С.Оюунбилэг: Хан-Уулыг би хувьдаа Монгол Улсын амьдралын чанарыг тодорхойлдог дүүрэг гэж ойлгодог

ca3d351d00e59c56adc594d5f510f2ac

Эксперт ярьж байна ярилцлагын булангийн ээлжит зочноор  Монгол Улсын Их Хурлын Сонгуульд  Хан-Уул дүүргийн 57-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч   Санжаадоржийн Оюунбилэгийг урьж ярилцлаа.


 - Талхаа амбаартаа хөлдөөгөөд, зүсэм зүсмээр нь иддэг тэр амьдралыг үзэж туулсан-
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгөхөөр болсонд талархал илэрхийлж байна. Таны тухайд өмнө нь хэвлэлд төдийлөн ярилцлага өгч байгаагүй бололтой. Учир нь Google.com дээр С.Оюунбилэг гэдэг нэрээр хайлт хийхэд илэрц тун бага гарч ирж байна. Тэгэхээр ярилцлагаа таны бага нас, өссөн орчин, гэр бүлээс эхлэвэл ямар вэ?

-Та бүхэнд ч бас баярлалаа. Бага насны тухайд гэвэл Баянгол дүүрэгт байрлах Ард  Аюушийн дэнж буюу одоогийн нэршлээр Бичил хорооллын арын дэнжийн хамгийн хойд талын захын хашаанд эмээ, өвөөтэйгээ өссөн. Өвөө, эмээ  хоёр маань Ховд аймгийн хүмүүс. Гэхдээ өвөг дээдэс маань Дорнод аймгийн гарал үүсэлтэй боловч Төв аймгийнх гэж явдаг. Төв аймгийн Баянзүрх сум үүсэн байгуулагдахад бүтээн байгуулалтад нь өвөө эмээ, ээж аав минь ирж оролцож байсан. Яг энэ үед эцэг, эх маань танилцаж гэр бүлээ зохиосон гэдэг.

Үүний дараа Ховдоос манай хамаатнууд нүүж ирэн,  бөөнөөрөө Ард Аюуш дэнжийн хамгийн ар талд том хашаанд олуулаа амьдардаг болсон. Миний хувьд айлын долоон эмэгтэй хүүхдийн дундах нь. Гурван эгч, гурван дүүтэй. Нийслэлийн 28 дугаар сургуульд анх элсэн орж суралцаад арван жилээ  төгссөн. Ээж, эгч, дүү нар маань ч энэ сургуулийг төгссөн. Арван жилийн сургуульдаа нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Бүлгийн даргаас эхлээд ангийн, ариун цэврийн даргыг багаасаа хийсэн. Бага ангийнхан маань ч сургуульдаа манлайлагч, нийгмийн идэвхтэй хүүхдүүд байсан. Тэгэхээр надад удирдах авьяас багаасаа төлөвшсөн гэж хэлж болно.

-Багадаа эмээ, өвөөтэйгөө  амьдарч байсан хүүхэд их  хэрсүү, ажилсаг болдог

-Аавын маань ээж Төв аймгийн Баянзүрх суманд амьдардаг байсан. Тэнд миний бага нас өнгөрсөн. Дөрөвдүгээр ангиасаа  л  би өвөөгөө дагаад хөдөө мал дээр очдог байлаа. Хөдөөний ахуй амьдралыг маш сайн мэднэ.  Мал маллаж, малын үр шимийг хүртэж бага насаа өнгөрүүлсэн. Долдугаар ангид байхад өвөө маань надад хоёр эрлийз үнээний тугал өгсөн. Энэ үеэс хойш цагаан идээ хурааж, зун болмогц эмээ, өвөөгийнхөө хажууд тусдаа гэр бариад амьдардаг болсон.

Багаасаа их эршүүд тал руугаа хүүхэд байсан. Тиймээс гэрийн ажил үүргийн хуваарилалтад ус авах, мод хөрөөдөх, хашаа цэвэрлэх, үхэр малаа услах ажлууд нь надад оногддог байлаа. Эрэгтэй хүүхдүүдтэй найзалдаг  байсан болохоор тоглоом нь хүртэл сагс, хөлбөмбөг, тивгээр тодорхойлогдоно.

Аав маань тээврийн жолооч  учир ихэвчлэн гэртээ байдаггүй.  Ээж маань насаараа мод боловсруулах үйлдвэрт ажилласан.  Тиймээс арын ажлаа бид л авч явдаг байсан гэхэд хилсдэхгүй дээ. Намартаа өвлийн гэрээ барьж, дулаална. Хавар болоход гэрийн дулаалгаа хураана гээд л эмэгтэй хүүхдүүд бидэнд амьдралын их ачаатай үе байсан.

