Манжийн төрийг залуурдаж явсан монгол гүнжийн түүх

4526

1625 онд Манж Чин улсын хааны угсаа залгамжлах хунтайж Тай Цун 15-хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Тэр охин бол Монголын Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны Хиад Боржигин овогт бэйл Зайсангийн охин Амирлангуй байлаа. Түүнийг Монголын түүхэнд “Сэцэн Амирлангуй” хэмээн тэмдэглэсэн байдаг бол Хятадын түүхэнд Хуванхэу буюу Хаш хатан гэж тэмдэглэжээ.

Амирлангуй гүнж Манж Чингийн анхны их хаан Нурхайч баатрын удам, хаан ширээг залгамжлах ханхүү Тай Цуны ес дэх татвар эм болж очиход хааны ордоны ихэс дээдсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ хуучин хатад, татвар эмс үл тоон дорд үзэж байжээ. Хүүхэд зангаа огтхон ч гээгээгүй хөгжилтэй сэргэлэн Амирлангуй энэ бүхнийг огтхон ч тоодоггүй байсан агаад өөрийн шивэгчидтэй яг л найз нөхөд мэт дотно харьцан тэр даруй өөрийн гэсэн хүрээллийг бий болгосон байна.

Эдгээр шивэгчингүүд түүний төлөө насан туршдаа үнэнч зүтгэсэн гэдэг. Энэхүү гүнжийн тухай манай түүхч нарын судлан гаргаж ирсэн материалууд өөр хоорондоо нэлээд зөрүүтэй байдаг. Амирлангуй гүнжийг хааны ордонд ирсэний дараахан Ар халхын ноён Чибхэмэн угсаа залгамжлах ханхүү Тай Цунд нэгэн догшин морь бэлэглэжээ. Тэрхүү морийг хааны ямар ч мундаг адуучин номхруулж чадахгүй байсан юмсанж.

4527

Гэтэл Амирлангуй гүнж тэр морийг хэдхэн хоногийн дотор хонины морь шиг л номхруулж чадсан төдийгүй морин дэл дээр өсч торнисон монгол хүн гэдгээ харуулах мэт хаа сайгүй давхиж явах болсон тул түүгээр бахархсан ханхүү Тай Цун өнөөх морийг гүнжид бэлэглэхийн зэрэгцээ их хэмжээний торго дурдан, үнэт эдлэлээр шагнасан байна. Гэтэл Амирлангуй гүнж энэ бэлгийг бусад хатад, татвар эмсийн адил зөвхөн өөртөө авсангүй. Тэрбээр хааны ордны ихэс дээдэст мөн тайгануудад бүр зарц шивэгчингүүдэд хүртэл энэ бэлгийг хишиг болгон хувааж өгчээ.

Энэ нь түүний нэр хүндийг улам өргөж тойрон хүрээлэх хүмүүсийнх нь тоог улам олон болгожээ. Маргааш зуун уут дүүрэнг эзэмшихийн тулд өнөөдөр арван уут дүүрэнг ашигтайгаар зарлагадаж бай гэсэн үзэл баримтлалыг хатуу дагадаг байсан “Дээд эрдэмт” хэмээх ханхүү Тай Цунд Амирлангуй гүнжийн энэ мэт байдал ихэд таалагддаг байсан болохоор тэр 1626 онд хаан сууринд суумагцаа “Баруун ордны их хатан” гэсэн өндөр хэргэмийг албан ёсоор хүртээсэн байна.

Тал нутгийн охин Амирлангуй хааны ордонд ирсэнээсээ хойш ердөө ганцхан жилийн дотор ордны их хатнаар өргөмжлөгдсөн нь энэ. Тэрбээр хорин нас хүрэхээсээ өмнө гурван удаа төрсөн бөгөөд энэ гурван хүүхэд нь гурвуулаа охин байв. Гэтэл бусад хатад, татваруудаас хүү төрсөөр, хааны нуган үрийн тоо өссөөр найм хүрсэн байжээ. Тиймээс Амирлангуй гүнж ганц л зүйлийг хүсэх болсон гэдэг. Тэрбээр хүү төрүүлэх юмсан гэж өдөр шөнөгүй мөрөөддөг байсан бөгөөд нэгэн өдөр бие давхар болсоноо мэдэж “Хүү байгаасай” хэмээн залбирч эхэлсэн байна.

Гэхдээ тэр зүгээр ч нэг залбираад суусангүй. Хүү төрдөг л юм бол хүүгээ хаан ширээ залгамжлагч болгоно гэж бодож, үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх вэ хэмээн арга ухаан сийлж эхэлсэн гэдэг. Учир нь тэрбээр хүү төрүүллээ ч өмнө төрсөн наймын найман ханхүүг хааш нь хийх билээ. Хаан суудал алсын од мэт холын холд байх шиг санагдаж байсан боловч тэр “Чингисийн удмын хүү Манж Чингийн хаан болох ёстой” хэмээн бодож дэндүү эрсдэлтэй алхам хийхээр зориг шулуудсан байна.

