Цахим ертөнцөөр ёрын гарчигтай нийтлэл цацагджээ. Цааш нь задлан унших зүрх зориг яагаад ч хүрсэнгүй. Учир нь би эх хүн. Алаг үрээ хүсэн хүлээж, амин зүрхэндээ нандигнан яваа ээж хүн. Бусдын гарт үрээ алдсан эхийн зовнил барагддаггүй юм шүү, амьдралдаа ийм зовлонт эхтэй бишгүйдээ л нэг таарсан. Үрийн заяагүй бүсгүйн амьдрал утгагүй байдаг юм гэсэн дээ, үеийн найзууд минь шаналж л яваа. Харин өөрийнхөө гараар үрээ хөнөөсөн үйлт эхийн тавиланг хэлж мэдэхгүй нь…
Алтан нарны гэрлийг атгандаа багтаан, амьсгал авахдаа хорвоог тэр чигээр нь биедээ шингээсэн бурхны жаахан нялх үрс. Зоргоороо өсөж, жаргал зовлонг өөрийнхөөрөө л эдлэх гэж хүний хорвоог хүсэн хүсэн ирсэн энхрий дагинас. Үрийн заяа, үрийн зулай үнэрлэх нь буян юм шүү дээ. Үнэндээ тэд минь сайн үйлийн үрээр ирдэг юм.
Үр хүүхдээ өнчрүүллээ гэж дуулдах юм. Хацар хайрах нь бүү хэл хуруу чимчигнэм тэслүү хүйтэнд хогийн сав, хөдөө гадаад хүүхдээ хаясан харгис эхийн сураг чимээ гарч л байх юм. Ийм тавилан, ийм харгислалыг харах нь бүү хэл сонсох ч зүрх хүрэхгүй нь. Зүрх зүсэж, заяа харалмаар эмэгнэлийн хажуугаар ахиад л бас харигсал…
Тээж төрүүлсэн үрийнхээ хоолойг хэрчин хорооно гэдэг харигслалын дээд харигслал. Алтан хэвлийдээ арвагнуулан, эрвэгнүүлэн тээчихээд, аминаасаа амь ургуулан, амьдрал бэлэглэснээ яалтай. Анхны амьсгалыг нь хүсэн хүсэн бэлэглэчихээд, эцсийн амьсгалыг нь өөрийн гараар үгүй хийх нь юуных вэ? Үүлэн сүүдэр үрд минь тусчих вий гэж, үйл лай минь заяаг нь буруулчих вий гэж бодол үйлдлээсээ ч харамлан хайрладаг, эх хүний сэтгэл нь хаачаа вэ?
Үр гэдэг хүссэн бүхэнд нь олддог эд таваар биш, заяа буянаар ирдэг бурхны амь юм. Бидний сонголтоор биш өөрийн хүслээр ээж ааваа сонгож ирдэг хамгийн нандин эрдэнэ юм. Ядуу тарчигхан амьдралаасаа ч тэднийг буцаах нь нүгэл, бүсгүй минь. Энхрий жаахан үрс эдлэхээ эдэлж, туулахаа туулах гэж л энэ ертөнцөд өөрөө ирдэг юм. Чиний хүслээр биш, өөрийн хүслээр ирдэг бурхны амь юм. Нэгэн цагт буцаасан бэлэг хожим нь хүсээд ч ирэхгүй хяслан гэж бий дээ.