1990 оны зах зээлийн шилжилтийн дараа үйлдвэрүүд зогсож ээж, аав маань ажилгүй болсон. Энэ үед амьдрал бүр л хэцүү болж ирсэн. Картын бараанд оочерлож, гэр бүлийн гишүүдийн тоогоор талхаа авч амбаартаа хөлдөөгөөд, зүсэм зүсмээр нь иддэг тэр амьдралыг үзэж туулсан. Үйлдвэрийн ажилчдын хүүхдүүд өлчир байдаг. Ээж аав нь хэзээ хоол авчирна тэр болтол өлсөж, тэсэж чаддаг гэдэг утгаараа. Яг л тэр амьдралыг бид туулсан.

Гэхдээ олон эгчтэй байсан учир хайр халамж, хүмүүжил дунд өссөн. Гэр бүлийн маш сайн хүмүүжлийг олж аваад зогсохгүй цаг хугацаандаа ажлаа гүйцэтгэх хариуцлагыг суралцсан. Эмээ маань   хатуу хүн байсан болохоор өглөө 05.00 цагт босгож үхэр саалгаж, бэлчээрт явуулна. Хөдөөний амьдрал бол бүх юм цаг хугацаандаа. Сүүгээ сааж, таргаа бүрж, хонио хариулах гэх зэргээр хөдөөний амьдралын цикл дуусахгүй. Миний хувьд бүхий л уламжлалт түүх соёл, дэг жаяг, ахмадыг хүндэтгэх ёсыг ээжийнхээ ааваас суралцсан гэж боддог. Бидэнд маш их сургаал хэлдэг хүн байсан. Манай хашаа маш том хэрнээ нэг ч бүдрэх чулуу байдаггүй байсан нь ямар их цэгцтэй, хүмүүжилтэй байдлаар өсч торнисныг илтгэх биз.

-Та санхүүч мэргэжилтэй. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

-Арван жилийн сургуулиа төгсөөд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд нягтлан бодогчийн ангид суралцаад нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийг эзэмшиж, санхүүгийн удирдлагаар мэргэшиж төгссөн.

Дээд сургуулиа төгсөх жил буюу 2000 онд яруу найрагч Ц.Хулан эгч манай ангийнхантай уулзаад “Хан-Уул дүүрэгт МАХН-аас (МАН) н.Ганзориг гэдэг хүн нэр дэвшиж байгаа. Энэ хүн бол ийм учиртай хүн…” гээд ярьж байсан. Одоо бодоход ухуулагчийн ажил хийж байсан байх. Яг энэ үеэс анх намын сурталчилгаанд явж үзэж байлаа. Хулан эгчийн  ярьж байгаа, биеэ авч яваа, хүнд итгэл үнэмшил төрүүлэх чадвар зэрэг нь маш их таалагдсан учир анх удаа намын сурталчилгаанд явсан. Гэхдээ богино хугацаанд болж өнгөрсөн явдал. Энэ бүхнээс үзэхэд би Хан-Уул дүүрэгтэй 2000 оноос холбогдсон юм байна.

-Анх сонгуулийн сурталчилгаанд явж байхдаа давхар биетэй, дөрөвдүгээр дамжааны оюутан байсан гэж сонссон?

-Тийм. Сурталчилгааны дараа анхны хүүхдээ төрүүлж, 2002 онд ажилд орж байсан. Хамгийн анхны ажил маань мөн л Хан-Уул дүүрэгт байрлах “Black Morgan” ХХК-ийн нягтлангийн ажил байлаа. Энэ компанид 12 жил ажилласан. Энэ хугацааанд  ”Хаан хүнс” -ээс эхлээд олон салбарт ажиллаж, их ч зүйл сурч мэдсэн.   Ингээд нягтлан,  зохион байгуулагч, менежер, гүйцэтгэх захирал, менежментийн захирлын албуудыг хашсан. Үүний дараа 2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдоод, ажлаа хүлээлгэж өгсөн.

-”Хаан бууз” хэмээх томоохон сүлжээ бий болсон тэр түүхийг бүтээлцсэндээ хувьдаа баяртай байдаг-

-Нийтийн хоолны салбарт “Хаан бууз”-ны сүлжээ томоохон байр суурь эзэлж байна. Үүнд таны оруулсан хувь нэмэр, оролцоо их байсан гэдгийг хүмүүс ярьдаг юм билээ. Тухайн үед энэ ажлыг эхлүүлж байхад хүндрэлтэй болоод тулгамдаж байсан зүйл юу байв?

