“Салъя”

184496-06052016-1462500424-949495762-salalt“…Салъя, зүгээр л салчихъя. Ямар цавуудчихсан биш. Чамтай, чамгүй амьдарч чадна”. Уур бухимдал ассан үед амнаас чухам л эрээ цээргүй үсчих энэ үгс гал унтраах хамгийн хялбар арга мэт санагдах. Болохгүй байгаа амьдралыг яалтай хэмээн шалтаглаж, өөрийгөө зөвтгөнө. Үндсэндээ, уур бухимдлаар асуудлыг ингэж шийддэг гэр бүл цөөнгүй.

Хамгийн сүүлд гаргасан статистикаар гэр бүл салалт гэрлэлтийн 20 гаруй хувийг эзэлж, өрх толгойлсон эмэгтэйн тоо сүүлийн таван жил дараалан 80 мянгаас буусангүй. Тэрчлэн жил бүр 1700-2400 хүүхэд үрчлүүлж, 1000 орчим хүүхэд халамж, асрамжийн төвд толгой хоргоддог гээд олон баримт бий. Шийдэл хэмээн эндүүрч, дээрх бодлыг тархиныхаа мухарт хадгалж буй бол уучлаарай! Хэн дуртай нь “Салъя” хэмээн хэлэхээсээ өмнө нэлээд асуудлыг шийдэх хэрэгтэй болж буйг эхлээд танд сануулъя.

Өргөн бариад хоёр жилийн нүүр үзэх шахаж байгаа Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг уг нь баасан гарагт (өнөөдөр) УИХ- ын чуулганаар хэлэлцэхээр жагсаалтад зоосон. Гэвч Сонгуулийн тухай хуульд дарагдаад энэ удаа дахин хойшлогдов. Хэрэв Хаврын чуулгандаа багтаагаад эрхэм гишүүд эл хуулийг баталчихвал ирэх есдүгээр сараас ирээдүйн хариуцлагатай гэр бүлүүдийг бэлтгэх эрх зүйн орчин бүрдэх найдвар байна.

ТЭТГЭМЖЭЭС ЗУГТАНА ГЭВЭЛ ГОРЬДСОНЫ ГАРЗ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шинээр тусгасанчлан гэр бүл цуцлуулсан тохиолдолд хүүхдээ асран хамгаалах үүргээс чөлөөлөгдөхгүй. Ямар ч нөхцөлд тэр. Долоогоос дээш настай бол хүүхдийнх нь хүсэлтийг харгалзан аав, ээжийнх нь алинд нь үлдээхийг шийднэ.

Гэр бүлд хүчирхийлэл нэвчсэн бол заавал хамтдаа бай гэж ятгахгүй

Мэдээж нөхцөл байдлыг үнэлгээг харгалзаж таарна. Ингээд хүүхдээ аваагүй тал 18 нас хүртэл нь хүүхдийн тэтгэлэг өгөх ёстой. Уг нь одоогийн хуульд ч энэ талаар заалт бий. Гэвч хэрэгжилт ердөө 12 хувьтай. Хүүхдээ тэврээд үлдсэн хүмүүсийн дийлэнх нь “Мэдэхгүй, сураггүй болчихсон” гэхээс өөр хариултгүй суудаг гэх.

Тэгвэл энэ удаа хүүхдийн тэтгэлгийг төлүүлэх асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн төсөлд тусгажээ. Эцэг, эх үүргээсээ мултрах аргагүй болно гэсэн үг. Үүрэг хүлээсэн эцэг, эх тэтгэмжээ төлөхгүй бол цахим гав суулгачихна, амар. Хаа явааг нь онлайнаар л хянана. Зорчих эрхийг нь хасах учраас гадаад руу “бултана” гэвэл горьдсоны гарз. Ингэж ээж, аав болсныхоо төлөө хариуцлага хүлээх ёстой байдгийг ухамсарлуулах нь.

ХАДМУУДЫН ХАТГААСЫГ ХАРГАЛЗАХ АЛБАГҮЙ

Гэр бүл салалтад зонхилж буй хэд хэдэн шалтгаан бийн голлох нөлөө нь хадмуудын зүгээс ирдэг. “Тэр хар юмандаа хэлээч. Хадмуудаараа хүүхдээ харуул. Мөнгө ол гэж хэл” гэх зэргээр элдвийн ятгалга хаа хүртэл ч үргэлжилж мэднэ. Ер нь судлаачид ч салалтын шалтгааны талаар маргаантай дүгнэлтүүд өгдөг.

