Монгол удмын хатны бунхан

Энэтхэгийн нийслэл Шинэ Делигээс зүүн хойд зүгт орших Агро хотод алдарт Таж Махал цогцолбор дэлхийн олон хөлийн жуулчдыг соронзон адил татаж, эрхэмсэг төрхөөрөө он оныг элээсээр байна. Таж гэдэг үгийг монголоор хөрвүүлбэл Титэм гэсэнтэй утга дүйх ажээ.
Английн яруу найрагч Эдвин Арнолд “Энэ бол зүгээр нэг барилга биш. Энэ бол амилсан гоо үзэсгэлэн билээ. Хайр дурлалыг хамгийн бодитойгоор харъя гэвэл Таж Махалыг хар. Би бүсгүй хүнийг эндээс л мэдэрдэг. Таж Махал бол гантиганд шингэсэн эмэгтэй” гэж хэлсэн байдаг.
Ертөнцийн долоон гайхамшгийн нэгд тооцогддог алдарт Таж Махалын түүх 1526-1858 онд Энэтхэгийн төрийг барьж байсан Моголын засаглалтай холбоотой. Таж Махалыг анх Моголын эзэнт, гүрний угсаа залгамжилсан 5 дахь хаан Шах Жахан, түүний хамгаас хайрт хатан Мумтаз Махалын мөнхийн дурсгалд зориулан 1632 оноос эхлэн 22 жилийн турш барьжээ.Тэгэхдээ дэлхийн өнцөг булан бүрээс олон шилдэг уран барилгачдыг ирүүлж шалгаруулсны эцэст “Устад Ахмад Лахаури”-ын зураг төслөөр босгосон байна. Энэтхэгийн урлагийн бүхий л сор болсон дээжсийг энд бүрэн багтаасан гэж болно.
Хаантан 1612 онд Махалыг хатнаа болгожээ. Хэдийгээр бүсгүй өмнө нь хоёр ч удаа нөхөрт гарч байсан боловч хаан, хатан хоёрын хайр дурлал чухам л үлгэр мэт сайхан байлаа. Хамтын амьдралын 19 жилийг туулахад ухаант хатны мэдлэг боловсрол хаант төрийн улс төрийн гол түшиг тулгуур болж байсныг түүх гэрчилдэг. Гэвч тэрээр 1631 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 14 дэх хүүхдээ төрүүлээд 39-хөн насандаа хорвоогоос хальсан билээ. Тэр үед хаан аян дайнд явж байжээ.
Хатныхаа бие чилээрхсэнийг сонсоод нутгийн зүг хүлгийн жолоо залсан ч нэгэнт хожимдсон байлаа. Асар ихээр гашуудсан Шах Жахан хаан хатныхаа шарилын өмнө “ЧАМАЙГАА МӨНХЖҮҮЛЭХИЙН ТУЛД БҮТЭЭЖ БОЛОХ БҮХНИЙГ ХИЙНЭ” гэж андгайлсан гэдэг. Ийнхүү Мумтаз Махал хатныг насан эцэслэснээс хойш нэг жилийн дараа буюу 1632 онд Ямуна голын эрэг дээрх газрыг сонгож, барилгын ажил эхэлж, 20 мянга гаруй дархчид, урчууд 22 жил тасралтгүй хөдөлмөрлөж хааны хүслийг гүйцэлдүүлжээ. 1648 онд гол мавзолейн ажил дуусч, харин таван жилийн дараа буюу 1653 онд цагаан гантиг чулуун бунхныг тойрон байрлах бусад барилгууд болон цэцэрлэгт хүрээлэнгийн ажил бүрэн дууссан байна.
Үзэсгэлэн төгс Мумтаз Махал хатныг амьд байхад хаан түүнд дөрвөн амлалт өгч байсан аж.
1-рт: Тажийг барих
2-рт: Дахин гэрлэх
3-рт: Үр хүүхдүүдтэйгээ эелдэг харьцах
4-рт:. Жил бүр Мумтазын нас барсан өдөр түүний шарил дээр очиж байхаар ам гарсан байна. Гэвч хаан эхний болон хоёр дахь амлалтаа л биелүүлжээ.