-Би их азтай хүн. Учир нь надтай ажиллаж байсан миний удирдлагууд их мундаг хүмүүс байсан. Хамгийн анх “Хаан бууз”-д ажилд орсны дараа маш хатуу, зарчимч  н.Бадамдэлгэрэх гэдэг  эмэгтэй захирлын удирдлагад ажилласан. Өглөө ажлын хаалгаар орж ирмэгцээ л Оюунбилэгээ, гэж өндөр дуугаар  дуудан, самбарын өмнө зогсоож хариуцаж байгаа 200 компаниа бич гэдэг байлаа. Өөрөөр хэлбэл, хэдэн төгрөгний орлого, авлага, борлуулалттай байна гэдгийг нарийвчлан бичүүлдэг байв. Тухайн үед энэ бүхэн маш том дарамт юм шиг байсан ч намайг ажилдаа хариуцлагатай байхыг сургасан. Ажлаа амжилттай явуулахын тулд би 200 компанийн авлага, үлдэгдэл бүгдийг цээжилдэг байлаа. Тэр үед  шөнөжин ажиллаад үүрээр тарсан ч өглөөний  09.00 цагт цаг бүртгэдэг байсан нь өндөр хариуцлагыг надад сургасан.

Ерөнхийдөө тухайн үеийн “Хаан бууз” компанийн засаглал нь гэр бүлийн хэлбэртэй, салбаруудыг нь ах дүү нар нь хариуцдаг байсан. Нягтлан бодогч мэргэжлээр төгссөн надад энэ компанийн бүх нарийн тооцоог хийж үзэх юмсан гэх бодол байсан.

Ер нь хоол болон барилгын салбарт нягтлан хийж байсан хүн бүх салбарт төвөггүй ажилчихдаг гэж үздэг. Учир нь бүтээгдэхүүнийг боловсруулалтад оруулаад ашиг гаргана гэдэг нягтлангийн хувьд маш их ур чадвар шаардсан ажил байдаг. Тиймээс нэг өдөр би захиралдаа нягтлан биш зохион байгуулагч хийж үзье гэсэн  санал  тавьсан. Нэг талдаа энэхүү бизнесийг ойлгох зорилготой байсан ч нөгөө талдаа зохион байгуулагчийн цалин илүү өндөр байсантай холбоотой. Ингээд захирал  намайг нягтлангийнхаа зэрэгцээ давхар зохион байгуулагч хийхийг зөвшөөрсөн. Энэ мэтээр “Хаан бууз”-д анх ажиллаад бүх технологи, өртгийг нарийвчлан цэгцэлж, гурван жилийн дараа  компаниа удирдах эрх  олгосон. Бүхэл бүтэн хоосон обьектийг цаасан дээр хэрхэн зурж одоогийн “Хаан бууз” хэмээх томоохон сүлжээ бий болсон тэр түүхийг бүтээлцсэндээ хувьдаа баяртай байдаг. Зөв урсгал хаана байх вэ гэдгийг цаасан дээр буулгаж чаддаг болсон. Энэ дагуу БНСУ-д очоод томоохон гэрээ хэлцэл хийж байхад солонгосын талынхан их гайхаж байсан л даа. Эмэгтэй хүн, мөн 2-3 ажилчин хариуцаж хийдэг ажлыг чи, ганцаараа гүйцэтгээд, тэгээд цаасан дээр шууд зурж байгаа чадвар чинь үнэхээр гайхалтай байна гэж хэлж байсан. Энэ бүхэн бол манай захирлуудын надад итгэж, олгосон том боломж.

Нөгөө талаас компанийн удирдагч хүн санхүүгийн тайлан балансаа хэрхэн зөв уншиж чаддаг болох тэр л чадварыг захирлаасаа суралцсан. Англи хэл дээр бүх тайлан балансыг уншиж, бэлтгэж чаддаг болсон. Яг л энэ жишгээр явж, Монголд анх удаа нийтийн хоолны салбарт  франчайзинг  хийсэн нь миний бизнесийн хамгийн том амжилт. Товчхондоо, гуравхан байсан салбарыг 20 болтол нь өргөжүүлсэн нь ажилдаа сурсан зүйлээ хэрэгжүүлж чадсаны үр дүн маань юм болов уу гэж  боддог.

-Хан-Уул бол оршин суугчдынх нь амьдрал, ахуй орчин тэнгэр газар шиг ялгаатай сонин бүтэцтэй дүүрэг-

-”Хаан бууз”-ыг бүтээлцсэн түүх сонирхолтой байлаа. Харин одоо МАН хэмээх улстөрийн томоохон хүчинтэй холбогдсон түүхээсээ буюу улс төрийн замналаасаа дурсахгүй юу?

-Ажилдаа дурлаж, хийж үзэх юмсан хэмээн хүсэж явсны үндсэн дээр “Хаан бууз”-ыг амжилттай явуулсан. Ер нь миний амжилтын гол түлхүүр бол хариуцлага. Тэгэхээр МАН-д ч ялгаагүй гэсэн үг.

