“Universe best songs” шоу нэвтрүүлэгт 2009, 2010 онд Дорнод нутгаа төлөөлөн оролцож, шилдэг 25-ын эгнээнд нь цойлон гарч ирсэн П.Баярцэнгэл хэмээх шавилхан залууг танихгүй хүн бараг үгүй биз ээ. Тэрбээр уг шоу нэвтрүүлгийн дараа хувийн уран бүтээлээ үзэгч сонсогчдод хүргэж “Ёодол” дуугаараа хэсэгтээ л байлдан дагуулсан авьяаслаг дуучин.
КУДС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн ч гэлээ, урлагийн тайзнаа дуу хуураар гарч ирсэн П.Баярцэнгэлийн хит дуунуудыг түүний ах П.Отгонцэнгэл нь зохиож өгдөг гэнэ лээ. Ахынхаа дэмжлэгээр урлагийн тавцанд амжилттай хөл тавьсан тэрбээр уран бүтээлчдийн дунд нэр хүнд сайтай бөгөөд мэргэжил нэгт андууд нь түүнийг “Тун ч эвсэгхэн зантай” хэмээн дүгнэдэг юм билээ.
Харин хүүхдэрхүү төрхтэй дуучин залуу маань өдгөө хоёр охинтой, өнөр өтгөн өрх гэрийн тэргүүн гэдгийг шүтэн бишрэгчид нь тэр бүр мэддэггүй. Эхнэртэйгээ хар багаасаа үерхэн, гар гараасаа хөтлөлцөн явсаар нэг гэртээ орсон гэдэг ч мань эр гэр бүлийнхээ тухай тэр бүр ярьж, хөөрхөн охидоо олны өмнө ил гаргаж байгаагүй. Гэвч сүүлийн үед чамгүй охид хүүхнүүдийн анхаарлыг ихээр татаад байгаа авьяаслаг дуучны “нууц”-ыг эхнэр нь задалж орхисон аж. Ингэснээр өөртөө болон охиддоо сэтгэл амар суух боломж олгож, нөхрийнх нь утас руу хайрын үгстэй мессеж илгээдэг охидын тоог эрс бууруулжээ.
Эх сурвалж: Zone.mn