Эр хүн хайртынхаа хойноос гунихдаа унагасан цагаан гантиг нулимс бол Таж Махал ажгуу. Хосгүй сайхан энэ байгууламж 5 үндсэн элементээс бүрддэг. Дарваза буюу их хаалга, Багича буюу цэцэрлэгт хүрээлэн, Масжид буюу сүм, Наккар Хана буюу амралтын өргөө, эцэст нь гол барилга болох Рауза буюу Таж юм. Таж бөмбөгөр оройн хамт 74 м өндөр, диаметр нь 64 м бөгөөд дөрвөн буланд харуулын цамхаг мэт 40 м өндөртэй суваргуудыг бага зэрэг гадагш хазайлган босгосон нь хүчтэй газар хөдлөлтийн үед гол барилгын зүгт бус гадагш нурахаар төлөвлөгджээ. Бөмбөгөр орой нь барилгын их биеийн адил цагаан гантигаар хийгдсэн бөгөөд нарны гэрэлд өнгө өнгөөр туяаран Тажийг улам ч хосгүй харагдуулдаг. Өнгө нь улирал бүр, өдрийн цаг бүрт өөрчлөгдөж байдаг нь нарны гэрлийн буух өнцгийг нарийн тооцоолсонтой холбоотой аж. Яг л эрдэнийн чулуу мэт цагаан гантиганд шигтгэсэн үнэт чулуу сарны гэрэлд гялтганан туяарч ер бусын гоо үзэсгэлэнг бий болгодог байна.
Таж Махал өглөө ягаан туяатай, орой сүүн цагаан өнгөтэй, харин үдэш болж саран туяарахад алтан шаргал өнгөөр гэрэлтдэг нь эмэгтэй хүний сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж буй хэрэг хэмээн тайлбарладаг. Эрдэнийн 35 төрлийн чулууг Энэтхэг, Хятад, Шри-Ланка, Ирак, Йемен, Арабаас авчирч, баганан дээр нь Аллах тэнгэрийн 99 бурхны нэрийг сийлжээ. Гаднах цэцэрлэгт хүрээлэнг Персийн алдарт зураач Чербахын зургаар байгуулсан аж. Анх 580 ам. дөрвөлжин метр талбайд газар газрын 400 төрлийн ургамлын үр суулгажээ. Чухамдаа ертөнцийн хамгийн сайхан ургамлын дээжис байх учиртай хэмээн үзсэн байж. Таж Махалыг улам хосгүй сайхан харагдуулахын тулд Ямуна голын голдрилыгч өөрчилсөн байна.
Харин энэхүү гайхамшгийг бүтээн босгоход зарцуулсан хөрөнгө мөнгөний хэмжээг ихэд нууцалсан гэдэг. Таж Махалыг барьсан өртөг Википедиад бичсэнээр бол 1635 оны ханшаар 32 сая энэтхэг рупи бөгөөд энэ нь өнөөгийн ханшаар 52.8 тэрбум энэтхэг рупи болж байна. Үүнийг ам.долларт шилжүүлбэл 827 сая.доллар болж байна.
Таж Махал бүрэн цогцолсны дараа Шах Жахан хаан Ямуна мөрний нөгөө эрэгт өөртөө зориулан хар гантиг чулуугаар бунхан бариулахаар төлөвлөж байсан ч Шах Жаханы хүү Аурангзеб хайр дурлалдаа хэт мансуурч, ухаанаа алдсан хаан эцгээ баривчилж, Тажийн яг хажууд байрлах цайзад хорьжээ. Учир нь Аурангзеб аавыгаа улсын бүхий л хөрөнгө мөнгийг Таж Махалд зориулж, цаашид дахин Хар Таж Махалыг бариулахаар завдаж байсантай холбоотой аж. Хорионд ороод төд удалгүй хэвтэрт орсон Шах Жахан хаан Таж Махалыг харж чадахгүйд хүрч, хүүдээ хандан орныхоо дэргэд толь тавьж өгөхийг хүссэн гэдэг. Эцгийнхээ агуу хайрыг шүтэн биширсэн Аурангзеб хожим нь өөрийн хатанд зориулж Таж Махалыг дуурайлган бунхан босгосон боловч тэгш хэмийн харьцаа алдагдаж, хорвоод хосгүй Таж Махал шиг гайхамшгийг бүтээж чадаагүй аж.
100 сая гаруй хүний саналаар ертөнцийн 7 гайхамшигийн нэгээр тодорсон Таж Махал 1983 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ болсон Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг” хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Монголчуудад нэн хамаатай нэгэн учгийг татахад Мумтаз Махал хатныг монгол удмын хүн гэж энэтхэгчүүдийн дунд ярих нь бий. Нэг талаар энэ нь оргүй үг биш байж мэднэ. Яагаад гэвэл Энэтхэгийн хойд талын Накланд мужийн монголжуу царайтай хүмүүсийг Чингисийн их цэргээс үлдэж хоцорсон монгол угсаатнууд гэдэг.
Дэд хурандаа П.Батнайрамдал
Эх сурвалж: “Соёмбо” сонин

Монгол удмын хатны бунхан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.