Загварын чиг хандлага 40-50 жилийн өмнөх рүү эргэж байна

2016 оны эрэгтэй, эмэгтэй загварын чиг хандлагад ерөнхийдөө 40-50 жилийн өмнөх загварууд ганц нэг нэмэлт өөрчлөлттэйгээр эргэн ирж байна. Энэ жилийн хавар, зуны хувцасны ерөнхий чиг хандлагыг анзаарч харвал өнгөний хувьд тод өнгийг хар өнгөтэй хослуулсан, хэзээ ч хуучиршгүй рок деталиудыг шигтгэсэн, түүнчлэн бэлхүүс, мөр, хүзүү, нуруу гэх мэт биеийн аль нэг хэсгийг ил гаргасан загварууд зонхилж байна.

Мөр ил гарсан загвар 2016 оны загварын чиг хандлагыг тэргүүлж байна

Түүнчлэн моод эргэдгийн жишгээр дундад зууны үеийн цөөн хэдэн деталиудыг ч шингээж байгаагаараа онцлогтой. Ингээд дэлхийн загварын акулуудын санал болгож буй энэ оны хувцас загварын шинэлэг, өвөрмөц чиг хандлагуудтай хамтдаа танилцъя.

АНГЛИ МАЯГИЙН ХАНЦУЙ

Шинэ трэндэд яг л дундад зууны үеийн хатагтай нарыг санагдуулам өргөн бөмбөгөр мөрнөөс гадна тэр чигтээ хийлсэн мэт загвар зонхилж байна. Эрээн өнгөтэй, элдэв чимэглэлтэй даашинзыг энэ хэв маяг илүү чимэх бөгөөд гудамжны стильд голлох үүрэг гүйцэтгэнэ хэмээн загварынхан зөвлөж байна.

Урт ханцуйтай цамц болон даашинзны мөр, шуу хэсэгт хийлсэн мэт бөмбөгөр загварыг оруулж өгснөөр чөлөөт гэхээсээ илүү сонгодог хэв маяг, донжийг бүрдүүлэх юм. Ийм загвартай хувцсыг та үдшийн арга хэмжээ, оффис хувцаслалт дээр ч өмсөх боломжтой.

ТОРОН ЦАМЦ, ХЭЭТЭЙ ХУВЦАС

Гэрэлтдэг, зөөлөн торон материал нь эмэгтэйлэг төрхийг цогцлоож, тачаангуй байдлыг улам нэмэгдүүлнэ. Дан торон цамц, даашинз ч биш, банзал, жийнсэн өмдний халаас хэсэгт ч торон материал орвол маш дэгжин харагддаг. Харин холимог материалтай хувцсыг нэг дор зохицуулан өмсөх нь 1970-аад оны үеийн ерөнхий хэв загвар ч гэлээ 2016 онд ахин хүч түрэн орж ирж байна. Түүнчлэн цэцгэн хээ, зураасан хээтэй хувцаснуудыг ч нэг дор өнгө хослуулан өмсөж болно.

ЦЫГАН

Дэрвэгэр богино бошинзуудыг давхарлаад тавьчихсан мэт харагдах энэхүү даашинз нь цыган эмэгтэйчүүдийг эрхгүй санагдуулна. Тод болон бүдэг, бараан өнгөний гайхалтай зохицлыг зөвхөн энд л нэг дор нь бүрэлдүүлж болно. Яг л “Forrest Gump” киноны Жени шиг хиппи хувцаслах моод эргэн ирлээ. Улаан хүрэн, зөөлөн улбар шар, гүн ногоон өнгөтэй трэнд цув, ханцуйгүй цув, далайн давалгаа мэт ууссан нэвсгэр цамц зэрэг нь энэхүү чиг хандлагын гол төлөөлөл юм.

ТОД ӨНГӨ БА УУССАН ХЭЭ

Тод өнгийн хувцаслалт таныг энэ зун ихэмсэг, өөртөө итгэлтэй харагдуулахаас гадна олны дотор яг л очир эрдэнэ мэт гялалзуулна. Мөн хэзээ ч моодноос гардаггүй тод ягаан өнгө, улаан, улбар шар, эсвэл бүр зөөлөн ягаан зэрэг өнгийг өмд, банзал, даашинзандаа шингээж өгөөрэй. Энэ нь урин дулааны улирлын гол чимэг болох юм. Хэдий эмх цэгцгүй мэт боловч гайхалтай загварлаг, өнгөлөг харагдуулах хээ нь урт даашинз, сул цамцан дээр тод өнгөтэй байвал илүү онцгой харагдана. Хавар, намрын пальтон дээр байсан ч гайхалтай байдлаа хадгалсаар л байна. Бүхэлдээ тод хурц биш хэрнээ зөөлөн өнгийн дэвсгэр дээр ганц нэг тод өнгийн хээг оруулан, уусгаж өгснөөр ямар ч царайны өнгийг засч, гэрэлтүүлдэг.

СУЛ ӨМД, СУЛХАН БҮС

Саяхныг хүртэл бие барьсан, ретузэн өмднүүд трэнд болж байсан бол одоо харин нурж унасан зөөлөн материалтай өмд моодонд орох нь. Зуны улиралд манай орны нөхцөлд өмсөхөд нэн тохиромжтойгоос гадна ямар ч хувцастай зохицох давуу талтай. Харин бүсний хувьд мөн л ийм загвар ноёлох нь. Гэрийн халаадных шиг сулхан унжсан бүс таны биеийг цэгцтэй, зөв галбиртай харагдуулна. Үүнийг урт, богино цув, урт цамц гээд ер нь юун дээр ч зохицуулан зүүж болно.

МӨРӨӨ ИЛ ГАРГАЯ

10 жилийн өмнө ид моодонд орж байсан мөр ил гарсан энэхүү загвар нь 2016 оны загварын чиг хандлагыг тэргүүлж байна. Нарийхан утсан мөрнөөс давхар, унжих нимгэн мөр нь бүсгүйчүүдийг илүү туранхай, дур булаам харагдуулдаг. Гоёлын даашинз, зуны нимгэн цамц, өдөр тутмын даашинз зэрэгт энэхүү загварыг оруулбал илүү зохимжтой.

2016 оны хавар зуны гол загвар болж буй мөр ил гарсан хэрнээ унжсан ханцуйтай урт даашинз, цамц зэргийн материал нь зөөлөн шиффон, торгомсог даавуу байвал зүгээ. Энэ нь таныг маш дур булаам харагдуулахаас гадна биед эвтэйхэн байдгаараа онцлог.

ОХИДЫН ДУНД ТАРХСАН ШИНЭ ДАВАЛГАА

Охидын дунд улирлаас улиралд, сараас сард үргэлж л ямар нэгэн шинэ трэнд дэлгэрдэг. Тэдгээр нь харин ямагт сонин хачин, солиотой, бүр гаж гэмээр зүйлс байх нь бий. Энэ удаагийн моод бол энгийн хэрнээ загварлаг харагдах, басхүү содон трэнд ажээ.

Цамцаа буруу харуулж өмсөх моод барууны охидын өдөр тутмын хувцаслалт болжээ. Харин энэ хаврын гоёл чимэглэлийн шинэ трэндэд содон загвартай, хэмжээний хувьд том биш зүүлт, ээмэг бугуйвч, бөгжнүүд орж байна. Сайн хар вал “Харри Поттер” киноны онцлог деталиуд шингэсэн байгаа биз.

Б.Бямбасүрэн

Засгийн газрын мэдээ


Загварын чиг хандлага 40-50 жилийн өмнөх рүү эргэж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.