2008 онд МАН-аас Чингэлтэй дүүргээс нэр дэвших санал  тавьсан.  Өөрөөр хэлбэл, өөрийн амьдарч байсан дүүргээс бус огт өөр дүүрэгт Дүүргийн ИТХ-аас нэр дэвшсэн.   Тог цахилгаан, идэх хүнсгүй хэцүү амьдралыг өөрийн биеэр очиж үзсэн. Энэ үеэс л хүмүүсийн төлөө, нийгмийн төлөө юм хийх ёстой юм  байна гэж үзэж, намдаа ажиллахаар эргэлт буцалтгүй шийдсэн.

Ингээд 2009 онд дахин МАН-аас Хан-Уул дүүргийн эмэгтэйчүүдийн холбооны даргаар (НАМЭХ) ажиллах санал ирсэн.  Амьдрал ямар байгааг биеэрээ үзэж, нүдээрээ харсан хүний хувьд хүмүүсийн төлөө ажиллая гэж   бодоод  Хан-Уул дүүргийн эмэгтэйчүүдийн холбоонд очсон. Очоод хамгийн эхний өдрөө л дүүргээрээ тойрч,  ямар амьдралтай юм, би юу  хийж чадах вэ гэдгээ мэдэхийн тулд эмэгтэйчүүдийнхээ амьдралтай танилцсан.

-Тэр үед ямар дүр зураг угтав. Одоо байдал хэр өөрчлөгдсөн бол?

-Хан-Уул дүүргийн хувьд газарзүйн байршлаараа сонирхол татахуйц, Монгол Улсын амьдралын хэмжүүрийг тодорхойлж чадахуйц гэж дүгнэдэг. Тухайлбал, урд талд нь малчид аж төрдөг Өлзийт хороолол, арай наана нь Шувуун фабрик буюу шувуу, гахайны хэдэн үйлдвэрээс хамааралтай хэсэг хүмүүсийн амьдрал хязгаарлагдчихсан байдаг.

Харин Яармаг бол Хан-Уул дүүргийн  хамгийн хүнд амьдралтай хүмүүс амьдардаг газар. Үйлдвэрлэлийн  район байхад,  ажилчдыг бодлогоор суурьшуулсан бүс нутаг шүү дээ. 1990-ээд  оноос хойш үйлдвэрүүд  дампуурах үед  ажилчид  ажилгүй болж,  мартагдан одоо тэнд  гурван үеийн удам дамжсан ажилгүйчүүд амьдарч байна.  Миний хувьд энэ дүүрэгт найман жил ажиллаж, эмэгтэйчүүдийнхээ  дунд маш олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байсны хувьд мэдээлэл сайтай, амьдралын нарийн ширийнийг сайн мэднэ ээ.

-Таны МАН-тай холбогдсон түүх үүгээр дуусахгүй гэдэг нь тодорхой. Ер нь бол энэ нам таньд итгэл үнэмшил төрүүлж чадаж ээ?

-Намын анхан шатны үүр дээр ажиллаж байхад МАН үнэхээр бодлоготой, хүний нөөцийн судалгаа сайн хийдэг нам юм байна боддог. 26 дугаар их хурлаар МАН-ын анхан шатны төлөөлөл болж бага хурлын гишүүнээр,  харин 27 дугаар их  хурлаар Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Аливаа ажлыг анхан шатнаас нь эхэлж,  хариуцлагатай хийдэг төлөвшил маань энэ намд үнэлэгдсэн байх.

Миний тухайд өмнө нь ард түмний дотроос буюу намын бодлогыг доороос нь харж ажиллаж байсан бол одоо удирдах зөвлөлийн гишүүн болоод бодлого шийдвэрийг тодорхойлж доошоо харж ажиллаж байна. Тэгэхээр энэ нь өөрөө миний амьдралд маш том туршлага болж байгаа юм. Нэг ёсондоо намын бүтцийг дээрээс нь болоод доороос нь харчихаж байна гэсэн үг. Нам гэдэг систем дотор хаана алдаа завхрал гараад байна, яаж энэ тогтолцоог өөрчлөх ёстой гэдгийг олж хараад одоо улс төрийн шинжлэх ухааны докторын зэргийг намын бодлого чиглэлээр хамгаалах гэж явна даа.

-Судалгааны ажил чинь тун сонирхолтой юм байна.Улс төрийн намын санхүүжилт нээлттэй байх ёстой гэдэг зүйлийг сүүлийн үед их ярих боллоо.Та улстөр судлалаар докторын зэрэг горилж байгаа хүний хувьд энэ тал дээр байр сууриа илэрхийлнэ үү?

