“Эрдэс таван толгой” төрийн өмчит хувьцаат компаниас Монгол улсын иргэн бүрт 536 ширхэг хувьцаа өгөхөөр болсон бөгөөд тухайн иргэн хүсвэл хувьцаагаа нэг сая төгрөг болгон бэлнээр авах боломжтой болсон. Энэ нь Засгийн газар иргэдээс хувьцааг худалдан авч байна гэсэн үг юм.
Иргэд хувьцаагаа авах нь ашигтай эсвэл бэлэн мөнгөөр авахын аль нь өөрт ашигтай вэ гэдгийг шийдэж чадахгүй байгаа. Тиймээс та бүхэндээ хэрэг болох үүднээс “Таван богд” брокер диллерийн компаний мэргэжилтэн Алиятай уулзаж хувьцааны талаар мэдээлэл авч хүргэж байна.
Хувьцааны бизнес гэдэг нь өөрөө их олон жилийн дараагаас үр ашгаа өгч эхэлдэг учраас иргэд 536 хувьцаагаа шууд аваад л ноогдол ашгаа авч эхэлнэ гэж ойлгож болохгүй. Учир нь иргэдэд тарааж өгч буй уг хувьцаа нь “Эрдэс таван толгой” компаниас ноогдол ашиг авах хувьцаа. Хувьцааны ноогдол ашиг гэдэг маань тус компани тухайн жилдээ ашигтай ажилласан тохиолдолд л ашгаа хүртэнэ гэсэн үг. Харин тухайн жилд компани ашиггүй ажилбал та хувьцааны ноогдол ашгаа авч чадахгүй. Мөн 536 ширхэг хувьцааг эзэмшсэнээр нэг хүн жилд ойролцоогоор төчнөөн хэмжээний мөнгө авна гэсэн тооцоог одоохондоо гаргах ямар ч боломжгүй юм. Энэ нь манай улсад өмнө нь “Эрдэс таван толгой” компанитай дүйцэхүйц компани үйл ажиллаагаа явуулж байгаагүй, тухайн цаг үеийнхээ зах зээлээс хамаараад ашиг орлого нь харьцангуй өөр өөр байх учираас яг тийм хэмжээний ноогдол ашгийг иргэд авна гэж хэлэх нь өрөөсгөл явдал. Дээр нь урьдчилсан тооцооллыг бүр мэргэшсэн эдийн засагчид Монгол улстай эдийн засаг, хүн ам, эрдэс баялгийн ордоороо ойролцоо улс оронтой жишиж харьцуулсан судалгаа хийж байж гаргах боломжтой ажээ.
Харин бэлэн мөнгө эсвэл хувьцаа авах хүсэлтэй өөрийн харьяа дүүргийн хороод дээр очиж гаргасан загвар анкетийн дагуу бөглөх юм байна. Мөн өмнө нь хөдөлмөрийн бирж дээр хувьцааны данс нээлгэсэн иргэд хувьцаагаа бэлэн мөнгө болгож авч чадахгүй нь гэж санаа зовох хэрэггүй бөгөөд таны нээлгэсэн данс нь зөвхөн хувьцааны зах зээлд оролцох эрхийг нээж өгсөн гэсэн үг юм байна. Тиймээс хувьцаагаа бэлэн мөнгө болгон авах хүсэлтээ хороондоо очиж өгөхөд л хангалттай.
Гадаадад байгаа иргэдийн хувьд хүн амын шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, Хүний хөгжил сангаас олгодог сар бүрийн 21 мянган төгрөг авдаг данстай бол өөрийн итгэмжлэгчээр төлөөлүүлэн сонголтоо хийнэ.
Оюутан залуусын хувьд Хүний хөгжил сангаас сургалтын төлбөрт өгсөн 500 мянган төгрөгийг хоёр удаа авсан бол хувьцаа эсвэл бэлэн мөнгөний алийг нь ч авах боломжгүй юм.