсныг мэдрэлгүй өнгөрнө. Ганцхан алхахад л нар тусдаг газар луу үрч болох байсан байхад, “хүүхдийн минь эцэг”, эсвэл “миний анхнй хайр” мэтийн хуучирсан бодлуудаасаа болоод зовлонт харилцаандаа үлдэнэ.
Шийдвэр? Энэ бол ардчилсан нийгэм. Энэ байдалтайгаа эвлэрч зовсон хэвээр үлдэх, эсвэл салаад шинэ амьдралыг эрэлхийлэхийн алийг нь сонгохоо өөрөө мэдэгтүн.
Goolingoo