Тэрбээр юун түрүүнд есөн эрдэнэ дүүрэн шигтгэсэн өөр ямар ч хатанд байхгүй гоёмсог даашинз хийлгэж эхэлжээ. Энэ даашинзыг түүнд үнэнчээр зүтгэхээр эргэлт буцалтгүй шийдсэн ордны уран дархчууд маш нууц байдалд хамаг л ур чадвараа шавхан бүтээсэн бөгөөд үгээр дүрслэн хэлэхийн аргагүй тэр гоёмсог даашинзыг өмсөхөд Амирлангуй гүнжийн биеэс мянга мянган гэрэл цацарч байх шиг л сүр жавхлантай ганган тансаг харагдаж байсан гэдэг. Есөн эрдэнийн өнгөөр туяаран солонгорох болсон Амирлангуй хэд хоногийн дараа үнэнч шивэгчингүүдээ ашиглан “Амирлангуй хатан есөн эрдэнийн өнгөөр туяарч эхэлсэн нь түүнээс алтан Луу Жинлэн төрөхийн тэмдэг” гэсэн цуу яриаг тараажээ.

Энэхүү гайхалтай цуу ярианд хаан эзэн Тай Цун хүртэл итгэж ихэд баяртай байх болжээ. Харин хааны бусад хатад, татвар эмс энэ цуу ярианд эгдүүцэн Амирлангуйг урьд урьдынхаас илүү үзэн ядаж, дайсагнаж эхэлсэн ч хааны зүгээс бас ард олны зүгээс хайр хүндэтгэл, итгэл найдвар хүлээн авсан Амирлангуй гүнж үүнийг огтхон ч тоосонгүй. Тэрбээр тун удалгүй ахин нэг эрсдэлтэй зүйл хийсэн нь “Одоо төрөх ханхүү бол ирээдүйд дэлхийг захирах ёстой Богд хөвгүүн юм шүү гэж тэнгэрийн хүн зүүдэнд ирж хэлэв” гэсэн цуу үгийг тараасан явдал байлаа.

Хаан зүүдний тухай яриа тараасан эзнийг олохоор хөвөрдөн хөөсөөр Амирлангуй гүнжийн шадар шивэгчингүүд дээр тулж нэг бүрчлэн байцаасан агаад тэд энэ үед гүнжийн заасан ёсоор нэг зүйлийг тоть мэт давтан хэлсэн нь “Би тийм зүүд үзсэн” гэх үг байсан гэдэг. Нэг ёсондоо хатны бүх шивэгчин хатантайгаа ижилхэн Богд хөвгүүн төрөх тухай зүүдэлсэн болж таарсан байна. Энэхүү явдлын дараа Амирлангуй хатнаас төрөх хөвгүүн тэнгэрийн хүү гэсэн яриа маш хүчтэй тархаж хаан эзэн ч хүү төрөх өдрийг тэсэн ядан хүлээж эхэлжээ.

Төрөх өдөр ойртох тусам Амирлангуй гүнжийн дотор “Хүү төрөхгүй бол яана. Охин төрвөл яах билээ” гэсэн айдас хуралдаж байсан ч тэр огтхон ч барьц алдахгүй байсаар хоног хугацаагаа гүйцээж нэгэн шөнө дуншиж эхэлжээ. Тэнгэрийн хүүг тосч авах гэсэн хаан эзэн ч хатнаа төрөхийг хүлээн холхиж байсан бөгөөд үүр цайх үед Амирлангуй гүнж амаржиж хүсэн хүлээсэн хүүгээ тэврэн авсан гэдэг.

Хаан эзэн Тай Цун ч учиргүй баярлан “Хааны ес дэх хүү. Энэ бол гайхалтай сайхан баяр” гэсээр Фу Лин буюу Буян ирэгч хэмээх билэгтэй сайхан нэрийг өгсөн гэдэг. Дуулиантай төрсөн энэ ханхүүгээ хаан тэр дор нь хаан ширээг залгамжлагчаар өргөмжилжээ. Тай Цун хаан 1643 онд тэнгэрт хальсан бөгөөд хаан нас барсан өдрөөс эхлэн Амирлангуй хатны зургаахан настай хүү Фу Лин Манж Чин улсын хаан ширээнд сууж “Эеэр засагч” хааны эрин эхэлсэн билээ.

Зургаахан настай Фу Линийг хаан ширээнд суулгахгүйн төлөө ил далд өрсөлдөөн өрнөж, аль хэдийнэ нас биед хүрсэн хан хөвгүүд тэдний эхчүүд янз бүрийн хорт явуулга хийж байсан ч энэ болгоны эсрэг арга ухаан төгс Амирлангуй хатан хориг хаалт тавьж, өөрт үнэнч хүмүүсийн хүчээр хүүгийнхээ эсрэг чиглэсэн бүхий л муу муухайг сарниулан бут цохиж байсан гэдэг.

Амирлангуй хатанд ордоны ихэс дээдэс байтугай ард олон хүртэл хүндэтгэлтэй ханддаг байсан болохоор ханхүүг эсэргүүцсэн элдэв хорт явуулга ч аяндаа сарнин алга болж монгол хатан зургаан настай хүүгээрээ дамжуулан Манж Чин улсын төрийн алтан жолоог барьж эхэлсэн яруу сайхан түүх бий билээ.

Эх сурвалж:Etoim.mn     http://etoim.mn/p/1331


Манжийн төрийг залуурдаж явсан монгол гүнжийн түүх
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.