Та доорх мэдээллээс өөрийн арьс арчилгаанд зайлшгүй байх ёстой 5 бүтээгдэхүүнийг хэрэглэх дэс дарааллын дагуу мэдэж аваарай.
1. Тоник
Тоник арьсны PH баланс буюу хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг тогтворжуулдаг. Энэ нь таны арьс тухайн ерөнхийдөө ямархуу бүтэцтэй байх вэ? гэдэг асуултын хариу юм. Тоник хэрэглэхгүйгээр нүүрээ цэвэрлэсний дараа ямар ч сайн тос, сериум түрхсэн ч арьсанд наалдахгүй, замхардаг. Өөрийн арьсанд тохирсон тоникийг олно гэдэг яг ямар өнгийн суурь будаг хэрэглэх вэ?гэдэгтэй дүйцэхүйц чухал асуудал гэдгийг анхаараарай. Ажиглаад байхад монгол бүсгүйчүүд тоник худалдан авахдаа нэг их бодож үзэлгүйгээр сонгодог. Тоник, серум 2 бол таны гоо сайхандаа хөрөнгө оруулалт хийх гол бүтээгдэхүүн юм шүү.
2. Зовхины тос
Зовхины тосыг бид ихэвчлэн 35-с дээш насныханд зориулагдсан бүтээгдэхүүн гэж ойлгодог ч шилжилтийн нас нь дууссан хэн бүхэнд зайлшгүй шаардлагтай байдаг. Учир нь бидний бие насанд хүрмэгц зовхины нимгэн арьс өөрөө тос ялгаруулахаа зогсоодог байна. Ялангуяа манайх шиг эрс тэс, хуурай цаг ууртай оронд зовхио аль болох эртхэн чийгшүүлж дадах хэрэгтэй. Зовхины тос түрхэхдээ яг нүдний доор бус нүдний чамархай хэсгээр түрхэх хэрэгтэй. Учир нь энэ орчмын арьс хамгийн их бүтээгдэхүүнийг шингээж дээшээ шилжүүлдэг.
3. Сериум
Сериум нь бүтээгдэхүүний нягтаршил хэд дахин өндөртэй, арьсны тодорхой нэг асуудалтай тэмцэхэд зориулагдсан тос юм. Өнөөдрийн арьс арчилгааны хөгжлийг сериумгүйгээр төсөөлшгүй. 1960-аад оны үед зөвхөн супер одууд, ерөнхийлөгчийн эхнэрүүд, хатан хаан гүнжүүд зэрэг VIP бүсгүйчүүд л хэрэглэх боломжтой байсан энэ бүтээгдэхүүнийг 1990-ээд оноос дэлхий нийтийн зах зээлд нийлүүлж хэдэн тэрбум долларын бие даасан үйлдвэрлэлийг бий болгосон гайхамшигтай түүхтэй. Сайн чанарын сериумын найрлаганд “цавуу” болон “өтгөрүүлэгч” найрлага огт байдаггүй ба дан идэвхтэй, арьсанд яг хэрэгтэй бодисууд л байдаг. Тийм учраас сериумууд энгийн тосноос хэд дахин жижиг хэмжээтэй ба үнэтэй байдаг байна.
4. Чийгшүүлэгч тос
Дээр дурьдагдсан бүх бүтээгдэхүүнийг арьсанд “түгжих” үүргийг гүйцэтгэнэ. Тоник, сериумуудын найрлагад цавуулаг эд байдаггүй учир маш амархан ууршиж алга болдог. Тиймээс энэ бүхнийг арьсандаа шингээж авч үлдэхийн тулд танд чийгшүүлэгч тос зайлшгүй шаардлагатай.
5. Нарны тос
Нар UVA болон UVB гэсэн 2 төрлийн цацраг ялгаруулдаг. Эдгээр цацраг идэвхитэй туяа нь арьсыг хөгшрүүлж, гэмтээн арьсны хавдар үүсэх эхлэлийг тавьдаг байна. Хөдөөний нар салхинд байнга ил байдаг хүмүүс наснаасаа маш хөгшин харагддаг шүү дээ. Мөн үрчлээсүүдийн 90% нь нарны гэмтлээс үүсдэг. Тиймээс эрт хөгширье гэж бодохгүйл байгаа бол улирал харгалзахгүйгээр өдөр бүр нарны тос түрхэх хэрэгтэй шүү.