Ихэнх нь архидалт, гадаадад удаан хугацаагаар явах, хүчирхийлэл, гэр бүлээс гадуурх харилцаа гэнэ. Үнэн хэрэгтээ гэр бүлийн боловсролгүйн улмаас энэ бүх зөрчил үүсэж, дээрх асуудлыг ердөө шалтаг болгодог хэмээн салбарын яамны мэргэжилтэн, судлаачид үзэж байна. Тийм ч учраас гэр бүлийн боловсролыг насан туршийн боловсролын хөтөлбөрт шингээхээр хуульчилжээ.

Гэрлэсэн эхний 10 жилд хадмуудаас ямар дарамт шахалт ирэхийг, эдийн засгийн ямар бэрхшээл тулгарах, хүүхэд төрөхөд амьдралын хэв маяг хэрхэн эргэх, цаашлаад 35-40 насанд эмэгтэй, эрэгтэй хүн физиологио дагаад ямар ааш аяг гаргадгаас эхлээд гэр бүлийн эдийн засаг, төлөвлөлтийн талаарх мэдлэгийг багаасаа олж авсан хүн юу юугүй л “Сална” гэж улангасдаггүй байх нь. Ялангуяа, 35-40 насны гэр бүлийн дунд салалт өндөр байдаг нь мөн л боловсролтой холбоотой аж.

Харамсалтай нь, манайд ийм сургалт битгий хэл эцэг, эх нь нээлттэй харилцаа үүсгэдэггүйгээс залуус учраа мэдэхгүй эрт гэр бүл болж, бэрхшээлийн өмнө хүчин мөхөстөн, шантардаг аж. Сэтгэл зүйн тогтворгүй байдлаа залж чадахгүй нөхөд нь архи ууж, тэр нь бага багаар гэр бүлийн хүчирхийлэл рүү түлхсэнээр салалтад хүргэдэг ажээ.

Өнөөгийн бидний дунд хэвшмэл шахам болсон дүр зураг энэ. Өдгөө боловсролтой, ажилтай, орлоготой хүмүүс ч хүчирхийлэл үйлдэж, бас өртөж буйг судлаачид хэлдэг. Энэ нь гэр бүлийн боловсролын талаар мэдлэггүйгээс бүх эхлэлтэй гэсэн хамгийн оновчтой гаргалгаанд хүргэжээ.

ХҮҮХДЭЭ УДАА ДАРАА ШИЙТГЭВЭЛ ТОРГУУЛЬТАЙ. ХОРЬЖ Ч МЭДНЭ

Гэр бүлийн тогтворгүй ийм байдлын хөнөөл эцэст нь хүүхдэд тусдаг талаар улиг болтол л ярьж, бичсэн. Улсын хэмжээнд бүртгэлтэй халамж, асрамжийн 42 төвд харьяалагдаж буй 970, гудамжинд тэнүүчлэн гуйлга гуйх 50 хүүхэд тэнгэрээс унаж, цэцэгнээс ургаагүй. Хариуцлагагүй эцэг, эхийн уршгаар ийн амьдарч буйг мартаж болохгүй.

Цаашид ийм хүүхдүүдийн тоог нэмэхгүйн тулд батлагдахаар хүлээгдэж буй Гэр бүлийн тухай хуулиас гадна есдүгээр сарын 1-нээс шинээр хэрэгжих Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хоёр хуулиар зохицуулна. Ингэж сая нэг хүүхдүүдээ анхаарал ивээлдээ авах боломж бүрдэв.

Хэрэв эдгээр хуулийг уншаад нэг үзвэл хүүхдээ удаа дараа зодож, гэмтээж, дарамталж болохоо больсныг та ойлгох биз ээ. Гадаадад зорчих эрхээ хасуулж, хэдэн сая төгрөгөөр торгуулах энүүхэнд. 1-3 сар, хүнд тохиолдлуудад 2-8 жил хүртэл хорих ял шийтгүүлэх нарийн заалтууд орсон байгаа.

 20 жил амьдарсан хосууд төлсөн бүх татвараа буцааж авч ч магадгүй

“Хэдий ядуу зүдүү, хоол ундгүй байсан ч хүүхэд гэр бүлдээ л аз жаргалтай байдаг. Асрамжийн төвд бүх хэрэглээ нь бэлэн, сэтгэл амар, дулаан орон байртай, сургууль соёлд бүрэн хамрагддаг. Гэхдээ хүүхдүүдийн сэтгэл цаанаа л хоосон, харц нь хүйтэн, гунигтай хэвээр байдаг.

Тэр тусмаа асрамжийн газар өсөөд насанд хүрээд хоорондоо нийлэх хандлагатай байна. Харамсалтай нь, дундаасаа гарсан хүүхдээ эргээд асрамжийн төвд өгч буй олон жишээ байна” хэмээн “Болор” сангийн нийгмийн ажилтан Н.Ундармаа ярьсан. Энэ бүхэн эцэг, эхийн хариуцлага нэмэгдсэнээр засрах учиртай.

