Урьдчилсан байдлаас харахад, Сонгинохайрхан дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт нэг, Хөвсгөл аймагт нэг, Дархан-Уулд нэг, Баянгол, Хан-Уул дүүрэгт тус бүр нэг нийт долоон мандатыг л АН-ынхан эмэгтэйчүүддээ өгөөд байна. Нөгөө намаас ямар хүчтэй өрсөлдөгч эрчүүд тэдний тойрогт очихыг хэлж мэдэхгүй юм. Хэрвээ АН хуулиа зөрчихгүй гэвэл дахиад есөн эмэгтэйг УИХ-д нэр дэвшүүлэх болох нь.
Энэ тохиолдолд АН ялах магадлалтай гэхээс илүүтэй торгуулийн суман буюу МАН-ын хүчтэй нэр дэвшигчийн өмнөөс эмэгтэй улстөрчийг “өгөөш” болгож шидэх нь нөхцөл байдал харагдаж байгаа юм. Үндсэндээ квотод хүргэж хуулиа дагахын тулд ашиггүй олон эмэгтэйчүүдийг торгуулийн суман руу илгээж ор нэр төдий үйлдэл хийх нь тодорхой боллоо.
Ганц АН ч биш бүх нам эвсэлд энэ асуудал тулгамдаж буй. МАН ч ялгаагүй эмэгтэй ганц нэг нэр дэвшигчдэд найдвартай тойрог өгөх ч ихэвчлэн АН-ын хүчтэй өрсөлдөгчийн өмнөөс ор нэр төдий явуулахаар ил далд тохироо хийж байгаа нь тодорхой байгаа юм. Хатуу квот тусгаж өгсний үр дүн өнөөдөр гарахгүй гэдэг нь эндээс харагдаж эхэллээ.
Магад эмэгтэйчүүдэд квот тогтоож өгөөгүй бол эмэгтэйчүүд өөрсдийн хүчээр өрсөлдөж, чанартай, чансаатай эмэгтэй улстөрчид гарч ирэх байсан ч байж мэдэх. Эсвэл 16 эмэгтэй заавал УИХ-д гарах ёстой гэж үзэж байгаа бол аль аль талдаа ярилцаад эмэгтэй нэр дэвшигчийг эмэгтэй нэр дэвшигчтэй гэх мэтээр давуу талаа манай эмэгтэйчүүд бий болгох учиртай байлаа.
Харамсалтай нь нохойд барьдаг мод гэдэгчлэн хүчтэй өрсөлдөгчид бэлэг болгож явуулах байдлаар л хоёр том нам хуулиа биелүүлсэн дүр эсгэж, үр дүнд нь өмнөх сонгуулиас ч цөөхөн эмэгтэй УИХ-ын гишүүнтэй болох нь ээ. Нүглийн нүдийг гурилаар хуурсан хуулийн цоорхойг яаж ашиглахаа эрчүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа нь дамжиггүй.
Эх сурвалж: www.mminfo.mn