-Нам дотор нь байдаггүй хүн энэ талаар судалгаа хийхэд их хэцүү. Гаднаас нь намын дотоод мэдээлэл ялангуяа санхүүжилттэй холбоотой мэдээллийг олж авна гэдэг боломжгүй.Докторын зэрэг горилж байгаа олон ч хүн яг энэ бэрхшээлийг ярьдаг юм.Би намын үүрээс удирдах зөвлөлд орж ажиллаж байгаад буцаад үүр рүү очсон болохоор энэ системийг бүхэлд нь харсан гэж болно.Тэгэхээр хаана нь гажиг байна вэ, хэрхэн эрүүл болгох вэ гэдгийг би судалгааныхаа ажил дээр буулгаж байгаа л даа.Гэхдээ санхүүжилт биш бодлого талдаа түлхүү анхаарна.Уг нь улс төрийн намууд бодлогоор өрсөлдөх учиртай.Гэтэл мөнгөөр өрсөлдөж, тэр нь даамжраад фракц, эрх ашгийн өрсөлдөөн болоод хувирчихлаа шүү дээ.Миний судалгааны ажил улс төрийн намуудыг цэгцлэх томоохон судалгаа болно гэж үзэж байгаа. Багш нар маань ч гэсэн энэ ажлыг  их сонирхож байна билээ.

-Та маш олон сонгуульт ажил хийдэг. Энэ их ажлын хажуугаар гэрийн эзэгтэйн үүргээ хэрхэн гүйцэтгэдэг вэ. Гэр бүлийн хүн, үр хүүхдийнхээ талаар яриач?

-Улс төр бол маш хэцүү салбар. Эмэгтэй хүн чинь төрөхөөсөө их зовлон үүрч дааж явдаг шүү дээ.Бизнес хийж байхад ч гэсэн амаргүй байлаа.Өглөө эрт гэрээсээ гараад шөнө дөлөөр эргэж орж ирнэ.Нэн ялангуяа сүүлийн хэдэн жил бол бүх чадлаа ажилдаа зориулсан.Надад “Хаан Бууз” сүлжээнийн 24 салбар нээж ажиллуулна гэдэг амар байгаагүй.Ялангуяа, Эрдэнэт хотод салбараа нээхдээ би 26-хан хоногтой нялх хүүхдээ гар дээрээ тэврээд 400 гаруй км давхиад явж л байсан.Улс төр ч гэсэн ялгаагүй.Эмэгтэй хүн ар гэрийнхээ ажлыг зохицуулж чадахгүй  бол энэ салбарт хол явахгүй.Тэр тусмаа гэр бүлийн хүн ойлгож, дэмжихгүй бол амжилт олохгүй.Манай гэр бүлийн хүн өөрөө оюунлаг хүн учраас намайг ойлгож, дэмждэг юм.

Манай нөхөр Монгол Улсын мастер тогооч, Монголын тогооч нарын холбооны Дэд Ерөнхийлөгч Санчир гэж хүн бий.Бид хоёр хоол үйлдвэрлэлийн салбарт хамтарч ажиллаж байгаад гэр бүлийн амьдрал зохиосон.Нөхөр маань ч гэсэн өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийн хүрээнд тогооч нараа олон улсын хэмжээнд гаргах, сургаж боловсруулах гэх зэргээр улсдаа маш том хувь нэмэр оруулж яваа.Жишээлбэл, саяхан Тайланд улсад болсон олон улсын тэмцээнд зургаан тогоочтой очиж оролцоод бүгд амжилт гаргаад ирсэн.Гэр бүлийн хүн маань олон нийттэй харилцдаг, олны төлөө явдаг хүн учраас намайг маш сайн ойлгодог. Ерөнхийдөө, намайг ажил ихтэй үед хүүхдүүдээ цэцэрлэг сургуулиас нь аваад ар гэрийнхээ ажлыг зохицуулж тусалдаг учраас миний ингэж яваа нь дан ганц миний биш нөхрийн маань ч гэсэн зүтгэл гэж ойлгодог.

-Таныг өнгөрсөн онд Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанарын судалгаа хийсэн тухай хэвлэлээс уншиж байлаа.Судалгааныхаа талаар сонирхуулахгүй юу?

-Энэ ажлыг би санаачилсан боловч Монголын Нийгмийн Ардчилал Эмэгтэйчүүдийн Холбооноос  бүх талаар дэмжиж, хэрэгжүүлсэн юм. Эмэгтэйчүүдийн амьдралын чанарын судалгаанд 15000 эмэгтэй оролцсон.Судалгааны хувьд маш том түүвэртэй судалгаа.Нэг үгээр бол Монгол Улсын амьдралын чадварыг тодорхойлсон судалгаа гэж ойлгож болно.

Монголын хүн амын 52 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг тэдгээрээс 15000 төлөөлөл оролцсон гэдэг бол асар их тоо л доо.Харамсалтай нь, судалгаагаар маш хүнд, хүнд үзүүлэлт гарсан.Эмэгтэйчүүд өнөөдөр яаж амьдарч байна вэ гэдэг дээр 10 гэсэн үнэлгээнээс ердөө хоёр гэдэг үнэлгээ авлаа.Эргээд харахад, бид өнөөдөр зурагтаар гараад л гоё сайхан юм ярьж, худлаа зүйлээр ард түмнээ хуурч болно.Яг бодит байдал дээр амьдрал ямар байна вэ, хүмүүс яаж амьдарч байна вэ гэхээр Монгол Улсад амьдралын чанар маш хангалтгүй байгааг уг судалгаа харуулсан.