ХАМТРАН АМЬДРАГЧТАЙГАА ГЭРЭЭ БАЙГУУЛААРАЙ

Хамтран амьдрагч гэх сүүлийн үед гарч ирсэн шинэ нэр томъёог энэ удаа хуульчилжээ. Гэрлэлтээ цуцлуулсан, эсвэл огт гэрлээгүй эмэгтэй, эрэгтэй хоёр гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч буй хэлбэрийг ийн нэрлэх аж. Хамтран амьдарч буй хоёр ямар нэг байдлаар салахад хүүхэд, эсвэл эмэгтэйчүүд хохирч үлдэх нь түгээмэл байгааг гэр бүл судлаачид сануулсаар.

Тэгвэл гэрээний ачаар ийм үр дүнгээс сэргийлж болох нь. Нэг гэрт орохдоо гэрээ байгуулна гэдэг нэрэлхүү хийгээд ёсорхуу монголчуудын хувьд хол сонсогдож мэднэ. Гэхдээ бодит байдал ийм зохицуулалт шаардаж байна. Хэн нэгэнд итгээд амьдартал нэг өдөр хаяад алга болбол хүүхдээ тэврээд хоцрохгүйн тулд энэ сонголтыг хүссэн хүсээгүй хийх цаг ирэх нь. Гэрлэлтээ бүртгүүлсэн, эсвэл хамтран амьдардаг иргэд Иргэний хуульд нийцүүлэн гэрээ байгуулж болно гэсэн заалтад үндэслэнэ.

Тухайлбал, нөхөр нь Солонгост ажиллахаар явах гэж байгаа гэр бүл гэрээ байгуулж болно. “Гадаадад ажиллах хугацаандаа хэн хэн нь хамтран амьдрагчийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүүхдийнхээ нэр дээр данс нээж, цалингийнхаа төдөн хувийг тогтмол хийнэ” гэх мэтчилэн харилцан тохиролцсон зүйлсээ тусгах боломжтой. Хэрэв хэлснээ биелүүлэлгүй өөр хүнтэй амьдраад алга болчихвол гэрээг үндэслэн бүх хөрөнгийг эхнэр, хүүхдэд нь шилжүүлэх шийдвэрийг шүүх гаргах боломжтой. Нэг ёсондоо ард үлдсэн гэр бүл нь хохирол бага амсах хөшүүрэг юм. Эцсийн зорилго нь гэр бүлийн хариуцлага.

Хайр сэтгэл бол гэр бүлийн эн тэргүүний үнэт чанар хэмээн 2010 оноос өмнө манай иргэд үздэг байв. Гэтэл энэ хандлага 180 градус эргэж, өдгөө залуусын дийлэнх нь гэр бүлд нэр хүнд эрхэм хэмээн үзэх болжээ. Хоёрдугаарт хүүхэд, дараа нь хайр сэтгэл эрэмбэлэгдсэнийг гэр бүл судлаачид онцлов.

Энэ нь гэр бүлийн дэлхий нийтийн хувьслыг дагаад манайд эрх зүйн харилцаа давамгайлах болсныг харуулж буй аж. Нэг ёсондоо бие биенийхээ эрхийг хүндэтгэж, тэгш эрхтэй байх харилцаа руу явж байгаа хэмээн тайлбарлаж байна. Тиймээс гэрээ байгуулах нь ичгэвтэр хэрэг биш. Харин ч гэр бүлээ улам батжуулж буйн илэрхийлэл гэдгийг Хүн амын хөгжил, нийгмийг хамгааллын яамны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга, гэр бүл судлаач Х.Баавгай тэмдэглэн хэлсэн.

ЭНЭ ЗААЛТ ХЭРЭГЖВЭЛ ГОЁ

Үндсэн хуулийн 12.16-гийн 11-т Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална хэмээн заасан хэрнээ “Гал голомт” төрийн бус байгууллагын Мөнхөө гуайг эс тооцвол өнгөрсөн 25 жилийн хугацаанд энэ асуудлаар дууграсан хүн бараг үгүй. Үр дүнд нь өнөөх нүд эрээлжлэм статистик хөвөрнө.

Тэгвэл Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад төрийн энэ үүргийг тусгаад амжжээ. Хэрэв батлагдвал хүүхэд, гэр бүлийн асуудлыг хариуцсан бие даасан агентлагтай болно. Гэр бүлийн боловсрол олгох, сургалт, сурталчилгаа явуулах, урамшуулах зэргийг төрийн ажил болгож, Монгол Улс гэр бүлд анхаарна.

