“Гурван төрд нүүртэй хүн” гэсэн энгийн мөртлөө эгэлгүй нэгэн үг байдаг. Бодоод байхад гурав, дөрвөн төрд нүүр алддаггүй хүмүүсийн язгуурыг “элит” гэдэг үгээр тодорхойлж болох мэт. Орост л гэхэд мөнгөтэй болоод элит гаралтай бол дээш нь татдаг сонин зуршил тогтжээ. Харин Монголд буй ийм нэгэн элит гэр бүлд хоёулаа төрийн шагналаар шагнагдсан Соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Намсрай ба Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа нарын удам ордог. Төрсөн ах Ц.Баттөмөрийнхөө дараа Ардын гэгээрлийн яамны сайд болж байсан Ц.Намсрай тэр хоёр шиг ах, дүүсээрээ яам ахалж явсан эрхэм үгүй байх. Тэдний халааг мөн л эцэг, эх шигээ Төрийн шагнал хүртсэн Ардын жүжигчин Н.Сувд авсан. Удахгүй дүү Н.Ганхуяг нь Соёлын гавъяат, Н.Ганчимэг нь Гавьяат багш болох сурагтай. Хүргэд нь цөм Гавьяат. Зураач Ц.Мөнхжин, сэтгүүлч Ц.Балдорж агсан нар юм. Бурхан энэ гэр бүлээс юугаа ч харамлалгүй хайрласан гэхэд болно. Эрх чөлөөгөө эдлэх эрхээр ч бас хангалттай хангаж өгчээ. Бас сүрхий нэр нөлөө тэдэнд буй. Гучин жилийн өмнө Драмын театрын 50 жилийн ой болоход Н.Сувд театрынхаа уран сайхны удирдагч агаад намын үүрийн дарга нь байлаа.
Театрын дарга А.Таяа тэгэхэд Н.Сувдад “Чи аав, ээждээ хэлээд Цэдэнбал даргатай уулз. Театрын хагас зуун жилийн ой болж байгааг танилцуул” гэж ухуулжээ. Өөрийнх нь хийх ажил биш ч гэлээ Н.Сувд яаж даргынхаа өөдөөс сөрөх вэ, ятгалгад нь автжээ. Орь залуугаасаа эцэг, эхтэй нь танилцсаны хувьд БНМАУ-ын №1 хүн Н.Сувдыг хүлээн авч уулзсан байна. Энэ уулзалтын үр дүн яаж гарсан бэ гэвэл Драмын театр “Академик” болсон, Жамсранжав, Мэндбаяр нар МУГЖ болсон юм. Мэдээж театрын дараа А.Таяа гуай Н.Сувдад хэн хэнийг алдар цолоор шагнах жагсаалтыг хийж өгсөн байж таарна. Харин энэ жил УДЭТ-ын 80 жилийн ой тохиож буй юм. Сонирхолтой нь, гучин жилийн өмнө театрын дарга байсан А.Таяа, одоо дарга байгаа Цэрэнсамбуу нар хоёулаа Увс нутгийнх. 1981 онд А.Таяа дарга Н.Сувдыг Ю.Цэдэнбал даргатай уулз гэж ятгасан бол энэ удаа Цэрэнсамбуу дарга нь бас Н.Сувдыг ятгажээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй уулзаж театрынхаа 80 жил болж буй талаар ярь гэж.
Увс аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчийн хувьд Цэрэнсамбуу дарга Ерөнхий прокурор Д.Дорлигжаваар гул барих болож байсан уу, хангалттай. Бас эхнэрийнх нь курсын ахлагчийн хувьд Д.Сосорбарам Гавьяатыг сэнхрүүлээд ардчилсан хувьсгалын журамт анд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нь уулзах цаг авч чадах байсан уу, дөнгөх байв. Гэвч Сосоогоос илүүтэй Н.Сувд үнэд хүрнэ гэж тооцоолсон нь зөрөөгүй аж. УДЭТ-т одон мялаах нэгдүгээр асуудал. Зарим уран бүтээлчдийг алдар цолоор шагнуулах нь хоёр дахь асуудал болов. За, тэгээд бас бус гуйх, хүсэмжлэх асуудал байж л таарна. Зарим уран бүтээлчийг Төрийн шагнал, Ардын ба Гавьяат жүжигчин цолоор шагнуулахаар нэрсийн жагсаалтыг нь Ерөнхийлөгчийн гарт шууд атгуулаад амжжээ. Цагтаа энэ театрт ажилласан учир урлагийн акул Сосоо зүгээр суулгүй Ерөнхийлөгч найзыгаа шавдуулна, шахна. Хошин шогийн Аглуу МУГЖ болоод “Сосоо ахдаа л баярлалаа” хэмээн телевизээр талархал дэвшүүлж байхыг монголчууд үзсэн, сонссон.
Ц.Элбэгдоржийн урлаг, соёлын зөвлөх нь Д.Сосорбарам гэдгийг хэн ч няцаахгүй. Гэхдээ хэн хэн алдар цолоор шагнагдах нь одоохондоо тодорхойгүй. Н.Сувд ч зарласангүй. “Хэн нэгнийг зарлачихдаг, дараа нь цолоо авч чадахгүй бол яах юм” гэсэн. Зөв л дөө. Гэвч бүх зүйл “Зөв” л байх ёстой. Театр, киноны том зүтгэлтэн М.Бадамгарав агсан (“Аман хуур”-ын Дарь авгай, “Өглөө” киноны “сэлэм” Тогмидын ээжид тоглосон) 90 нас хүрсэн ч Ардын цол авч амжилгүй өөд болсон шиг театрын алтан үеийн эцсийн “Могикан” болсон Лха.Долгор Гавьяатдаа хамгийн эхэлж Ардын жүжигчин цол олгуулахаар тодорхойлсон байгаасай л гэж горьдоно. Лха.Долгор гуайг М.Бадамгарав агсан шиг битгий л мартаасай. Үүн дээр л Н.Сувд гуай нэр нөлөөгөө ашиглаасай билээ.
Ө.Хэмх (www.wikimon.mn)