Нийгмийн бараг бүх ачааг үүрч яваа боловсрол, эрүүл мэндийн салбарынхны 60-70 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Манайд жендерийн харьцаа алдагдчихсан.Үүнийгээ дагаад эмэгтэйчүүд ар гэрээ үүрч, үр хүүхдээ өсгөж байгаа.Дээр нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жилийн жилд өссөөр байна.Нийгмийн бухимдал стрессийг дагаад гэр бүлийн хүчирхийлэл, архидалт их байна.Гудамжинд архи ууж байгаа хүмүүсийн дунд залуучууд тэр дундаа эмэгтэйчүүдийн эзлэх хувь бидний нүдэн дээр нэмэгдсээр л байна шүү дээ.

Улстөрчид олны өмнө гоё сайхан юм ярьж болно.Гэвч амьдрал дээр тийм биш.Хүн бүр өртэй, оюутан хүүхдийнхээ төлбөрийг ч төлж чадахгүй, айл бүр хүссэн хэмжээгээрээ гэдсээ цатгаж чадахгүй байна.Хүний амьдралын наад захын таван хэрэгцээ хангагдаж байж, хөгжлийн асуудал яригддаг.Тэгтэл, анхан шатны хоол хүнс, хувцас хунарын хэрэгцээгээ хангаж чадахгүй байж хөгжил яриад хэрэггүй.Ярьсан ч хэтэрхий алс байна.Тэгэхээр улс төрийн намууд бодлогодоо иргэдийнхээ амьдрах чадварыг хэрхэн сайжруулах вэ, хүнээ яаж хөгжүүлэх вэ гэдгийг оруулж өгөх хэрэгтэй.

Хүн нь хөгжсөн улс л хөгждөг.Хүнээ хөгжүүлээгүй байж уул уурхай, эдийн засаг яриад газар авахгүй, хөгжих ч үгүй.Тэр бол хөгжил биш.Тэгэхээр амьдралын чанарын судалгаанаас үнэхээр хүнд үр дүн гарсан.Монголын нийгмийн адчилал эмэгтэйчүүдийн холбооныхон судалгаатай танилцаж, нэг л чигийг барьж байгаа.Нийгмийн бодлогын асуудал. Монгол Улс эхлээд хүнийхээ хөгжлийг нэг тийш болгочихоод , дараа нь гучин жилийн хөгжлийн асуудлаа тавихгүй бол ард түмний амьдрал ийм хэцүү байхад хөгжлийн тухай яриа наалдацгүй. Түүний оронд эмэгтэйчүүд, өрх толгойлсон эхчүүдийн амьдралыг хэрхэн өөд нь татах вэ, энэ олон ажилгүй хүнийг яаж ажлын байртай болгох вэ, архинд живчихээд байгаа хүмүүсийг яаж эрүүлжүүлэх вэ, сургууль завсардсан хүүхдүүдийг яаж сургах юм, яаж гэрээрээ хүмүүжиж байгаа хүүхдүүдийг цэцэрлэгт оруулах вэ, хүүхдээ хараад гэртээ суудаг, хөдөлмөр нь үнэлэгддэггүй эмэгтэйчүүдийг хэрхэн үнэлэх юм гэх зэрэг бодит амьдралыг л ярих хэрэгтэй. Монгол Улс энэ бүгдийг цэгцэлж байж л том хөгжлийн асуудалдаа орж болно.

-Дэлхий нийтэд эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна.  Үүний гол халхавч нь ардчилал-

Таны тухай нэгэн сэтгүүлч, “Чаддаг нь хийх цаг” гэсэн гарчигтай хөрөг, ярилцлага хэвлэлд нийтлүүлсэн байсныг олж уншсан?

-Хувийн болон улс төрийн аль салбарт  анхан шатнаас эхэлсэн  болохоор нийгэмд танигдаагүй нь үнэн д дээ.Харин одоо танигдахаас өөр аргагүй тийм цаг дээр ирлээ.Тэр сэтгүүлч бид хоёрын яриа Оюунбилэг гэж хэн бэ, яаж намын удирдах зөвлөлд орж ажиллав, Монголын нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбоотой хэрхэн холбогдов гээд бүх зүйлийг ний нуугүй ярилцсан.Ерөнхийдөө миний амьдралын түүхийг  сонсоод маш сайхан тодорхойлсон байна билээ. Тэр сэтгүүлч эхлээд улс төрд мөнгөтэй хүн л ордог гэтэл таны мөнгийг хайгаад олсонгүй, улс төрд лифтээр орж ирдэг хүмүүсээс та тэс ондоо юм.Яг хэн юм бэ л гэж асуусан.Тэгээд би үзэж туулсан амьдрал, сурсан мэдсэн бүхнээ ярьж өгсний дараа шинэ үеийн өнгө төрх тодорхойлогдож байгаа юм байна, ардын хүүхэд түрүүлж болохгүй наадам гэдэг шиг ардын хүүхэд яагаад төрд гарч болдоггүй юм, одоо бол чаддаг нь хийдэг цаг болжээ гэдэг дүгнэлтхийсэн байна билээ.

