Олны нүдэн дээр хүүгээ явж чадахгүй болтол нь зодчихоод “Алсан ч миний дур” гэж хашгичих ээжтэй таарлаа. Тодруулбал, “Өдрийн сонин”-ы урд уржигдар 18.00 цагийн орчимд нэгэн эмэгтэй хүүгийнхээ шилбэ рүү том, том чулуу шидэж зодож байхыг харлаа. Тэр эмэгтэй тал тоосгоны дайны чулууг хөөрхий хүүгийн шилбэ рүү шидэх тоолонд хүү суун тусах юм. Хүүгээ хагас суугаад уйлаад босоход нь шидэх чулуугаа олж ирээд дахиад л зодно. Уг нь хүү ээжтэйгээ дөхүү биетэй, 12,13 орчим настай болов уу гэмээр. Өвдсөндөө ч юм уу цурхиран уйлж ээж рүүгээ дөхөх тутам урдаас нь чулуу нүүлгэх юм. Хүүгээ зодож байгаа эмэгтэй “Сайхан байна уу чамд, хүний амьдрал хорихоор ингэдэг юм. Чам шиг п…р хориулахгүй. Чиний юуг яахаа би өөрөө мэднэ” гэх мэтээр хашгична. Хариуд нь хүү “Миний буруу ээжээ, би дахиж тэгэхгүй” гэж гуйн аврал эрэн ээж рүүгээ дөхөх юм. Уг нь хүү ээжийгээ бариад авбал хөдөлгөхгүй л дээ. Эсвэл зугтчихаасай гэж бодсоныг нуух юун.
Хүүг өрөвдсөндөө ээжийг нь хоригловол “Чамд ямар хамаатай юм” гэж хараал урсгаад явсан юм. Эмэгтэй хүүгээ хаячихаад “Өдрийн сонин”-ы хажуугийн ХААН банк руу яарч одлоо. Хөөрхий хүү араас нь догонцож очоод байшингийн буланд шигдэн зогсоно.
Харин нөгөө эмэгтэй халааснаасаа цаасанд боосон “Эх орны хишиг”-ийн хоёр дэвтэр гаргаж ирээд дугаарлаж зогсов.
Хүүтэй цөөн хором ярилцсан ч ихэнх асуултад хариулсангүй.
-Энэ хүн чиний ээж үү. Яагаад чамайг зодоод байгаа юм бэ?
-Миний ээж. Яагаа ч үгүй ээ.
-Дандаа чамайг зоддог уу?
-…..
-Хөл нь гайгүй юу. Явж чадах нь уу?
-Сайн явж чадахгүй байна.
-Ээж чинь “Эх орны хишиг”-ийн 21 мянган төгрөгийг чинь авах гээд чамайг зодоод байгаа юм биш үү?
-…..
-Танай ээж тэр мөнгөөр чинь архи уух уу?
-…Та явахгүй бол ээж гараад ирнэ шүү гээд буруу хараад зогсчихов.
Харин ээжээс нь хүүгээ яагаад зодоод байсныг асуухад ХААН банкинд байсан олны дунд хашгичиж гарав. “Намайг Хэрээ гэдэг юм. Яадаг юм. Би төрүүлээд өдийг хүртэл тэжээж ирсэн. Алсан ч миний дур. Яадаг юм. Чамаас айна гэж санаа юу” гэчихээд гарч ирээд “Э-ээ энэ чиний юу юм бэ. Чи дуудчихсан юм уу. Энүүгээрээ намайг айлгана гэж байхгүй шүү” гээд дахиад л хүүгээ загнах юм. Тэр эмэгтэй “Эх орны хишиг”-ээ аваад хүүгээ чирэх шахам явсан. Түүнийг 21 мянгаараа архи уугаагүй гэхэд, хүүг ээжийнхээ дэргэд тайван хоносон гэдэгт итгэхэд бэрх санагдсан. Сайхан малайз эмэгтэй наймхан сартай хүүхдээ тамлан зодож байгаа видео бичлэг интернэтэд тавигдсан. Тэр эмэгтэй ямар ч шалтгаангүйгээр хүүхдээ чимхэж, алгадаж, элдэв зүйлээр зодож тарчлааж байгааг үзсэн хүн бүр зэвүүцэж хэлэх муу үг олдохгүй байгаа талаараа сэтгэгдэл үлдээсэн байсан. Хөөрхий нялх амьтан зодуулах тутам ээж рүүгээ шигдэн аврал эрж байгаа нь өрөвдөлтэй байсан. Тэгэх тусам нөгөө эмэгтэй улам чангаар зодохыг яана. Төрүүлсэн хүүгээ тарчлаасан тэр эмэгтэй Малайзын шүүхээс 18 сар хорих ял сонссон байна лээ.
Манай сонины өмнө ээждээ зодуулсан өсвөр насны хүү ч ээж рүүгээ дөхөж очоод л зодуулаад байсан. Эх үрийн нандин холбоо, үр төлөө энэрч, хамгаалдаг амьтны ёсыг эрэлхийлж байсан нь тэр байх. Харин уурандаа багтарчих шахам төрүүлсэн үрээ зодож байгаа ээжид тийм ариун нандин холбоо, хайр энэрлийн талаарх үг хүртэл хол сонсогдоно биз ээ.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
www.medee.mn