Үүнээс гадна шүүрээд авчихмаар нэг заалт орсон нь тогтвортой гэр бүлийг төрөөс урамшуулах тухай. Хэрэгжилтийг Засгийн газар журмаар зохицуулна. Тухайлбал, таван жил амьдарсан залуу гэр бүлд орон сууц авахад нь, эсвэл зээлийнх нь хүүнд хөнгөлөлт үзүүлэх зэргээр нэг удаа урамшуулах юм.

  •  2010 онд тухайн жилийн гэрлэлтийн 32.7 хувийг эзэлж байсан салалт 2012 онд 19.4 хувь болсон нь гэрлэлт цуцлалт буурсан мэт харагдах байх. Үнэн хэрэгтээ шинээр гэрлэсэн хосуудад 500 мянган төгрөг олгоно гэсэн төрийн буруутай бодлогын дүнд хуурамч гэрлэлт олноор нэмэгдэж, эргээд цуцлуулсан нь энэ аж.
  •  Харин 2014 онд гэрлэлт цуцлалтын хувь 21.6 хувь байгаа нь салалт нэмэгдэж буйг харуулна.
  •  Салалт 35-40 насныхны дунд өндөр байдаг аж. Учир нь эрэгтэй, эмэгтэй хүний физиологийн өөрчлөлт 5-8 жилийн зөрүүтэй байдгаас сэтгэл зүйн стресст ордог байна. Тиймээс үүнийг шилжилтийн үе гэж нэрлэдэг.
  •  Гэр бүлийн тухай хууль батлагдвал хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан бие даасан агентлагтай болно. Ингэснээр 25 жил төрийн бус байгууллагынханд даатгаад орхисон байсан гэр бүлийн бүх асуудлыг төр өөрөө хариуцаж, анхаардаг болно.

20 жил хамтдаа амьдарсан хосууд төлсөн бүх татвараа буцааж авч ч магадгүй. 35 жил гүрийчихвэл хосоор нь гадаадад аялуулах хувилбар яригдсан байсан. Ямар ч байсан батлагдаад авбал бат бөх гэр бүл байсныхаа төлөө төрийн хишиг хүртэх нь. Догь сонсогдож байна уу. Шагналын төлөө салахгүй амьдрахдаа бус, нийгэмд үзүүлэх сайн үлгэр дууриаллыг тань үнэлэх анхны оролдлого.

ГЭР БҮЛ ХЭМЭЭХ “УЛС” ОРШВОЙ

Гэр бүл гэдэг нь онолынхоо хувьд Зөрчлийн хууль дээр тогтдог аж. Тэгэхээр гэр бүлийн боловсрол эзэмшиж төлөвшсөн иргэд бүх зөрчлийг хамт даван туулах сэтгэл зүйн бэлтгэлтэйгээр амьдрал зохиож, аль болох тогтвортой гэр бүл болдог байна. Тогтвортой гэр бүл улс орон амгалан байхын үндэс. Хүүхдүүд ч өнчрөхгүй.

“Шинжлэх ухаан талаас нь авч үзвэл эхнэр, нөхөр бэрхшээлийг хамтын хүчээр даван туулахын хэрээр хайрлахуйн шинж нь улам ихэсдэг. Хайрлах гэдэг нь дээд оргил. Үүний өмнөх шат нь хүндлэхүй. Хүндлэл улам гүнзгийрэхийн зэрэгцээ боловсрохуй, танин мэдэхүйн асуудлууд лавширсаар хайрлахуйн гүн ухаан руу нэвчиж байдаг. Шууд хайрлаад гэр бүл болчихдог бус.

Залуу насанд дурлал бадарч, сэтгэлийн эрч хүчээрээ нийлдэг. Хайрлахуй бол яван яван бадамладаг. Үүний үр дүнд бат, тогтвортой гэр бүлүүд бий болдог” хэмээн Х.Баавгай гуай тайлбарласан. Цаашилбал гэр бүлийн боловсролд гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн эдийн засаг, гэр бүлийн эрх зүй, гэр бүлийн сэтгэл зүй, гэр бүлийн сексиологи зэрэг 6-7 том шинжлэх ухаан багтдаг тухай тэрбээр нэмж ярив. Энэ бүхний зах зухыг л багаас нь ойлгуулахаар хуульдаа тусган өгсөн нь энэ.

Гэр бүл бол хэн дуртай нь харанхуй орчихдог тоглоом биш. Мэдээж тэр гэр бүлд хүчирхийлэл нэвчсэн бол заавал хамтдаа бай гэж ятгахгүй. Магадгүй тэднийг салгах нь хожим үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлж болох юм.

Эцсийн эцэст энэ бол хувь хүний сонголт, бас эрх. Гэхдээ л салахгүй бол гоё биз дээ.

Р.Оюунцэцэг

Засгийн газрын мэдээ


“Салъя”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.