Энэ мэтээр ярилцаж суухад С.Оюунбилэг гэдэг хүн зорилгынхоо төлөө тууштай явдаг “Чанга” эмэгтэй  юм гэсэн бодол төрж байна. Та өөрийгөө хувь хүнийхээ үүднээс юу гэж тодорхойлох вэ?

-Би үзэл бодлоо хэнээс ч айлгүй хэлдэг шударга, зарчимч  гэж өөрийгөө дүгнэнэ. Үзэл бодлоо хэлж байна гээд шүүмжлээд суух  биш үнэн бодит байдлыг  хэлдэг байх ёстой. Гуравдугаарт, хүмүүс намайг хариуцлагатай гэдэг.Би хэний ч өгсөн ямар ч даалгаврыг цаг хугацаанд нь, хүссэн түвшинд нь хүргэж хийдэг.Тэгэхээр миний амжилтын суурь бол өвөө, эмээгийн минь суулгаж өгсөн хүмүүжил. Цагийн юмыг цагт нь хариуцлагатай хийж, хүний итгэлийг алдахгүй байх зарчмыгби байнга баримталдаг. Товчхондоо бол зорилгынхоо төлөө зүтгэдэг хүн.

-Та бол Хан-Уул дүүрэгт шинэ хүн биш. Энэ утгаараа буюу тус дүүргийн хүн ард, амьдрал ахуйг нь сайн мэддэг гэсэн үүднээсээ 57 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа гэж ойлгож болох уу?

-МАН-аас “Хүсэмжит улстөрчийн судалгаа” хийсэн.МАН бол улс төрийн институтчлэлээрээ бусдаасаа түрүүлж яваа нам гэж улстөр судалж байгаа хүний хувиар хэлэх байна.Гажиг орохын хувьд бол орсон. Гэхдээ эвдрээгүй байгаа.

Хүсэмжит улстөрчийн судалгааг авсан шалтгаан нь улстөрийн нам ард иргэдийнхээ санаа бодлыг маш сайн сонсдог байх ёстой гэдэгтэй холбоотой.Судалгааны дүнд олон жил төрд суусан ч ажил хийгээгүй хүмүүсийг сонгомооргүй байна гэдэг хариу гарсан.Хоёрдугаарт, энэ хямралтай цаг үед санхүү, эдийн засгийн мэргэжилтэй хүнийг сонгохыг ард түмэн илүүд үзэж буй нь харагдсан.Гуравдугаарт, 35-40 насны эрч хүчтэй, залуу хүнийг төрд оруулахыг ард түмэн илүүд үзэж байна гэдгээ илэрхийлсэн байсан.Дөрөвдүгээрт, туршлагатай, ард түмнээ сонсдог хүн байх, бас эмэгтэй хүнийг сонгоно гэх зэрэг үзүүлэлт гарсан.Намаас намайг найман жилийн туршлагатай, санхүүгийн мэргэжилтэй, нас нь ч таарч, олон нийтийн үзэл, хүлээлтэд нийцэж байгаа учир өрсөлдөхийг даалгаж, судалгааны хариу үнэн бол илүү их дэмжлэг авна гэдэг утгаараа Хан-Уул руу илгээсэн.

-Таны ажлын ширээн дээр зохиолч Ж.Пүрэв гуайн ”Зүрхний хилэн” роман байна.  Та ер нь аль чиглэлийн номыг түлхүү сонирхож уншдаг вэ?

-Би сүүлийн гурван жилийн турш тусгаар тогтнол гэж юу байдгийг маш их сонирхон судалсан. Тусгаар тогтнол яагаад үнэ цэнэтэй байдаг вэ гэдэг сэдвээр аюулгүй байдлын судалгаагаар дагнаж, хоёр жил ажиллалаа.Тусгаар тогтнол, аюулгүй байдал гэдэг сэдвийг тууштай судлахад хүссэн хүсээгүй геополитикийн асуудал орж ирдэг учраас “Дэлхийн шинэ журам”, “300-ын хороо” гэх зэрэг геополитикийн номыг гол төлөв уншиж судалж, дэлхий нийт энэ тал дээр ямар бодлоготой байна вэ, долоон тэрбум хүн дотор монголчууд хэн бэ, манай улс тусгаар тогтнолоо хэрхэн хадгалах вэ гэдгийг судалдаг. Энэ салбарыг судалдаг хүмүүстэй хамтран Монгол Улсын түүхэн тусгаар тогтнол, гадаадаас ямар нөлөөлөл орж ирж, бид яах ёстой вэ гэдгийг судалж байна.

Энэ талаар ч лекц уншсан удаатай.Миний лекцийг тусгаар тогтнол ба аюулгүй байдал гэдэг нэрээр мэддэг юм.Би Монголын алдартай романуудын нэг “Зүрхний хилэн”-гээс үгийн үнэ цэнэ, агууламжийг нь олж харахыг маш их хичээдэг.

Миний хүндэлж, унших дуртай хүн бол Лодонгийн Түдэв гуай.Тэр хүн бол Монголын энэ цаг үеийн эгэлгүй хүмүүсийн нэг.Бид хоёр хамгийн сүүлд Б.Явуухулангийн цэцэрлэгт тусгаар тогтнолын тухай бүтэн хоёр цаг гаруй ярьж суулаа. Тэрбээр хувь нэмрээ оруулж, бүтээн босгосон Монгол улс нүдэн дээр нь нурж байгаад сэтгэл нь их эмзэглэдэг хүн юм билээ. Улс орныхоо залгамж халаа болж, тусгаар тогтнолынхоо төлөө дуу хоолойгоо хүргэж яваарай гээд надад  хамгийн сүүлд гаргасан хоёр боть номоо бэлэглэсэн. Ер нь бол, би агуу хүмүүсийн  тухайном унших дуртай.

Нөгөөтэйгүүр бид нийгмийн сэтгэхүйг хайрлах учиртай. Дөрөвхөн жилийн хугацаатай эрх мэдлийн төлөө ард түмний сэтгэл зүйг алж байна шүү дээ. Миний яриад байдаг тусгаар тогтнолын таван том зүйлийн нэг нь оюун санааны тусгаар тогтнол юм шүү дээ.Тусгаар тогтнолын тухай асуудал орчин үед өөр болсон.Геополитикийн бодлогын тухай ярих хэрэгтэй. Өнөө үед  чимээгүй дайтаж, дотроос нь идэж, эзлэн түрэмгийлэх бодлогыг дэлхий нийт явуулж байна. Үүний гол халхавч нь ардчилал юм шүү дээ.Ардчиллын замаар явсан 40 гаруй улс дахин сэргээгдэхэд тун хэцүү,   хүнд байдалд орсон.Түүх ч батлаад өгсөн юм.  Энэ тухай мэдээллийг хэн ч олж унших, мэдэх боломж нээлттэй  болохоор би ярихдаа эмзэглэдэггүй.

Дахиад хэлэхэд, бид нийгмийн сэтгэл зүйг маш сайн хайрлах ёстой. Жишээлбэл, Монгол Улс гэдэг энэ нэрний Монгол гэдэг үгийг аваад хаячихвал бидэнд нэгдэх үнэт зүйл байна уу?Үзэл баримтлал гэдэг чинь энэ шүү дээ.Монголчууд нэгдсэн үзэл баримтлалтай байх ёстой.Нэг үндэстний цул улсыг нам гэдэг зохион байгуулалтаар задлах нь хамгийн хортой.Үр дүнд нь бид эргээд ард түмнийхээ сэтгэл зүйг барьж дийлэхгүй.Нам биднийг яг юугаар хуваагаад байна вэ?

Ардчилсан нам, Ардын намын хоёр хүн яг юугаараа өрсөлдөөд байгаа юм бэ?Баруун төвийн эсвэл зүүн төвийн үзэл баримтлал гэж юу юм гэдгийг ч мэдэхгүй хэрнээ намаараа ингэж хуваагдаж, мөрийн хөтөлбөртөө үзэл баримтлалаа шингээж өрсөлдөж буй зүйл байхгүй.Зөвхөн ард түмнийг хуваачихсан.Ард түмний оюун санааны тусгаар тогтнолыг алдагдуулах замаар түүхийг нь мартагнуулж, нэгдмэл үнэт зүйлийг нь үгүй хийж улс орныг эзлэн түрэмгийлдэг далд технологи гэдгийг ард түмэн маань маш сайн ойлгох хэрэгтэй.Би үүнийг ард түмэндээ ойлгуулахын төлөө маш их ярьдаг.Миний лекцинд суусан хүмүүс мэдэж байгаа байх.

Тусгаар тогтнол гэдэг бол нийгэмд ил гаргаад байдаггүй нандин сэдэв.Тусгай судалаач нар судалж, хамгаалж явах ёстой.

Ярилцсан Р.Улам-Оргих


С.Оюунбилэг: Хан-Уулыг би хувьдаа Монгол Улсын амьдралын чанарыг тодорхойлдог дүүрэг гэж ойлгодог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.